Ургац хураалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг өгчээ

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хэд хэдэн чиглэлээр үүрэг өгчээ. Тухайлбал, тэрбээр мэргэжлийн багт бэлчээрийн төлөв байдлын судалгааг хийж эргэж танилцуулах, эрүүл бүсээс мал мах бэлтгэж, экспортлох ажлыг дэмжиж ажиллах чиглэлийг Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт үүрэг болгожээ.

Мөн тариалангийн бүс нутагт Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, холбогдох хүрээлэнгийн ажилтнуудыг гангийн нөлөөллийг тогтоож зураглал гаргах, ургацын төлөв байдал, ургац хураалтын бэлтгэл ажлын явцтай танилцаж эрчимжүүлэх, дүгнэлт гаргах, тариаланчдад зөвлөгөө өгөх, тариа хураалтын технологийг тодорхой болгох үүрэг өгсөн байна.  Үүрэг чиглэлийн дагуу  Сэлэнгэ, Төв, Булган, Орхон, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн тариалангийн бүст нутагт дөрвөн ажлын хэсэг ажиллах аж.

ХХААХҮЯ-аас  2017 оны хаврын тариалалтыг тавдугаар сарын 03-аас эхлүүлж, нийтдээ 517,4 мянган га-д тариалалт хийгээд байгаа. Үүнээс үр тариа 391,6 мянган га-д, улаан буудай 366,9 мянган га-д, төмс 14,6 мянган га-д, хүнсний ногоо 7,2 мянган га-д, тосны ургамал 75,9 мянган га-д, тэжээлийн ургамал 25,7 мянган га-д, эмийн ургамал 1,9 мянган га-д, жимс жимсгэнэ 287,1 га-д тус тус тариалжээ.

Тариаланчдад  учрах санхүүгийн  дарамтыг багасгах, тариалалтын технологийг хугацаанд нь чанартай зохион байгуулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан дутагдах үрийн буудайг 40 хувь,  шатахууныг 50 хувь, бордоо ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар тус тус 1300 гаруй аж ахуй нэгж иргэнд зээл олгосон байна. Нийт 16.2 тэрбум төгрөгийн үр, шатахуун, ургамал хамгааллын бодис бордоог гэрээ хийж тариаланчдад олгожээ.

Эх сурвалж: ХХААХҮЯам

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …