С.Өлзийхүү:Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн эхнэр болж анхны дүрээ бүтээж байлаа

“Шилдэг өнгө” продакшны жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан С.Өлзийхүүтэй ярилцлаа.


-“Шилдэг өнгө” продакшныг нэгэн шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэж сонслоо. Уран бүтээлийн олз, омог арвинтай юу?

-Бид хамгийн сүүлд хүүхдийн баярыг тохиолдуулан Төрийн соёрхолт Ардын жvжигчин А.Очирбатын “Баавгай дуулах уу” болон “Аладдины шидэт дэнлүү” гэх жүжгүүдийг тоглосон. Харин одоогоор нэгэн дэлгэцийн уран бүтээл дээр ажиллахаар бэлтгэл ажилдаа орчихсон явж байна. Өнгөрсөн жил бид “Ядуугийн зовлон”, “Галзуу зугаалга” гэх уран сайхны кинонуудаа үзэгчдэдээ хүргэсэн. Энэ жил адал явдалт, аймшгийн гэхээсээ илүү драмын төрлийн кино хийх бодолтой байна. Мөн хажуугаар нь “ТВ 8” телевизтэй хамтран нэвтрүүлэг хийж байгаа. Энэхүү нэвтрүүлэг маань телевизээс гадна сайтуудад тавигдах юм. Энэ мэтчилэн уран бүтээлийн олз, омог болоод төлөвлөсөн ажлууд арвинтай л байна. Мөн түүнчлэн манай продакшнаас О.Бат-Өлзий ах, Г.Золбоот хоёр маань Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм цолыг хүртсэн сайхан үйл явдал болсон.

-Хошин шогийн тоглолт хийх үү?

-Манай хамтлагт хошин шогийн тоглолт хийсэн туршлага бол бий. Гэхдээ цаг зав, төлөвлөгөө гээд тохироо маань бүрдвэл мэдээж хийнэ. Одоо бол кино уран бүтээлийнхээ ажилд илүү төвлөрчихсөн байна.

-“Шилдэг өнгө” хамтлаг шинэ залуу уран бүтээлчдээр багагүй цус сэлбэсэн. Залуучуудтай ажиллах ямар байна вэ. Мэдээж зааж, зөвлөх зүйл гардаг байх?

-Залуучуудтай ажиллах гоё л доо. Зааж зөвлөх үе байлгүй л яахав. Амьдралын болон уран бүтээлийн туршлагаасаа хуваалцах зүйл бишгүй л гарна. Засаж болох алдааг аль болох бага гаргаасай л гэж боддог юм. Бас бидэнд залуучуудаасаа ч сурах зүйл байна. Залуу хүмүүс учраас цаг үеэ мэдрэх нь арай илүү байдаг. Ер нь тэгээд цаг үе хурдацтай хөгжиж байна л даа. Бүх юм өөр болж байна. Хүмүүсийн уран бүтээлд хандах хандлага ч арай өөр болоод байх шиг санагддаг. Бидний үед уран бүтээлдээ бүхий л цаг зав, сэтгэл зүрхээ зориулж махарч ажилладаг байсан. Харин одоо бидэн шиг бүх зүйлээ урлагт зориулах хүн цөөхөн байна уу даа л гэж бодогддог.

-Та увс аймгийн Хяргас сумын уугуул байх аа. Нутагтаа хэр их очдог вэ?

-Тийм шүү. Манай өвөө эмээ, аав, ээж гээд бүгд л Хяргас суманд өсөж, торнисон л доо. Үнэхэээр сайхан нутаг. Ард түмэн нь ажилсаг, эв түнжин сайтай, нэг нэгнээ их дэмждэг, сайхан хүмүүс шиг санагддаг. Ойрдоо энэ сайхан нутагтаа очиж амжаагүй л явна. Яахав миний хувьд Хяргас сумын уугуул хэдий ч бага нас минь хоёрдугаар 40 мянгатад өнгөрсөн л дөө.

-Жүжигчин О.Энхтуултай байрны найзууд байсан гэж сонссон юм байна?

