Хэрхэн баяжих вэ

Баян байх талаар маш олон тодорхойлолтууд байдаг. Гэхдээ баян байна гэдэг нь дансандаа олон сая доллартой байхаар хэмжигдэхгүй. Үнэндээ баян хүмүүс ч ядуу, ядуу хүмүүс ч баян байж болдог. Таван ам бүлээ тэжээх гэж ядаж байгаа ч хүмүүст идэх хоолноосоо хуваалцдаг нэгэн байхад 12 өрөө унтлагын өрөөтэй байшиндаа “даарч” суудаг хүмүүс ч байдаг.

Гэхдээ баян байгаагаа мэдрэх хамгийн чухал хүчин зүйл бол өөртөө байгаа баялгийг үнэлдэг байх явдал юм. Зарим нэг хүмүүс ажил гэж гүйсээр гэр бүлээ орхидог бол зарим нь гэр орныхоо ажлаас хөндийрч чадахгүй байх нь бий. Тиймээс баян байна гэдэг нь бүх зүйлийн тэнцвэртэй байдлыг хадгалж сурах явдал юм. Тэгвэл танд энэ удаа мөнгөө хэрхэн өсгөх вэ, хадгаламжаа хэрхэн арвижуулах вэ гэх мэт зөвлөгөө өгөх бус харин юу таныг баян болгодог талаар цөөн хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

1. “Үйлдвэрлэгч” сэтгэлгээтэй болох

Хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжихийн тулд та дараах хэдхэн энгийн жишээг ойлгодог байх ёстой: Хэрэглэгч пицца иддэг, харин үйлдвэрлэгч пицца хийдэг; хэрэглэгч кино үздэг, үйлдвэрлэгч киног бүтээдэг; хэрэглэгч ажил хайдаг, үйлдвэрлэгч ажил олгодог. Тиймээс бүхий л саятнууд үйлдвэрлэгч байдаг гэдгийг одооноос эхлэн сайтар тогтоож аваарай. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч нар л баяждаг.

Үйлдвэрлэгч нарын нэг гол зорилго бол идэх бус, харин бусдыг хооллоход байдаг. Тэд дараагийн хоолонд юу идэх вэ гэж буй харин дараагийн удаа бусдыг хэрхэн хооллох вэ гэдэгт анхаарал тавьж байдаг. Мэдээж энэ бол хоолны тухай ярьж байгаа биш гэдгийг сайн ойлгож байгаа бизээ.

2. Өөрийн үнэ цэнийг мэддэг байх

Та нэг өдөрт хэдэн төгрөгийн үнэтэй вэ? Сонин асуулт байна уу? Та өөрийнхөө нэг өдрийн үнэ цэнийг тооцоолж үзэж байсан уу? 100 доллар уу? 1000 доллар уу? Жилд 250 ажлын өдөр байдаг. Хэрэв та өдөрт 4000 долларын үнэтэй бол та жилийн дотор л саятан болох юм байна. Хэрэв та 100 долларын үнэтэй бол зарцуулах жилийн тоо хэдэн арав дахин нугарах нь мэдээж. Би л гэхэд анх бизнес эрхэлж эхэлж байхдаа өдрийн 200 долларын үнэтэй байсан хэдий ч энэ тоо надад хангалтгүй байсан юм. Тиймээс би өөрийнхөө үнэлэмжийг нэмэгдүүлэх бүхий л арга замыг хайсны эцэст хүссэн үр дүндээ хүрч байсан юм. Хэрэв та өдөрт 10 долларын борлуулалт хийдэг бол 20 доллар болгох гээд үз. Хэрэв та өдөрт нэг хүүхэд асардаг бол өдөр өнжүүлэх нээгээд өдөрт 50 хүүхэд хардаг болсон ч болно шүү дээ. Өөрөөр хэлбэл өдөр бүр өмнөх өдрөөсөө илүү их үнэ цэнийг бий болгон ажиллаж байгаарай.

3. Бүх зүйлээ золиосол

Ихэнх хүмүүс алдахвий гэсэн айдсаасаа болоод ямар нэг золиос гаргахаас айж байдаг. Өрх толгойлсон эхчүүд 20,000 долларын нэмэлт орлогыг хэрхэн бүрдүүлэх талаар бичсэн ном худалдан авахаасаа айдаг хэрнээ хүүхдэдээ тэр мөнгөөрөө видео тоглоом худалдан авч өгөхөөсөө огтхон ч цааргалдаггүй. Та баян байхаасаа өмнө ядуу байх ёстой. Өөрөөр хэлбэл хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд хамгийн муу зүйлтэй нүүр тулж үзсэн байх ёстой. Ямар нэг эрсдэлтэй нүүр тулсан үедээ “хэрэв би энэ эрсдэлийг үүрвэл тохиолдож болох хамгийн муу зүйл юу байж болох вэ?”, “Мөн хамгийн сайн юу тохиолдож болох вэ?” гэсэн хоёр асуултыг өөрөөсөө асууж сураарай. Мэдээж эрсдэл хийхээс айдаг хамгийн том шалтгаан нь мөнгө байдаг хэдий ч эцсийн ганц доллараа шавхаад ч болтугай эрсдэлтэй алхам хийж сураарай.

4. Зөвхөн “баян” үйлдэл хийж сурах

Баян болох боломжийг үгүй хийдэг олон шалтгаануудын нэг нь ядуу газарт байх явдал байдаг. Олон хүмүүс өөрсдийгөө ядуу орчинд байлгаж, ядуу хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн байх нь бий. Ядуу хүмүүстэй зэрэгцээ нэг шугаманд байх нь таныг хэзээ ч баян болгохгүй. Би арван жилийн хүүхэд байхдаа сөрөг нөлөөтэй хүмүүстэй хамт ядуу газар сагсан бөмбөг тоглодог байлаа. Тэд тамхи татаж, хараал хэлж, бие биеэ үл хүндэтгэсэн ааш гаргадаг байлаа. Хэдийгээр энэ бүхнээс өөрийгөө татаж авч чадсан ч үүний багахан ч гэсэн ул мөр надаас заримдаа ажиглагдсаар л байдаг юм. Энэ бүхнээс ангижрахын тулд тансаг зэрэглэлийн гэр хорооллоор зугаалж, машины үзэсгэлэн худалдаа зэрэг сайхан бүхнийг мэдрүүлдэг газруудад очдог болсон нь миний амьдралыг маш их өөрчилсөн. Маш олон хүмүүс ийм муу нөхцөлийг хүлцэн тэвчиж амьдардаг. Энэ бол хамгийн буруу.

5. Өөрийнхөө ур чадварыг бүрэн ашигла

Дэлхий дээр төрсөн бүх хүмүүст бурхнаас заяасан “бэлэг” байдаг. Заримд нь олон харин заримд нь ганц байх жишээтэй. Маш олон хүн өөрийнхөө бэлгийг нээж үзэхээс ч өмнө бууж өгсөн байдаг. Тиймээс таны авьяас сонирхол, ур чадварыг бодитоор үнэлж, урам зориг хайрлах тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бусдад тааруулж амьдрахын оронд өөрийнхөөрөө онцгойрч амьдарч сур.

Таны төлөө өдөр тутам тасралтгүй мөнгө хэвлэгдсэн гарсаар байгаа гээд төсөөл дөө. Сайхан сонсогдож байгаа биз. Та харин тэр мөнгийг авахад бэлэн үү? Зөвхөн амьд байна гэдэг амьдрахын нэр биш. Амьдрал бол тэмцэл.

Эх сурвалж: mlctraining.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …