Сүхбаатар аймгийн 15 сумыг үлийн цагаан оготно эзэлжээ

 Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн газрын дарга нарынхаа хамтаар өнөөдөр  аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Энэ хурлаар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотойгоор үүрэг даалгавар өглөө.

Өнөө жил нийт нутгийн 60 гаруй хувь гантай байна. Хөвсгөл, Төв аймаг зэрэг хэд, хэдэн аймагт хадлан тэжээл бэлтгэх боломжгүй байгаа аж.

Зуншлага арай гайгүй гэж үзсэн зарим нэг аймагт царцаа, үлийн оготно хоёр нь бэлчээр сүйтгэх болжээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн хэмжээнд 15 сумыг нь оготно эзэлжээ. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус аймгийн 40 мянган га талбайн үлийн цагаан оготно устгах зардлыг шийдэж өгсөн. Оготно устгах ажлыг эрчимтэй хийхгүй бол төмс, хүнсний ногооны ургалтад ч нөлөө үзүүлж байгаа аж.

Хөвсгөл аймагт 5 сая толгой мал өвөлжинө

Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ жил нийт нутгаар гантай, гандуу. Зуншлага тааруугаас мал тарга тэвээрэг авч чадаагүй, сүү сааль ч гараагүй байгаа гэнэ.Одоо бороо хур орлоо ч тачир ургасан бэлчээрийг л бага зэрэг тордоно, өвс, тэжээл бэлтгэх боломж бүрдүүлэхгүй. Тиймээс хадлангаа хаанаас бэлтгэх вэ гэдэг нь хамгийн их санаа зовоосон асуудал болж байгаа  аж. Хөвсгөл аймаг нь малын тоо, толгойгоороо улсдаа тэргүүлдэг байна. Энэ өвөл 5 сая толгой мал өвөлжинө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүнээс 1 сая толгой мал нь отор нүүдэл хийхээс аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа аж.Ургацын хувьд 1572 га газарт үр тариа тариалсан. Үүнээс 170 га нь усалгаатай газар тариалан аж. Усалгаатай тариаланд асуудал үүсээгүй. Харин бусад тариалалт хүндрэлтэй байгаа. Урьдчилсан байдлаар 40 хувь ургац алдах тооцоо гарчээ.

Булган аймагт 330 мянган толгой мал отор гарчээ

Зуншлага сайтай байдаг Булган аймгийг энэ жил мөн л ган нөмөрчээ. Нийт нутгийнх нь 10 хувь л зуншлага гайгүй юм байна. Үүнээс болж, 330 мянган толгой мал оторт явж  байгаа аж. Зуншлага тааруугаас хадлан бэлтгэх боломжгүй байгаа. Энэ нь өвлийн бэлтгэл хангахад хүндрэл учруулж байна гэдгийг холбогдох албаныхан хэллээ. Харин Хэнтий аймгийн хувьд мөн л зуншлага тааруу. Нийт 4.8 сая толгой мал өвөлжих ч хадлан тэжээл бэлтгэх боломжгүй байгаа аж .Иймээс өөр аймгийн нутгаас хадлан, тэжээл бэлтгэх боломжоор хангаж өгөхийг хурлын  үеэр салбарын сайдаасаа хүслээ. Аймгийн хэмжээнд энэ хавар 28400 га-д тариалалт хийсэн ч хэт халалтын улмаас ургац алдахаар байгаа юм байна.

Цахим хурлыг техникийн саатал гарсан Баянхонгор аймгаас бусад аймагтай бүгдтэй нь хийлээ. Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай гэсэн гуравхан аймаг эрүүл бүс тул өөр газраас ирж байгаа малд анхаарах хэрэгтэй гэв. Мал, мах экспортлох ажлыг зөв зохион байгуулах зэрэг хэд, хэдэн чиглэлээр даалгавар өгсөн юм.

Санал болгох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн боллоо

Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн …