Жархан тэрбумаас болж улс төрийн ууган хүчин голомтоо самрах гэж үү

Жаран тэрбум маньд их мөнгө л дөө. Насаараа хөдөлмөрлөөд ч энэ мөнгөнийг олно гэж байхгүй. Харин нам, улс төрийн эрх мэдэлтнүүдэд жаран тэрбум бол юу ч биш.  Зүгээр л төрийн албан тушаалыг наймаалцаж байгаад л ганцхан жилийн дотор босгож болох тийм л мөнгө юм.

Өнөөдөр МАН-ын нэр бүхий хүмүүс энэ тухай ярьж байгаад баригдчихаад байгаа болохоос бүхий л нам, эвслүүд ийм л тохиролцоо хийдэг. Үүнийг нь бид эртнээс бялуу хуваах гэж ярьж бичсээр ирсэн шүү дээ. Ямарваа нэг албан тушаалд очсон нөхөр томилгоо хийнэ. Ингэхдээ ашиг орлого арвинтай албан тушаалыг ахиухан мөнгөөр худалдчихдаг тогтолцоо одоо ч мөрдөгдсөөр л байгаа. Гэхдээ л Ц.Сандуй нар шиг болгоомж алдаагүй биз.

Харин тэдний болгоомж алдсан энэ үйлдлээс болоод олон жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин маань тарж бутрах хэмжээнд бараг хүрчихээд байна гэж үү. Арай тийм зүйл байхгүй байлгүй дээ.

Одоо бол үндсэндээ 60 тэрбумынхан, түүнийг эсэргүүцэгчид гэсэн хоёр бүлэгт МАН-ынхан хуваагдаад байна. Мэдээж эсэргүүцэх нь зөв. Тэгэж байж л МАН-ын нэр цэвэрлэгдэнэ. Гэхдээ 60 тэрбумынхан албан тушаал наймаалцаж, өөрсөддөө ашиг олох гээгүй гэдгийг МАН-ынхан, АН-ынхан бусад намууд, улс төрийн хүчнүүд ойлгож л байгаа.

Нам бол эрх ашгийн байгууллага. Тиймээс аливаа асуудлыг хөрөнгө мөнгөөр шийдвэрлэх нь зүй ёсных. Эрүүл мэндийн сайд хүртэл намдаа санхүүжилт олох гэж яваад АТГ-ынханд баригдаж дуулиан тариагүй юу. Эд хоорондоо агуулга нэг асуудал юм.

Гэхдээ ялагдсан дээрээ шинэчлэгдээд авья гэж МАН-ын залуус хүсч байгаа бол үүнийг намын удирдлагууд нь дэмжих л хэрэгтэй. Тэгэж байж л сонгогчдын итгэлийг олж, дараа дараагийн үйл ажиллагаандаа шилжинэ үү гэхээс, иргэдийн дургүйг хүргэсэн хүмүүс суудлаасаа зулгаагаад байвал ууган хүчний төгсгөл ирж, залуус нь бусад нам руу нүүхээс аргагүйд хүрнэ биз дээ.

Тэгэхээр жархан тэрбумаас болж намынхаа голомтыг самрахгүй байлгүй гэж найдаж байна.

А.Аюуш

Санал болгох мэдээ

Улс төрийн халуун сэдэв Ц.Элбэгдоржийн “угсарсан” системийн авлига: С.Зоригийн хэрэг, Ч.Сайханбилэг, С.Баярцогтын балаг

-Систем гэж юу вэ? -“Өөр хоорондоо харилцан холбоотой хэсгүүдийн олонлог” Монголжуу ухаанаар бол, машин хөдөлж …