-Манай ойр хавьд 21-27-р байрнууд байдаг байлаа. Орц болгоноос манай 24-р дунд сургуулийнхан гарч ирэн сургуульдаа явцгаана. Түүний нэг нь манай О.Энхтуул л даа. Мөн манай зэргэлдээх байрнууд спортлог хүмүүс цөөнгүй байж билээ. Ширээний теннис, бокс, волейбол, байт сурын харвааны тамирчид гээд л. Манай О.Энхтуулын маань ах О.Энхтөгс байт сурын харваагаар хичээллэдэг байсан санагдана. Ер нь тэр хавийнхан бие биеэ андахгүй мэднэ л дээ. Ингээд бодоход хүний амьдралын хамгийн жаргалтай мөчүүд бага балчир нас, сурагч ахуй үед л өнгөрдөг юм байна. Хааяа байрны болон арван жилийн найзууд, сувилагчийн сургуулийн охидтойгоо уулзах сайхан байдаг шүү.

-Ингэхэд сувилагч бүсгүйг урлагт хэн уруу татсан юм бэ?

-Миний хувьд яг ч сувилагч болно гэж боддоггүй байсан л даа. Конкурс өгөх үедээ хэд, хэдэн мэргэжлээс сонголт хийсэн юм. Тухайн үед л сувилагч илүү нүдэнд туссан хэрэг. Ер нь ч тэгээд хүнийг асарч, сувилна гэдэг сайхан л даа. Ингээд л нэгдүгээр эмнэлгийн сувилагч болсон юм. Харин сувилагч байх үедээ “АСК” гээд тэмцээнд орохоор боллоо. Биднийг энэхүү тэмцээнд бэлдүүлэхээр жүжигчин Б.Батзаяа болон Ц.Төмөрбаатар ах ирсэн юм. Би тэмцээндээ Түвдэнгийн Борын дүрийг бүтээсэн юмдаг. Харин тухайн үед Б.Батзаяа, Ц.Төмөрбаатар ах намайг урлагийн хүн болох хэрэгтэй гэж их зөвлөсөн. Мөн О.Энхтуул маань ч тэр “Миний найз жүжигчин болоочээ” гэдэг л байлаа. Ингээд л бүх зүйлийн тохироо нь бүрдэнэ гэдэг шиг л жүжигчин болохоор сэтгэл шулуудсан юм. Миний хувьд олон хүнд баярлаж явдаг. Тэр дундаа Б.Батзаяа ахдаа их баярладаг юм. Сайн ч хүн, сайхан ч уран бүтээлч. Маш олон уран бүтээлчдэд дэм тус болж урлагийн замд хөтөлсөн. Гэсэн ч тэрээр үүнийгээ дөвийлгөж, хэн нэгэнд ярьж байгаагүй болов уу.

-Та драмын театрт хичнээн жил ажилласан бэ?

-Би СУИС-иа төгсөөд шууд Улсын драмын эрдмийн театрт орсон юм. Намайг сургуулиа төгсөөд очиход Б.Цэрэнпагма, Б.Цэцэгбалжид, Д.Мэндбаяр гээд олон сайхан уран бүтээлчид байлаа. Мөн О.Энхтуул, И.Одончимэг, Ж.Оюундарь гээд өнөө үеийн сор болсон уран бүтээлчид орчихсон байв. Бид бие биеэ хөглөж, урам хайрлана. Нэг, нэгнийхээ амьдралыг ч тэр сайн мэдэцгээдэг байсан шүү. Миний хувьд театрт ороод хамгийн анх Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн гол дүрийг бүтээж байсан минь тодхон байна. Ямартай ч театртаа арваад жил ажилласан шүү. Харин дараа нь хошин урлагийн продакшн байгуулаад, үүндээ тууштай явахаар шийдсэн дээ. Сонирхуулахад продакшныхаа 20 жилийн ойг бид тэмдэглэсэн юм. Гэтэл манай продакшнд ажиллаж байгаагүй хошин урлагийн жүжигчин тун ховор юм билээ. Маш олон жүжигчид манай продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхлэсэн байсан шүү.

-Тэдгээр жүжигчдээс хамгийн их гар нийлдэг нь ямар уран бүтээлч байв?

-Миний хувьд маш олон жүжигчидтэй хамтарч эхнэр нөхөр, эгч дүү, эмээ өвөө болсон байдаг юм билээ. МУГЖ О.Бат-Өлзий, С.Лхагвасүрэн ах, Золбоот, Л.Дэмидбаатар, Бооёо, Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан, М.Баярмагнай гээд л. Мөн хамгийн их олзуурхаж явдаг нь хамгийн анхны дэлгэцийн уран бүтээлд Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн эхнэр болж тоглож байсан юм. Өвөрмонгол бүсгүйн дүр. Тэр мундаг хүнтэй хамтран тоглох болсон минь их азтай тохиол л доо. Дараа нь “Цахилж яваа гөрөөс” кинонд Пүрэвдорж ахтайгаа хамтран тоглосон. МУГЖ Б.Жаргалсайхантай цөөнгүй дэлгэцийн уран бүтээлд хамтарсан байдаг. Мөн “Хааны сүүлчийн хатан” кинонд гайхалтай уран бүтээлчидтэй хамтарч байлаа. Ер нь жүжигчдээсээ эхнэр, нөхөр болж тоглоогүй хүн ховор доо. Бүгдийг нь хэлвэл тоймгүй их болно байх.

-Саяхан хошин урлагийн жүжигчид “Азтай бадарчин” наадмаа хийсэн. энэ мэтчилэн хамтарсан үйл ажиллагаа хэр их зохион байгуулдаг бол?

-Тийм шүү.“Азтай бадарчин” наадам маань хошин урлагийн жүжигчдийн авьяас, чадварыг шалгаж басхүү урам өгч байдаг их сайхан наадам л даа. Энэ жил манай багийн гишүүн “Мөрөөдрийн театр” продакшны жүжигчин Баттөмөр маань “Азтай бадарчин” болсонд их баяртай байгаа. Миний хувд 2000 онд “Азтай бадарчин” наадмын алтан цомын эзэн болж байсан сайхан түүх бий. Ямартай ч үргэлжлэн зохиогдож байгаад нь их баяртай байна. Ер нь энэ мэтчилэн арга хэмжээ зохиодог. Саяхан “Жүжигчид дуулж байна” гээд тоглолт хийсэн. Миний бие болон манай М.Баярмагнай тэргүүтэй уран бүтээлчид энэхүү арга хэмжээг зохион байгуулсан юм. Жүжигчид маань маш сайхан дуулцгаасан. Баярмагнайг бүр таван удаа дахиулсан шүү. Үүнээс гадна бид хошин шогийнхон дундаа спортын арга хэмжээ зохион байгуулдаг. Теннис, шатар, сагс, волейбол гэх мэт спортын төрлүүдээр л дээ. Сонирхуулахад манай продакшнаас О.Бат-Өлзий ах маань шатар маш сайн тоглодог шүү.

-Та ханийнхаа тухай яриач?

-Би чинь өссөн, торнисон хоёрдугаар 40 мянгатаасаа амьдралынхаа хань, найз нөхөдтэйгөө учирсан юм шүү дээ. Ямартай ч миний хань надад юу ч тохиолдсон түүний ард бат зогсож түшиг, тулгуур минь болдог. Зовлон, жаргал юу ч тохиолдсон хуваалцаж чаддаг тийм л сайхан хүн дээ. Уран бүтээлийн төлөө цаг зав бүхий л зүйлээ зориулж явахад минь хэвтэрт орчихсон эмээг минь асарч, халамжилж байлаа. Эмээг минь тэгж их хайрлаж, халамжилж байгаагаас нь ямар хүн бэ гэдгийг харж болох байх. Их сэтгэл сайтай. Эргэн тойрны хүмүүс нь ч үүнийг ам бардам хэлэх байх. Ийм л хүнтэй ханилсан хүн юм даа, би.

-Охин тань кино зохиолчийн чиглэлээр дахин суралцаж байгаа гэсэн үү?

-Охин маань СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн юм. Харин одоо “Missouri State University”-д кино зохиолч, найруулагч чиглэлээр магистр хамгаалж байгаа. Монголоос анх удаагаа энэ сургуульд, энэ чиглэлээр суралцаж буй оюутан юм билээ. Харин хүү маань энэ жил дунд сургуулиа төгссөн.

Эх сурвалж:Өдрийн сонины дугаарт

О.Ариунцэцэг

dnn.mn

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …