Шинээр цэцэрлэгт элсэх хоёр настнуудын бүртгэлийг онлайнаар явуулна

Жил бүрийн намар болохоор эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт яаж оруулах вэ гэдэг асуудал тулгардаг. Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа дугаарлаж, хонож өнждөг билээ.
Зарим нь хонож өнжөөд ч оруулж чадахгүй хоцордог. Харин энэ жилээс эхлэн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг онлайнаар бүртгэх ажлыг нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтэс хамтран зохион байгуулахаар болсон байна. Ингэснээр эцэг эхчүүдэд цэцэрлэгийн гадаа урт дараалал үүсгэж, хонож, өнжих шаардлагагүй болж байгаа юм. Мөн тухайн цэцэрлэгийн багш ажилчид бүртгэл хийхээр суух шаардлагагүй амар хялбар болох юм.
Хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр бэлтгэлээ базааж буй ээж, аавуудад дуулгахад, энэ жил цэцэрлэгт шинээр бүртгүүлж байгаа хүүхдүүдийг долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 25-ныг хүртэл нэг сарын хугацаанд www.tsetserleg.ulaanbaatar.mn тусгай вэб сайтаар бүртгэх юм байна.
Энэхүү хүүхдээ онлайнаар бүртгүүлэхдээ эцэг эхчүүдийн гол анхаарах зүйл бол оршин суугаа хаяг. Онлайн бүртгэлийг Улсын бүртгэлийн газартай хамтран хийж байгаа учраас тухайн хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл автоматаар гарч ирэх юм байна. Иймээс эцэг эхчүүд өөрийн оршин суугаа хаягаа сайн цэгцлэх хэрэгтэй аж.
Нөгөөтэйгээр энэ жил зөвхөн 2015 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт элсэх хоёр настануудын бүртгэлийг онлайнаар явуулах юм байна. Хуучин цэцэрлэгт явж байсан хүүхдүүд нэг дэвшиж орж байгаа учраас онлайнаар бүртгүүлэх шаардлагагүй юм байна. Нийслэлийн боловсролын газраас гаргасан урьдчилсан дүнгээр 24 мянга орчим хүүхэд шинээр элсэнэ гэсэн тоо байгаа. Нийслэлийн боловсролын газраас хяналтын тоо гаргаж өгөх юм байна. Онлайнаар бүртгэж байгаагийн давуу тал нь хяналтын тоо эцэг, эхчүүдэд нээлттэй.
Тухайн цэцэрлэг хэдэн хүүхэд авахаас хэд бүртгүүлсэн зэрэг бүгд нээлттэй болно. Хэрвээ тухайн цэцэрлэгийн нэг ангийн дүүргэлт хэтэрсэн бол сугалааны аргаар сонгон шалгаруулах юм байна.

 


Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …