Г.Чулуунбаатар:Судлаачид бол монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг түгээж, дэлхий ертөнцтэй холбох чухал гүүр болдог

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ нарын холбогдох албаны хүмүүс оролцов.

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй  холбох чухал гүүр болдог. Дэлхий дахинаа  монгол судлалыг хөгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь бодит үр дүнгээ өгч байна” хэмээн онцлов.

Зуны сургуулийн зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах явдал юм. Энэ нь монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүнтэй гэж үзэж байгаагаа БСШУС-ын сайд нээлтийн үеэр  онцолж байлаа. Энэ удаагийн  зуны сургуульд Орос, Швейцар, Чех, Польш, Турк, Хятад, Япон, Иран, БНСУ, БНАСАУ, Лаос, Америк зэрэг 12 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 28 залуу судлаач, оюутан оролцохоор хүрэлцэн иржээ.

Энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр чиглэлээр  зохион байгуулахаар төлөвлөөд байна. Залуу судлаачид малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэхээс юм. Түүнчлэн  Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төв болон гадаадын монгол судлаач нэртэй эрдэмтдийн лекцийг сонсох ажээ.

Цаашид салбарын яамны зүгээс монгол судлалын тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын оюутан залуусыг Монгол Улсын их сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг төлөвлөж байна.

Эх сурвалж:БСШУЯ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …