Элчин сайдыг эргүүлэн татах эрх Ерөнхийлөгчид байхгүй гэж үү

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Гадаад улсад суугаа зарим Элчин сайдыг эргүүлэн татах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод энэ сарын 19-нд албан бичиг хүргүүлсэн билээ.

Тодруулбал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд, С.Баяр, Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг хүргүүлсэн.Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас өчигдөр хариуг илгээсэн.

Хариу бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” гэж тус тус заасан.Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна. Үүний дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш хэрэглэгдэж ирсэн. Цаашид хууль тогтоомжийн хүрээнд УИХ, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүй байхыг хүсье” гэжээ.

Харин үүний хариуд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “С.Баяр, М. Энхсайхан нарыг эргүүлэн татахыг  УИХТГ дарга зөвшөөрөхгүй гэнэ. Өөрийн чинь ишэлсэн. Үндсэн хуулинд Засгийн газраас зөвшөөрөл авах тухай алга. Үндсэн хуульд байхгүй заалтаар Засгийн газартай  зөвшилцвөл, үндсэн хууль зөрчсөн гээд огцорно биз дээ. Монголын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч элчин сайдыг эргүүлэн татна гээд, УИХ, ЗГ нь үгүй гэдэг тохиолдол үүслээ. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн 33.1.5-аас барина. УИХ-тай зөвшилцөн эгүүлэн татах эрх зөвхөн Ерөнхийлөгчид бий. ЗГ энд ямар ч хамаа байхгүй. Засгийн газар Үндсэн хууль зөрчилдвөл сүүлийнхийг нь барина” хэмээн бичсэн байна гэсэн тайлбарыг өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хувьд олон жил УИХ-ын гишүүн, сайд гээд төрийн өндөр дээд албан тушаал хашч, бас ч үгүй олон хууль тогтоомж баталж, батлалцсан нэгэн. Тиймээс түүнийг хууль тогтоомжоо судлахгүйгээр хоёр элчин сайдыг эргүүлэн татах асуудлыг дэвшүүлсэн гэж бодохгүй байна.

Тэгвэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн хувьд ч асуудлыг хуулийн дагуу судалж, хариу өгөх ёстой албан тушаалтан.

Эндээс хэнийх нь тайлбарлаж буй хууль зөв бэ гэсэн асуулт гарч ирж байна.
Эсвэл зүгээр л хувийн хонзогнол байна уу. З.Энхболд С.Баяр, М.Энхсайхан нарт дургүй. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувьд тэднийг эргүүлэн татчихмаар санагдаад албан бичиг өргөн барьж.

Гэтэл УИХ-д эдгээр эрхмүүдийг хамгаалах сонирхол байгаа учраас З.Энхболдын албан бичиг хууль зөрчсөн гээд тайлбар хийж бөөрөнхийлүүлээд байна уу. Хэн үүнд албан ёсоор тайлбар өгөх вэ. Уг нь манайд Үндсэн хуулийн цэц гэж айхтар том байгууллага бий. Нэгэн цагт тус байгууллагын дарга өөрийгөө Монгол Улсын дөрөвдүгээр хүн гэж томорч байсан. Тэгвэл ийм том эрх мэдэлтэй Үндсэн хуулийн цэцээс дээрх асуудалд улс төржихгүйгээр албан ёсны тайлбар өгчихмөөр байгаа юм.

С.Баяр, М.Энхсайхан нарт олон нийт дургүй. Харин үүнийг ашиглаад З.Энхболд ард түмнээс оноо авах ажлаа эхлүүлж, хууль зөрчөөд явна уу. Эсвэл УИХ-ын Тамгын газар илтээр С.Баяр, М.Энхсайхан нарыг өмгөөлөөд байна уу.

Санал болгох мэдээ

Эмийн сонсгол: Эмийн бүрдэл, чанарын хяналтын асуудлаарх нотлох баримтыг шинжилнэ

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй …