БНХАУ-ын буцалтгүй тусламжийн мөнгийг гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Засгийн газраас энэхүү тусламжийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэсэн юм.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулахаар гэрээ хийн хамтран ажиллаж байгаа компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дээрх хөрөнгө оруулалтын талаар мэдээллийг өгсөн юм. Мөн хэрхэн зөв зохистой зарцуулах, цаашид дахин төлөвлөлтийн ажлыг илүү хурдацтайгаар өрнүүлэх арга замын талаар санал солилцлоо.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлын эсрэг бүхий л боломж бололцоог ашиглана. Эхний ээлжийн шийдвэрүүд гараад байна. Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-аас хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болсон. Энэ мөнгийг бүхэлд нь дахин төлөвлөлт, шугам сүлжээнд зарцуулах шийдвэрийг гаргаад байгаа юм. Энэ бол та бүхний хувьд маш чухал шийдвэр болж байна. Цаашдаа ч бид аливаа хөрөнгө оруулалтыг дэд бүтэц рүү хийнэ.

Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт, дэд бүтэц байхгүй учраас дахин төлөвлөлтийн бүх ажил зогссон байна. Мөн зарим компани өөрийн хүчин чадлаасаа илүү ажил авч гэрээ хийсэн нь энэ ажлыг удаашруулж, зогсооход хүрч байна. Гуравдугаарт, иргэдийн хүлээлт маш их байна. Бид гурван чиглэлээр ажиллахаар болсон. Нэгдүгээрт, та бүхэнд дутагдаж буй хөрөнгө оруулалт дээр дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ ажлын үр дүнг түргэн шуурхай байлгах үүднээс талбайн хэмжээ дээр ярилцах хэрэгтэй байгаа. Хүчин чадал багатай компани том талбай авч байгаа нь ажлыг удаашруулж байна. Үүнийг бид хувааж олон компани нэгэн зэрэг оруулна. Дараагийн асуудал шугам сүлжээ хүрч чадахгүй байгаа алслагдсан газруудад түлхүү хөрөнгө зарцуулахаар төлөвлөөд байна” хэмээлээ.

“Монгол Улсын Засгийн газраас гэр хорооллыг орон сууцжуулахад томоохон дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзээд өчигдөр санхүүгийн эх үүсвэрийг шийдсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил урагшлахгүй, гацаад байгааг бид бүх талаас нь судалж үзсэн. Нийслэл болон төрийн дээд байгууллагууд анх судалгаа муутай, туршлагагүй эхлүүлсэн. Мөн компаниудын санхүүгийн чадавхигүй байдал, зохион байгуулалтын буруу төлөвлөгөө зэрэг олон асуудал гарч байна. Судалгаагаар одоо төлөвлөсөн байгаа талбаруудад зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг гүйцээж барихад 70 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байгаа. Үүний санхүүжилтыг ирэх жилүүдэд шийдвэрлээд явах бололцоо бий. Хотын зүгээс дэд бүтцээ шийдвэрлэсний дараа тэр талбайг барилгажуулах ажил үлдэж байна. Бид нэг компаниар гүйцэтгүүлээд олон жил хүлээгээд суух биш олон компанийг нэгэн зэрэг ажиллуулж түргэн шуурхай, богино хугацаанд хямд өртөгтэй барилга барих нь чухал уу гэдгийг өнөөдөр ярилцах хэрэгтэй байна” хэмээн нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн юм.

Мөн тэрбээр “Хот болон холбогдох яамны зүгээс дэд бүтцийг шийдвэрлэсний дараа барилгын компанийн хүчийн чадалд тохирсон газрыг олгож ажлыг эхлүүлэх болно. Мөн дахин төлөвлөгдөх орон сууцнууд өртөг хямд, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой” гэдгийг онцолж байв.

Барилгын компаниудын зүгээс дэд бүтэц болон баригдсан барилгын борлуулалтын асуудал дээр бодлогоор дэмжиж ажиллахыг салбарын сайд болон нийслэлийн Засаг даргаас хүсч байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …