Панамын баримт бичиг дэх “Multiserv Overseas” компани Монгол улстай холбогдох нь

Монголын төмөр замд тоног төхөөрөмж нийлүүлэх 10 тэрбум ам.долларын гэрээ

Дэлхийн олон улсын Төр, Засгийн тэргүүн, улстөрчид зэрэг нэр алдар, эрх мэдэлтэй хүмүүсийн оффшор бүсэд эзэмшилтэй данс, компанитай холбоотой мэдээллийн архив Панамын хуулийн “Моссак Фонеска” фирмээс алдагдсан нь 2016 оны дөрөвдүгээр сард дэлхий нийтэд цацагдсан билээ. “Панамын баримт бичиг” хэмээн нэрийдсэн энэхүү мэдээлэл нь 11.5 сая баримтыг агуулж буй. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо (ICIJ) болоод OCCRP нь дэлхийн 80 гаруй орны сэтгүүлчидтэй хамтран “Панамын баримт бичиг” дэх баримтын мөрөөр эрэн сурвалжлага явуулж, олон нийтэд дэлгэсээр байна.

“Панамын баримт бичиг”-ийн бас нэгэн баримттай холбоотой мэдээллийг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд цацсан юм. Энэ нь Канадын “Bombardier”, Оросын төмөр зам РЖД-тэй холбоотой оффшор компани “Multiserv Overseas”-ын талаар юм. Уг компани Монгол улсад төмөр замын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийсэн талаар мэдээлэлд дурдагджээ. Орос, Монгол, Азербайжан улстай холбоотой энэхүү хэргийн эрэн сурвалжлах ажиллагаанд Оросын “Новая газета” сонины редакц, Canada radio,OCCRP-ийн редактор Миранда Патручич болон бүс нутгийн бусад сэтгүүлчид хамтран оролцож байгаа юм. Энэ талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

БАМ-ын төмөр замыг шинэчлэх төсөл ба Якунины эртний анд

РЖД буюу “Оросын төмөр зам” ХНН-ийн хуучин Ерөнхийлөгч Владимир Якунины хамтран зүтгэгчийн хүү Алексей Крапивин төрийн монополь компанийн гэрээт захиалгуудыг ашиглан бизнесийн эзэнт гүрэн байгуулжээ. Тэнд Оросын төмөр замд зориулсан хэдэн тэрбум рубль эргэлддэг. Үүнийг батлах гэрээ хэлэлцээр хийсэн хэдэн зуун баримт Панамын “Моссак Фонсека” хуулийн фирмийн санд хадгалагдаж байжээ.

“Панамын баримт бичиг”-ээс үзэхэд, Алексей Крапивин нь Орос орны өнөө цагийн хамгийн том, хамгийн үнэтэй бүтээн байгуулалт болох 4300 км урт Байгаль-Амарын төмөр замыг /БАМ/ шинэчлэх захиалгыг хянан удирддаг.  Крапивины ойрын хүрээний хүмүүс, РЖД-гийн чухал хамтрагчид дэлхийн зам тээврийн зах зээлийн томоохон тоглогч “Bombardier Transportation”-тай сэжигтэй гэрээ хэлцлүүдэд оролцжээ.

Эртний танил Владимир Якуниныг төрийн өмчит компанийн Ерөнхийлөгч болсон үеэс буюу 2005 оноос Крапивины гэр бүл РЖД-гийн бизнест чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Эцэг Крапивин олны дунд ил гараад байдаггүй бизнесмен байв. Тэрээр хэзээ ч сэтгүүлчидтэй уулздаггүй, дээдсийн арга хэмжээнүүдэд оролцдоггүй бөгөөд түүний зургийг ч олж үзэх боломж байдаггүй. Тэрээр РЖД-гийн тендерт техникийн компаниудаараа дамжуулан оролцохыг илүүд үздэг, Орос дахь томоохон хувьцаануудаа оффшор бүсээр дамжуулан эзэмшдэг байжээ. Хүү Крапивин эртнээс эцгийнхээ бизнес төслүүдэд оролцож эхэлсэн. Крапивины гэр бүлийн бизнесийн эзэнт гүрний тал хувь нь оффшор бүсэд нуугдаж байсныг “Моссак Фонсека” фирмийн мэдээллийн сангаас алдагдсан баримтууд харуулж байгаа юм. Эдгээр баримтаар Крапивиныхны бизнесийн сүлжээг бүрэн хэмжээнд харуулж чадахгүй ч РЖД-гийн хуучин Ерөнхийлөгч Владимир Якунины эртний анд ямархуу янзын гэрээ хэлцлүүд дээр хөрөнгө босгодог талаар төсөөлөхөд тусална.

Оффшор дахь Крапивины “вант улс”

“Моссак Фонсека” фирмийн баримтуудаар Крапивиныг Виржинийн арлууд, Панам, АНУ-ын Делавэр муж зэрэг татвараас зугатаж, өөрийн хөрөнгөө нуухыг хүсэгчдийн дунд хамгийн алдартай “оффшор бүс”-д дор хаяж 11 компанитай холбоотой байсныг баталжээ. Эдгээр компанийн зарим нь дэлхийн томоохон корпорациудтай хамтран ажилладаг.

Тэрхүү корпорациудын нэг нь Канадын “Bombardier” компани юм. Галт тэрэг, онгоц үйлдвэрлэгч энэхүү аварга компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг. Эдийн засгийн хямралын улмаас 2016 оны аравдугаар сард 7500 ажилчнаа халжээ. Гэсэн хэдий ч дэлхийн том компаниудын адил ёс зүйн өндөр стандарт баримталдгаараа бахархдаг. Байгаль орчныг хамгаалах, хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх асуудалд онцгой анхаарал хандуулахыг шаарддаг НҮБ-ын Даян дэлхийн гэрээнд нэгдэн орсон төдийгүй ханган нийлүүлэгчдэдээ зориулсан өөрийн ёс зүйн кодыг бий болгосон “үлгэр жишээ” компани юм.

Оросын “Новая газета” сонинд бичсэнээр, Канадын “Bombardier” компани нь РЖД-гийн хуучин Ерөнхийлөгч Якунины эртний танилуудын хэлхээ холбоог ашиглан, төмөр зам нь хуучирч элэгдсэн ТУХН-ийн орнуудын зах зээлд гарсан бөгөөд хариуд нь Якунины нэрийг Канадын Засгийн газрын эдийн засгийн хоригийн жагсаалтаас хасахад лоббиджээ.

“Bombardier” ба Орос

“Bombardier” компани нь 1990-ээд оны дунд үеэр Оросын зах зээлд орж иржээ. Дотоодын автоматжуулалтын систем нь ихээхэн хоцрогдож байсан цаг үе юм. Оросын Зам харилцааны яам төмөр замдаа бичил тоног төхөөрөмжөөс гадна хөдөлгөөний автомат удирдлагын системд хөрөнгө оруулах түнш хайж байхад нь орж ирж, улмаар сонгогджээ.

1996 онд РЖД болон “Bombardier” компани хамтран “Bombardier Transportation (Сигнал)” үйлдвэр байгуулахад голлох хөрөнгө оруулагч нь Швед дэх “Bombardier” салбар болжээ. Хамтарсан үйлдвэрийн 36%-ийг Оросын төрийн өмчит РЖД эзэмшдэг. Сүүлийн 15 жил энэхүү хамтарсан үйлдвэр “Ebilock-950” системээр Оросын төмөр замын өртөөнүүд болоод хуучин ЗХУ-ын харьяанд байсан орнуудын төмөр замыг тоногложээ. “Ebilock-950” тоног төхөөрөмжийг “буруу замаар” Орост нийлүүлэгддэг гэж хардах үндэс бий. 2012-2014 онд Орос, Канадын хамтарсан компани хэдэн арван сая еврогийн үнэтэй “Ebilock-950” тоног төхөөрөмжийг Их Британийн “Multiserv Overseas”-ээс худалдан авчээ. “Bombardier”-ийн охин компани “Elteza”-аас шилжүүлсэн мөнгө “Multiserv Overseas”-ийн дансанд орсон байдаг. 2011 онд “Bombardier” компани нь Оросын төмөр замын автоматжуулалтын 5 үйлдвэрийг эзэмшдэг “Elteza”-ийн 50%-ийг эзэмших болсон юм.

“Панамын баримт бичиг”-т РЖД нь оффшор компанитай холбоотойг батлах ганц л баримт бий. Крапивины чухал хамтрагчдын нэг Юрий Ободовский Их Британийн “Multiserv Overseas” компанийн анхны захирал байжээ.

“Байгаль-Виржинийн төмөр зам”

2013 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин БАМ болон Транссибирийн төмөр замыг шинэчлэх РЖД-ийн түүхэн дэх хамгийн том төлөвлөгөөг баталсан байдаг. Энэ нь Якунины санаачилсан хамгийн амбицтай төсөл юм. Төслийн нийт өртөг 562 тэрбум рубль буюу 9.9 тэрбум ам.доллар бөгөөд бүх хөрөнгө оруулалт Оросын улсын төсвөөс санхүүжигдэнэ. 2014 онд зарлагдсан БАМ болон Транссибирийн төмөр замыг шинэчлэх төслийн тендерт “Бамстроймеханизация”-ийн тэргүүтэй консорциум ялжээ. Зөвлөлтийн трестээс улбаатай 40 жилийн түүхтэй “Бамстроймеханизация” нь олон жилийн турш анхны үүсгэн байгуулагч Василий Тарасенкогийн эзэмшилд байсан юм. Харин РЖД-гийн төслийн тендер зарлахаас хэдхэн хоногийн өмнө эзэмшигч нь солигдсон байна. Одоо жинхэнэ эзэмшигч нь оффшор бүсэд нууцлагддаг. “Бамстроймеханизация”-ийн удирдах хувьцаа Киприйн “Sterema” компанийн мэдэлд, энэ компани нь Виржины аралд бүртгэлтэй “Evling Вusiness”-гийн эзэмшилд байдаг аж.

Зөвхөн 2012-2015 онд Крапивины оффшор компаниудын дансаар 200 сая ам.доллар шилжин гарчээ. Үүний 100.5 сая ам.доллар нь БАМ-ын төмөр замыг шинэчлэх төсөлд гол ханган нийлүүлэгчээр сонгогдсон “Бамстроймеханизация” компанийн хувьцааг эзэмшдэг “Sterema” компанитай холбоотой.

Азербайжан дахь “BombardieR”-ийн хэрэг

“Моссак Фонсека” фирмийн мэдээллийн архивт Крапивины “Rambo Management” компанитай холбоотой бичиг баримтууд, түүний дотор Их Британийн “Multiserv Overseas” компанитай байгуулсан нэгэн сонирхолтой гэрээ хадгалагдаж байжээ. Энэхүү гэрээнд  “Rambo Management” компани нь “Bombardier Transportation (Сигнал)”-ын үйлдвэрлэдэг “Ebilock” тоног төхөөрөмжийг “Multiserv Overseas”-д худалдсан байна. Худалдан авсан тоног төхөөрөмжөө “Multiserv Overseas” компани нь Баку хотоос Гүржийн хил хүртэлх Азербайжаны төмөр замын 13 өртөөнд нийлүүлэх ёстой байв.

Энэ хэрэг эхэлсэн түүхийг сөхвөл, 2013 онд Азербайжаны Засгийн газраас тус улсын төмөр замд “Ebilock” төхөөрөмж нийлүүлэх 340 сая ам.долларын тендер зарлажээ. Санхүүжилтийн дийлэнх нь Дэлхийн банкнаас Азербайжаны Засгийн газарт олгосон зээл юм. Уг тендерт Итали, Хятад, Турк, Өмнөд Солонгос, Чехийн компаниуд өрсөлдсөнөөс “Bombardier Transportation”-ны тэргүүлсэн консорциум ялсан байна.

OCCRP-ийн сэтгүүлчдийн илрүүлсэн хоёр баримтаар, Азербайжаны Засгийн газар болоод “Bombardier Transportation/Сигнал/” компанийн хамтын ажиллагаанд фасалитаторын үүрэг гүйцэтгэсэн “Multiserv Overseas” нь хоёр гэрээнээс 85.5 сая ам.долларын ашиг олсныг нотолж байна. Эхний гэрээгээр, “Bombardier Transportation /Сигнал/” нь Азербайжаны галт тэрэгний 46 буудалд /вокзал/ зориулан “Ebilock” тоног төхөөрөмжийн 46 ширхэг багцыг 104.8 сая ам.доллараар “Multiserv Overseas” компаниас худалдан авсан байна. Хоёр дахь гэрээгээр, “Ebilock” тоног төхөөрөмжийн 46 ширхэг багцыг “Multiserv Overseas” компани нь Швед дэх “Bombardier” үйлдвэрээс 19 сая ам.доллараар худалдан авчээ.

Үнэн хэрэгтээ “Bombardier Transportation(Сигнал)” нь “Rambo Management”, “Multiserv Overseas” гэсэн хоёр оффшор компаниар дамжуулан төмөр замын тоног төхөөрөмжийг Азербайжан улсад нийлүүлсэн гэсэн үг. Хэлэлцээрээс “мөнгө унагахын” тулд “Bombardier Transportation (Сигнал)”, “Multiserv Overseas” компаниуд хоорондоо хуурамч гэрээ байгуулсан байна. “Bombardier Transportation” нь улсын захиалгатай тендер авахын тулд “Multiserv Overseas” компаниар дамжуулан авлига өгсөн гэх асуудлаар Шведийн хууль сахиулах байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгээд буй. Одоо тус хэрэг дээр Шведийн Үндэсний авлигатай тэмцэх газар, тус улсын Ерөнхий прокурорын газар, OCCRP болоод бүс нутгийн сэтгүүлчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна.

“Multiserv Overseas” компани ба Монголын төмөр зам

“Bombardier Transportation (Сигнал)” компани нь Азербайжан улсад явуулсан “ажиллагааны арга барил”-аар “Multiserv Overseas” компаниар дамжуулан Монгол улсад төмөр замын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээ “Bombardier”-ийн хэрэгт хавсрагджээ. Энэхүү гэрээ нь Монголын талд 10 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай юм. “Bombardier Transportation” компанийн 2016 оны хоёрдугаар сарын санхүүгийн тайланд “Multiserv Overseas” компанид тоног төхөөрөмж худалдсаныг тусгасан аж.

“Bombardier Transportation (Сигнал)” компани нь Монгол улсын төмөр замын салбартай 2013 оноос хамтран ажиллаж эхэлжээ. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн мэдээлэлд “2013 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр түүхэндээ анх удаа Сайншанд-Агьсүмбэт хоорондын 857 дугаар км-т алсын удирдлагатай микропроцессорын цахилгаан төвлөрүүлэлттэй автомат зөрлөг барьж, ашиглалтанд хүлээлгэн өглөө.  ОХУ, Шведийн хамтарсан “Transportation Bombardier”  компанийн технологиор УБТЗ-ын инженер техникийн  ажилтнууд богино хугацаанд барьсан уг зөрлөгийн  гол төхөөрөмж EBILOCK-950 нь 857 дугаар км-т байрлаж, суман шилжүүлэг, дохио болон бусад төхөөрөмжүүдийг зэргэлдээх Агьсүмбэт дэх удирдлагын автоматжуулсан байрнааас удирдах юм” гэжээ.

Мөн “2015 онд “Оросын төмөр зам” болон “Бомбардье Транспортэйшн” компани хамтран эзэмшдэг “ЭЛТЕЗА” НХН олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад ялж, 2015 оны аравдугаар сарын 29-нд Трансмонголын төмөр замын ДТХ /дохиолол, төвлөрүүлэлт, хориглол/ ба Холбооны системийг шинэчлэн сайжруулах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. “Элтеза ”НХН-ийн төслийн санал нь Орос-Шведийн хамтарсан “Бомбардье Транспортэйшн (Сигнал)” компанийн боловсруулсан одоо байгаа релейн төвлөрүүлэлтийн системийг хэвээр хадгалан радио сувгаар галт тэрэгний хөдөлгөөнийг удирдах олон улсын практикт анх удаа нэвтэрч байгаа техникийн шийдэл бөгөөд мөн диспетчерийн төвлөрүүлэлт болон диспетчерийн нэгдсэн удирдлагын төвийг ашиглалтад оруулна. Үүнээс гадна ТЕТРА стандартын радио холбооны системийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ” хэмээн мэдээлж байжээ.

“Multiserv Overseas” компани…?

Лондонд бүртгэлтэй. 2010 онд бүртгүүлсэн хаяг дээр  нь оффис, ажилчин гэж байдаггүй болохыг нь тогтоожээ. Их Британийн хуулийн дагуу аливаа компани нь хаяг, хувьцаа эзэмшигч болоод удирдлагуудтай холбоотой өөрчлөлтийг мэдэгдэж байх үүрэгтэй. Дансны хөрөнгөөс үзэхэд жижиг компани бөгөөд хувьцаа нь оффшор бүсэд хамааралтай. Жилийн тайлан гаргаагүйгээс хэд хэдэн удаа татан буугдахад хүрч байсан байна.

Эх сурвалж: Mongolianminigjournal

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …