Эрдэс баялгийн салбарын гэрээнүүдийг ил тод болгоно

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ) болон Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн Ажлын алба (ОҮИТБС), Нээлттэй нийгэм форум (ННФ)-ын хооронд 2017 оны 06дугаар сарын 22-ны өдөр эрдэс баялгийн салбарт гэрээний ил тод байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах,  харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зураг ёслолд нэг талаас УУХҮЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, нөгөө талаас ОҮИТБС-ийн Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон болон ННФ-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал нар гарын үсэг зурж, баталгаажуулан Санамж бичгийг солилцож, тус салбарынхан оролцлоо.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх хүрээнд гэрээний  ил тод байдлыг хангах чиглэлээр Талууд 2014 оноос хамтран ажилласны үр дүнд Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн цахим санг (www.iltodgeree.mn/www.resourcecontracts.mn) байгуулснаа олон нийтэд танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ.

Энэхүү мэдээллийн санд одоогоор Хөрөнгө оруулалтын гэрээ, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Орон нутгийн хамтын ажиллагааны болон газар, ус ашиглах зэрэг 35 гэрээг байршуулсан ба цаашид Санамж бичгийн дагуу олборлох үйлдвэрлэлийн салбарт байгуулагдсан бүх гэрээг мэдээллийн цахим санд татан байршуулах замаар олон нийтэд ил болгох, гэрээний ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Талууд хамтран ажиллахаар боллоо.

Мэдээллийн цахим сангаар дамжуулан олборлох салбарт байгуулагдсан гэрээг нийтэд ил тод болгож байгаа нь салбарын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, авлига, хээл хахууль ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэхэд зохих хувь нэмрээ оруулахаас гадна хөрөнгө оруулалтыг татах замаар улс орны эдийн засгийн хөгжилд томоохон ахиц дэвшил авчирна гэдэгт Талууд итгэлтэй байна.  

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …