Санал тоолох төхөөрөмж худалдан авахаар санаархсан хэрэгт 3 хүнийг шалгаж байна

Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг АНУ-аас худалдан авахаар санаархсан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж, нэр бүхий гурван хүнийг сэжигтнээр татан, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Монгол Улсын иргэн санал тоолох төхөөрөмжийн үнийн саналыг авахаар АНУ-ын “Доминион вөүтинг системс” компанид хандсан талаар өмнө нь Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж байсан. Тус компани бизнесийн байгууллага хэдий ч санал тоолох төхөөрөмжийг Монгол Улсын ямар нэг байгууллага, хувь хүнд худалдахаар бол Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх үүрэгтэй аж. Тиймээс тухайн иргэний мэдээллийг болон өөрсдийн өгсөн хариуг цахим шуудангаар ирүүлжээ. Дээрх иргэн ямар зорилгоор санал тоолох төхөөрөмжийн талаар судалгаа хийж, үнийн санал авахаар санал тоолох төхөөрөмжийг нийлүүлэгч компанитай холбогдсон болохыг шалгуулахаар Сонгуулийн ерөнхий хороо ЦЕГ-т хандаад байсан юм.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өчигдөр мэдэгдэл хийв. Тэрбээр “Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтийн дагуу шалгалт явуулахад энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн 130.2-т заасан гэмт хэрэг байж байж болзошгүй гэж үзсэн. Энэ хэрэгт Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгальмаа, “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын гүйцэтгэх захирал Ш.Ууганбаяр, мөн тус компанийн график дизайнер М.Удаанжаргал нарыг сэжигтнээр татан, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Тэд санал тоолох төхөөрөмжийг хувьдаа эзэмших, өмчлөх ямар зорилготой байсан, сонгуулийн дүнд нөлөөлөхөөр оролдсон эсэх нь мөрдөн байцаалтын дүнд тодорхой болно” гэсэн юм.
 
Монцамэ агентлаг

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн …