“Гацуурт”-ын Л.Чинбатын барилгын ажлыг зогсоож, хариуцлага тооцохоор болжээ

dotor_MG_9397Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 09 сарын 05-ны өдөр боллоо. Хуралдаанаар нийслэлд баригдаж буй зарим барилгын ажил, түүнтэй холбогдуулан иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу хийсэн шалгалтын талаар хэлэлцлээ.
Энэ удаагийн хуралдаанд барилгын асуудлаар гомдол гаргасан оршин суугч иргэд, барилгын ажил гүйцэтгэж буй компанийн төлөөллүүд оролцсон бөгөөд тус шалгалтын ажлын хэсгийг ахласан нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт  баригдаж байгаа иргэн Л.Чинбатын барилгын тухай” танилцууллаа.

Иргэн Л.Чинбат нь 2002 оны 12 сарын 06-ны өдрийн нийтийн дуудлага худалдаанд оролцож Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2002 оны 165-р тогтоолоор “Таско” ХХК-ны түрээсээр эзэмшиж байсан 222,3 мкв талбай бүхий газрыг 53,017,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2006 оны 05-р сарын 26-ны өдрийн 256-р захирамжаар иргэн Л.Чинбатад СБД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 794м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Тус газар нь 805 дугаар Ус дамжуулах төв буюу ЦТП-ийн барилгын газар бөгөөд уг газар нь хувьчлагдаагүй байхад Улаанбаатар хотын Ерөнхий менежер удирдан хийсэн нэгдсэн уулзалтаар иргэн Л.Чинбат, тухай хорооны иргэдийн төлөөлөл болон холбогдох албаныхан байлцан 2001 оны 2-р сарын 28-ны өдөр байгуулсан “Барилга барих, зоорийн давхраас нийслэлийн  өмчид шилжүүлэх тухай” гурван талт гэрээг үндэслэн НЗД-ын 2001 оны 04 сарын 07-ны захирамжаар СБД-ийн 6-р хороонд 0,043га газарт үйлчилгээтэй, орон сууцны барилга барих зөвшөөрөл олгожээ. Харин энэхүү захирамжуудыг тухайн хорооны оршин суугчид хууль бус гэж эсэргүүцэн удаа дараа нийслэлийн шүүхэд хандаж, хотын төвд, орон сууцны дундах талбайд барилгын норм, стандартыг зөрчин баригдаж эхэлсэн энэ барилгад холбогдох нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхгүй байх, ямар нэгэн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулахгүй байх хүртэл хориглосон шүүхийн шийдвэр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гаргаж байсан байна. Мөн иргэн Л.Чинбат нь  барилгын зураг төслийг улсын экспертизийн албаар хянуулаагүй хэрнээ 2011 оны 08 сард барилгын газар шорооны ажлыг эхлүүлсэнийг НМХГ-аас шалгаж зөрчил арилгуулах тухай акт тогтоож, 2 дахь шалгалтаар 13-р давхрын каркас цутгалтын ажил хийгдэж байсан тул барилга угсралтын ажлыг зогсоох тухай актыг мөн тогтоосон байна.

Нийслэлийн захиргааны шүүхээс үйл ажиллагаа явуулахыг зогсоох шийдвэр гарч, НМХГ-аас удаа дараа акт тогтоосон байхад иргэн Л.Чинбатад барилга барих түр зөвшөөрлийг 2012 оны 11 сарын 30-ны өдөр НМХГ-ын улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ өгчээ. Ингэснээр уг барилга үргэлжлүүлэн баригдсанаас гадна дулаан, цахилгаанаар хангагдсан байдалтай байгаа юм.  Улсын байцаагчийн дээрхи үйлдлийг тус хорооны оршин суугчдын “Эрдэм” СӨХ-өөс АТГ-т мэдэгдэж шалгуулахад хууль зөрчсөн нь тогтоогджээ. Барилга угсралтын журам, холбогдох хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөнөөс гадна 100 гаруй ам метр талбай эзэлдэг орон сууцны 7 байр, 199 өрх, 1594 оршин суугч, таван дамжин хэрэглэгч, 63 аж ахуйн нэгжийг ус дулаанаар хангадаг ус дамжуулах ЦТП-г ойролцоох 20 айлын 47-р байранд шилжүүлсэн нь оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн байгаа юм. Тиймээс  оршин суугчид Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, хууль бус үйлдлийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг нийслэлийн Засаг даргад гаргасан. Уг хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн ахласан ажлын хэсэг газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан юм. Ажлын хэсгээс оршин суугчдын гомдлыг яаралтай шийдвэрлэж, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох шаардлагатайг саналыг Удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “ Энэ барилга нь үнэхээр хэтэрсэн асуудал болсон байна лээ.Тэнд тоглоомын талбай битгий хэл машин ч орж гарах зайгүй. Үлдсэн жаахан газар дээр нь яагаад 13 давхар барилга барьсаныг ойлгохгүй байна.” гэлээ.

Нийслэлийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  иргэн Л.Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс НМХГ-аас акт тогтоож, нийслэлийн Захиргааны шүүхээс шийдвэр гарчихсан байхад танай компани Нийслэлийн МХГ-аас ямар замаар зөвшөөрөл авсан талаар тайлбар өгөхийг хүссэн ч иргэн Л.Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой хариу өгч чадаагүй. Ингээд нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл барилгын ажил хийхийг хориглоно гэж тодорхой заасан байхад холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч дур мэдэн барилгын ажлыг үргэлжлүүлсэнийг яаралтай таслан зогсоох.  Зөвшөөрөл олгосон улсын байцаагч, ус, дулаанаар хангасан албан хаагчдад захиргааны хариуцлага тооцох хэрэгтэй ” гэж үзлээ.
Энэ үеэр оршин суугчдын төлөөллүүдийн байр суурийг сонссон бөгөөд нийслэлийн Засаг дарга “ Эрх мэдэлтэй, хөрөнгөтэй нь иргэдийг дээрэлхэж, илт хууль зөрчсөн ийм үйлдэл хийж байхад барилга барих зөвшөөрөл олгож, дулаан цахилгаанаар хангасан нь дэндүү хэтэрсэн хэрэг. Барилгын ямар ч норм, стандартыг хангаагүй. Хэн ч очоод харахад хэдэн орон сууцны дунд хэсэгхэн газарт 13 давхар барилга барьчихсан байгаа нь энэ хотод хууль дүрэм гэж байхгүй байсныг харуулж байна. Одоо ийм зүйл байж болохгүй. Шүүхийн шийдвэр эцэслэж гарах хүртэл барилгын ажлыг зогсоож, зөвшөөрөл олгосон болон хууль бус үйлдэл хийсэн холбогдох хүмүүст хариуцлага тооц” гэж үүрэг болголоо.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …