Дэлхийд үнэлэгдсэн дуучин Г.Ариунбаатарын багш ярьж байна

17/06/21 10:27

552 Үзсэн

“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тэмцээнээс гавьяат жүжигчин Г.Ариунбаатар романсын төрөлд тэргүүлсэн. Мөн дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан билээ. Энэ цаг мөчид түүний багш гавьяат жүжигчин О.Ичинхорлоотой ярилцлаа.

-Таны шавь дэлхийн сонгодог урлагийн тайзан дээр эх орныхоо нэрийг цуурайтуулж явна. Шавиараа бахархах, баярлах, хайрлах сэтгэлээр дүүрэн суугаа биз?

-Тийм ээ. “BBC” телевиз дээр сувгаа тааруу­лаад тэмцээнийг сэтгэл догдлон үзлээ. Хэдэн шөнө нойр ч хүрсэнгүй. Сэтгэл сайхан байна. Бахархахгүй байх аргагүй үйл явдал юм.  Дэлхийн мэдээллийн томоохон сувгийг түшиглэсэн их өвөрмөц, сонин зохион байгуулалттай тэмцээн болдог.  Би СУИС-д 40-өөд жил багшилж байна. Энэ сургуулийн бүтээгдэхүүн дэлхийн сонгодог дуурийн урлагт хөл тавьж амжилттай яваад баярлаж суулаа.

Г.Ариунбаатар маань Монгол Улсынхаа нэрийг гаргаад зогсохгүй, энэ салбарт ажиллаж байгаа бүх л уран бүтээлчдэдээ урам зориг хайрлалаа. Мөн уран бүтээлчид маань энэ тэмцээнд цагаан толгойн үсгийн дарааллаар оролцож амжилт үзүүлж байна даа хэмээн багш бид хошигнон яриад л суулаа. Г.Ариунбаатар маань дэлхийн хүү боллоо үнэхээр баяртай байна.

-Энэ тэмцээнд өмнө нь Э.Амартүвшин оролцож, мөн л амжилт гаргаж байсан байх аа?

-Тийм шүү. Э.Амартүвшин өмнө нь энэ тэмцээнд оролцож сайхан амжилт үзүүлж байлаа. Сая Г.Ариунбаатартай хамт ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал мөн энэ тэмцээнд оролцсон. Олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг тахлан оролцож байгаа бүхий л хүүхдүүддээ баярлаж өмнөөс нь залбирч суудаг даа.

Асар их хөдөлмөрийн дараа ард түмнээ баярлуулж байгаа нь аз жаргал юм. Энэ удаа Г.Ариунбаатар Монголын сонгодог урлагийн хөгжил дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэн оршиж буйг мөн харуулсан. Ер нь багшийн хувьд шавиараа их л бахархан омогших юм.

-В.И.Чайковскийн уралдаан бол сонгодог уран бүтээлчдийн мөрөөдөл байдаг. Энэ тэмцээнд оролцоход нь таныг их л хичээж бэлдэж байсан гэдэг?

-Дөрвөн жил тутамд болдог В.И.Чайковскийн урлагийн наадмаас 21 жилийн дараа дуучин хүн Гранпри шагналыг авсан нь миний шавь Г.Ариунбаатар байлаа.  Олон орны уран бүтээлчид оролцож дандаа хөгжмийн төрлүүд эсвэл өөр урлагийн бүтээлүүд Гранпри авдаг байсан.

Энэ байдлыг Монголын уран бүтээлч эвдсэн юм шүү дээ. 21 жилийн өмнө ОХУ-ын нэгэн эмэгтэй дуучин авсан байдаг. Би маш их баярлаж, баярласандаа зүрхний өвчтэй болохоо дөхсөн шүү дээ. /инээв/. Багшийгаа тэгж их баярлуулж байсан даа.

-Сая “Дэлхийн дуучин” тэмцээнд Монголынхоо уран бүтээлийг эгшиглүүлсэн нь онцлог байлаа. Сонгодог урлагийн алдартай эксперт Г.Ариунбаатарын дуулахыг сонсоод нулимс унагаж байсан. Уран бүтээлч хүний бас нэгэн аз жаргал омогшил юм даа?

-Тийм ээ. Английн маш их алдартай, дуулах урлагийн эксперт эмэгтэй уйлж байсан. Тэр “Монголын авьяаслаг хүү миний төрсөн өдрөөр, энэ тайзан дээр надад ийм том бэлэг барилаа. Ямар гайхамшигтай дуучин, гайхамшигтай хөгжим бэ” гэж байсан.

Дэлхийн сонгодог урлаг судлалын энэ том төлөөлөл Монголын хөгжмийн урлагт уярна гэдэг бидний хувьд том үнэлгээ байлаа. Би тэссэнгүй хөгжмийн зохиолч Б.Шарав руу залгаж баяр хүргэсэн. Н.Жанцанноровтоо баяр хүргэмээр байна. Энэ хоёрын маань бүтээл хосгүй юм гэдгийг үүнээс харж суулаа.

-Г.Ариунбаатартай багш шавь болсон түүхээсээ хуваалцахгүй юу. Ямар хүүхэд ирж байв?

-Аравдугаар ангиа төгсөөд СУИС-д элсэж байсан юм билээ. Анх Ардын жүжигчин Д.Банди багшийн ангид орж байсан хүү. Тэгээд жил гаруй хичээллээд төлбөр мөнгөний асуудлаас болж хоёр жил гаруй сургуулиасаа завсардсан гэдэг. Тэр хугацаанд хар ажил хийж, зах дээр тэрэг хүртэл түрж байсан гэж дурсдаг юм.

Тэгж явахад нь цагдаагийн “Сүлд” чуулгын дарга, хурандаа Л.Гаваасүрэн тусалж, чуулгадаа дуучнаар авч, эргээд СУИС-ийн дуулаачийн ангид оруулж байлаа. Тэгээд би Г.Ариунбаатартайгаа багш шавь болж байсан. Их сайхан хоолойтой, авьяаслаг хүүхэд байлаа.

Анх сонгодог бүтээлүүдийг онолын ямар ч мэдлэггүй яг л хүүхдээрээ ари романсыг хамаагүй дуулж орж ирсэн. Тэгээд багш хүний хувьд “Чи ямар хамаагүй, хаанаас ирсэн амьтан бэ” гээд л загнаж байсан. Тэгсэн Г.Ариунбаатар маань инээд алдаад л зогсож байна. Ер нь дандаа инээж явдаг хүн шүү дээ. Тухайн үед би хүүхдийнхээ авьяасыг олж харсан учраас тийм ааш гаргаж байсан юм.

-Тэгээд хэзээнээс та хоёр хичээллэж эхлэв?

-Загнуулаад гарснаас хойш хоёр хоногийн дараа Д.Банди багшийн концертмейстер Ц.Уртнасан орж ирээд “Та Г.Ариунбаатарыг авч дуучин болгооч. Д.Банди багш маань нас барчихлаа. Энэ хүүхдийн авьяас нь хайран байна” гэдэг юм байна. Тэгээд хэд хоногийн дараа Г.Ариунбаатар “Багшаа уучлаарай. Та намайг шавиараа аваач. Би хичээж зүтгэх болно оо” гэсээр ирж билээ.

Тэгж бид хоёр албан ёсоор багш шавь боллоо. Хичээлээс завсардсан байсан ч уйгагүй хичээллэсэн. Их онцгой хүүхэд байлаа. Хүний зааж байгаа зүйлийг салхи залгиж байгаа мэт өөртөө авдаг. 10-аад хичээлийн дараагаас онцгой авьяастай, онцгой хичээл зүтгэлтэй нэгэн болох нь мэдрэгдсэн.

Би их олон жил багшилсан хүн. Гэхдээ Г.Ариунбаатартай хичээллэх тусам улам л их зүйлийг заамаар санагдтал багшийн хайрыг татсан хүүхэд. Багш хүн эргээд сурагчаасаа их зүйл сурдаг шүү дээ. Түүн шиг шавиасаа маш их зүйл сурсан.

-Анхны тэмцээн М.И.Глинкийн уралдаан байсан уу. Ер нь Г.Ариунбаатарын дуучин болсон зорилго нь олон улсын уралдаануудад орох байсан уу.  Аль эсвэл тухайн үеийн зохиолын дуучид шиг уран бүтээлч болох байв уу?

-Анхнаасаа л сонгодог урлагийн дуучин болох хүсэлтэй орж ирсэн. Сургуулиа төгсөөд амьдралын эрхээр нэг хэсэг зохиолын дуу дуулсан. Сургуулиа төгссөний дараахан нь би шавьдаа “Одоо дөрвөн жилийн дараа Чайковскийн уралдаан болно. Тэрэнд чи орно. Одооноос бэлтгэх ёстой” гэсэн. Ариука маань “За багшаа тэр нь юу байдаг юм бол. Та мэдээрэй л” гэж байна. Тэгээд хоёулаа уйгагүй хичээллэсэн. Нотоо тэврээд л гүйгээд байдаг байлаа.

Уйдна ч гэж үгүй, уйгагүй ч гэж жигтэйхэн хүүхэд шүү дээ. Би  2011 онд өөрийн уран бүтээлийн сонгодог тоглолтоо Дуурийн тайзнаа хийсэн байлаа. Тэнд Г.Ариунбаатараараа В.И.Чайковскийн хоёр ч том романсыг оркестртой дуулуулсан. Маш сайхан дуулсан. Хөгжимчид болон хүрэлцэн ирсэн хүмүүс босож баяр хүргэж байлаа. Ер нь тэр тоглолтод оролцсон миний шавь нарт үзэгчид маш их урам өгсөн дөө.

Түүний дараа Г.Ариунбаатар “Багшаа Буриадад нэг уралдаан болох гэнэ. Би тэрэнд орвол яах бол” гэсээр ирсэн. Тэгэхээр нь  “Үгүй ээ. Чи бид хоёр болоогүй. Бид хоёр Чайковскийн уралдаанд л орно” гээд гаргасан. Тэр үед миний толгойд энэ уралдаанд л асар их бэлтгэх хэрэгтэй гэсэн бодол байсан. Шавийгаа өөр ямар ч уралдаанд оруулахгүй гэсэн бодолтой.

-Гэхдээ В.И.Чайковскийн уралдаанаас өмнө Глинкт орж тэргүүн байрт орсон шүү дээ. Тэр Г.Ариунбаатарын шийдвэр байсан юм уу?

-Надтай зөвлөсөн. Нэг өдөр “Багшаа Глинкийн уралдаанд орж үзвэл ямар вэ” гэсээр орж ирсэн.  Би ч бас хичээл зүтгэлийг нь үнэлэх хэрэгтэй гэж шийдээд зөвшөөрч байлаа. Тэгээд тэр тэмцээнд жил гаруй бэлтгэсэн дээ. Тэмцээнд явахыг даваан дээр би нуруугаа гэмтээсэн юм. Гэхдээ шавийнхаа хичээл зүтгэлийг хараад орхиж хагалгаанд орох, хэвтээд байх надад утгагүй санагдсан.

Суга таягтай хөгжмөө тоглоод л заавар зөвлөгөөгөө өгөөд явсан. Яг явуулсны дараа жаахан айж байлаа. Олон улсын том тэмцээн учраас уран бүтээлч жаахан л алдаа гаргах юм бол хонх цохиод л зогсоочихдог. Тэгэх вий. Хүсэл зорилгыг нь мөхөөчих вий гэж эмээж байлаа. Харин шавь маань тэнд гайхамшгийг үзүүлж Олон улсын томоохон тэмцээнд анх удаа оролцоод тэргүүн байр эзлээд ирсэн дээ.

Явахад нь суга таягтай үлдсэн би ирэхэд ч юун өвчин зовлон маш богино хугацаанд эдгэсэн. Онгоцны буудал дээр байдгаараа гангараад л угтаж авсан. Ер нь би ямар ч шавьдаа ээжийн ёсоор ханддаг. Нэгэнт миний лабораторид сураад амьдралын, уран бүтээлийн замд гарч байхад нь би сэтгэл тавихгүй бол болохгүй шүү дээ.

-Г.Ариунбаатарын хоолой баритон дотроо яг аль ангилалд нь багтдаг вэ?

-Баритон дотроо өндөр, өндөрлөг хоолой. Өөрөөр хэлбэл уянгын баритон хоолой гэх юм уу даа. Дээшээ их өндөр гардаг. Нарийн өнгийг их сайн дуулдаг. Тийм сайхан хоолой доо. Зарим дуучид ихэнхдээ дээд талын өнгөн дээр тээглээд байдаг.

Тэгэхэд манай Г.Ариунбаатарын хоолой дээшээ маш сайн гардаг. Энэ хүүхдэд юу сургаж, юу өгсөн түүнийхээ хариуг авч чадлаа гэж бодож байна. Энэ л багш хүний жаргал юм даа.

Эх сурвалж:Зууны мэдээ

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


5 − 5 =