60 тэрбумынхан шахаанд орлоо

60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцах тухай МАН-ын нэр бүхий хүмүүсийн асуудал нэгэнтээ хурцдаад эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг шалгаж, холбогдсон хүмүүст нь бараг л “ял тулга” гэх үүргийг хуулийнханд өгчихлөө. Үүний хажуугаар Доржзодов гэх залуу прокурорын байгууллагад хандсан бөгөөд түүний хүсэлтээр 60 тэрбумын асуудалд мөн л хэрэг үүсгэн шалгахаар болсон тухай өмгөөлөгч нь мэдэгдэв.

Өөрөөр хэлбэл хуулийнхан ямар ч аргаар хамаагүй 60 тэрбумтай холбоотой асуудлыг шалгаж, зарим нөхдүүдэд хариуцлага тооцох ажилдаа орлоо гэж ойлгогдож байна.

Уг нь асуудлыг ингэж хурцатгах хэрэг МАН-ынханд байхгүй л байсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Сандуй нар гарч ирээд л иргэний зориг гаргачихсан бол одоо ингэж үйл тамаа үзэхгүй л байх байлаа. Заавал асуудлыг хурцдуулж, хэн нэгэн нь гартаа гав зүүж, эсвэл оймсоо гозолзуулж байж хэргийг хаах гээд байх шиг байна.

МАН дотроо хагаралдаад эхэлчихсэн. Зарим нь түйвээнийг ашиглаад албан тушаал хүртчих санаатай ч байх шиг. Энэ бол дотоод асуудал. Харин гадаад асуудал бол МАН гэх нэр хүнд юм.

Тэд 2020 оны сонгуульд оролцож, өмнөх амжилтаа давтах уу, эсвэл дахиад л сөрөг хүчин болох уу гэдгээ яг одоо л шийдэх хэрэгтэй. Гав зүүгээд, оймсоо гозоолгоод явсан намтай иргэд өөрөөр л ярих болно. Харин зоригтой шийдэлд хүрч, намынхаа нэр төрийн өмнөөс хариуцлага хүлээвэл ирэх сонгуульд цэвэр нам оролцож, дахин үнэмлэхүй ялалт байгуулахыг үгүйсгэх аргагүй.

Тэгэхээр 60 тэрбумаар улс төрийн албан тушаал наймаалцах тухай ярилцсан хүмүүс хуулийнхан хөдөлж эхлэхээс өмнө гарч ирээд л хариуцлага хүлээж, огцорчихмоор байна. Нэр төрд нь ч халгүй амар биз дээ. “Ялтан” болчихвол Н.Энхбаяр шиг улс төрийн албанд орж чадахгүй гадуур тойрч гүйсээр байгаад л таарна шүү дээ.

Амар  

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …