Монгол Улсын 20 гаруй иргэнээс “Уул уурхайн хөрөнгө оруулалт хийнэ” гэх нэрийдлээр 13 тэрбум төгрөг залилсан гэх АНУ-ын Марита гэгчид холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, өндөрлөлөө.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4, 166.1.3 дахь хэсэгт зааснаар А.Р.Марита, Ц.Цэдэн нарт, мөн хуулийн тусгай ангийн 260.1 дэх хэсэгт зааснаар Л.Бадарч , мөн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.Баяраа нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хурал энэ сарын 19-нд эхэлж, гурван өдөр үргэлжилсний эцэст шийдвэрээ гаргалаа.

Ингээд шүүхээс, А.Р.Маритад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгт зааснаар хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ял дээр мөн хуулийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялын зарим болох хоёр жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жилээр тогтоожээ. 

Мөн шүүгдэгч Ц.Цэдэнд  нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ял дээр, мөн хуулийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 13 жилээр тогтоож, шийдвэрлэжээ. Харин шүүгдэгч Л.Бадарч, Б.Баяраа нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.