П.Батхүлэг: ХЗХ зээл олгохдоо ах дүү, хамаатан садандаа өгсөн зөрчил гарсан байна

– Бичил бизнесийн 14,3 тэрбум төгрөг юу болов? –

2014 онд Нийслэлийн ИТХ-аас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийг баталж, “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” байгуулан, сангийн тогтоолоор хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн үйл явцын талаар Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэгтэй ярилцлаа.

– Танд энэ өдрийн мэнд хүргэе.

– Баярлалаа. Танд өдрийн мэнд хүргэе.

– “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийн сүүлийн үеийн мэдээллээр яриагаа эхлүүлье? Татвар төлөгчдийн мөнгөнөөс 14,3 тэрбум төгрөгийг ХЗХ-дод олгосон нь багагүй шүүмжлэл дагуулсан. Энэ юу болж байгаа вэ?

– Эхлээд энэ хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгөх нь зөв болов уу. Анх тус хөтөлбөрийг 2014 онд хэрэгжүүлэхдээ хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан, хөнгөлөлттэй нөхцлөөр өөрөөр хэлбэл 100 сая төгрөгийн зээлийг жилийн 1%-ийн хүүтэй,  ХЗХ нь цаашаа тухайн хорооны гишүүддээ сарын 1,2% буюу жилийн 14,4%-ийн хүүтэй дамжуулан 1.0-5.0 сая хүртэлх төгрөг олгосон юм билээ. Нийтдээ 150 хорооны 122 хадгаламж зээлийн хоршоонд 14,3 тэрбум төгрөгийг 2014-2016 онд олгосон. Тодруулбал 2014 онд 939,0 сая төгрөг 8 ХЗХ-нд, 2015 онд 11,0 тэрбум төгрөгийг 96 ХЗХ-нд, 2016 онд 18 ХЗХ-нд 2,3 тэрбум төгрөгийг тус тус өгсөн байна.

Бидний зүгээс одоо сайн ажиллаж байгаа ХЗХ-дыг үргэлжлүүлэн дэмжих, хэвийн бус үйл ажиллагаатай хоршоодын мөнгийг эргүүлэн нийслэлд төвлөрүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хяналт шалгалт явуулж байна.

– Хяналт шалгалт хийгдэж байгаа гэсэн үг үү? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

– 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Санхүүгийн Зохицуулах хороо, Нийслэлийн засаг даргын тамгын газар, манай байгууллага гээд 21 хүний хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, 117 ХЗХ-нд шалгалт хийсэн. Энэ үеэр хэвийн бус үйл ажиллагаатай гучаад ХЗХ байгаа гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр ХЗХ-нд хугацаатай үүрэг өгсөн бөгөөд 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  дээрх хоршоодод хяналт, шалгалт хийх ажлыг хийж байна. Дүгнэлт нь хараахан гараагүй байна.

-Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлдэгчээ эргэн төлүүлэх ямар арга хэмжээ авч байна?

-Чанаргүй зээлдэгчээ ХЗХ-оод өөрөө шүүхэд өгч зээлээ төлүүлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа.

-Нийтлэг зөрчил нь юу байсан бэ?

-Шалгалтын явцад зарим хоршоо өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах ажлын байргүй, хорооныхоо иргэний танхимд байрлаж байсан. Зээлийн эрсдэлийн сан болон зээлийн хувийн хэргийн бүрдэл дутуу, зээлийн ангиллыг зохих журмын дагуу хийгээгүй, зээлийн мэдээллээ илгээдэггүй, бүх гишүүд, тэргүүлэгчдийн хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэх тал дээр хангалтгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн. Мөн зээлийг олгохдоо ах дүү, хамаатан садандаа өгсөн зөрчил цөөнгүй  гарсан байна. Энэ бүхнийг засч, сайжруулах, алдаа оноог нь дүгнэхэд анхаарч ажиллаж байна.

-Тэгвэл хөтөлбөрийн алдаа, оноо юу байна?

-Бид өмнөх хийгдсэн ажлын сайн мууг ярих нь зохисгүй. Нэгэнт хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийг хэрхэн сайжруулах мөн нийслэлд 14,3 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлэхэд л гол анхаарлаа хандуулж байна. Улсын хэмжээнд 286 ХЗХ үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ХЗХ-доос 116 нь нийслэлээс хэрэгжүүлж эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан гэсэн үг л дээ. Хөтөлбөрт хамрагдсан үлдсэн зургаа нь өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан ХЗ-ийн хоршоод. Энэ маань өнөөдөр үр дүнгээ өгсөн байх учиртай. Гэтэл анх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхдээ богино хугацаанд хорооны иргэдээс хоршоодоо яаралтай байгуулсан. Энэ нь ХЗХ-ны талаар ямар ч мэдлэг мэдээлэлгүй, зөвхөн зээл авах л хүсэлтэй иргэдийн бөөгнөрөл бий болж, үр дүнд нь хоршоо хөгжихгүй явж ирснийг үгүйсгэхгүй. Мөн ХЗХ-той анх гэрээ байгуулахдаа эргэн төлөгдөх хугацаа нь хоёр жил шүү гэдгээ тодорхой тусгаагүй нь ХЗХ-дод ямар нэгэн байдлаар хариуцлагаас зайлсхийх гарц бий болгосон. Гэх мэтчилэн учир дутагдалтай асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Нийслэлийн санд 14,3 тэрбум төгрөгийг хэдий хэр хугацаанд эргэн төвлөрүүлэх бол? Санаа зовоосон олон асуудал байна шүү дээ?

-Одоо хийгдэж байгаа хяналт шалгалтын дүгнэлтээ үндэслэн гэрээг шинэчлэн байгуулах, дуусгавар болсон ХЗХ-дод тодорхой хугацаанд эргэн төлүүлэх арга хэмжээ авна. Өнөөдрйин байдлаар дамжуулан зээлдэгч “Амин дэм” ХЗХ 80 сая төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна.

Э.Ариун

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …