Охидоо хаана нууж, хамгаалах вэ?

-Энэ удаагийн хэрэг амиа хорлолт мөн гэдгийг хэн ч батлаагүй, нотлоогүй тул Монголын нэр бүхий өмгөөлөгч, хуульчид үүнд анхаарлаа хандуулж, хүнлэг энэрэнгүй зарчмыг баримтлан үнэн мөнийг тогтооход нэмэр болохыг уриалж байна. Улс төрийн асуудал бол эцсийн дүндээ эрх мэдэл, мөнгөө булаацалдсан этгээдүүдийн л тэмцэл. Тэд нийгэмд жин дарах учиргүй-

Охинтой минь чацуу, цэцэг цэврүү шиг залуухан охин 22-хон насандаа амиа алдлаа. Түүнийг амиа хорлосон гэх мэдээлэл гадуур цацагдаж байгаа ч энэ нь эцсийн дүгнэлт биш билээ. Учир нь хөөрхий энэ охины үхэл маш олон таамаг, нууц, ээдрээг араасаа дагуулж байна. Нийгэм яг одоо Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгуулиар амьсгалж байгаа ч нэр дэвшигчдийн хэн нэг нь зайлшгүй ялж, төрийн тэргүүн болох нь тодорхой. Монголчуудын амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэх нь ч ойлгомжтой.
Гэвч нөхөртөө, найз залуудаа зодуулж амиа алдсан, бусдын дарамтад өртөж амиа хорлосон, эсвэл бүр хэн нэгэн гаж сонирхолтой этгээдийн таашаалыг гүйцэлдүүлэх золиос болсон охидын тоо өссөөр байгааг яах вэ. Тиймээс охид, бүсгүйчүүдээ яаж хамгаалах вэ.
Хар нялхдаа өнчирч, хорвоо дээр цор ганцаархнаа үлдсэн охин ээжийнхээ араас учир битүүлгээр одчихлоо. Цахим ертөнц, мэдээллийн хэрэгслээр шуугиж буй энэ асуудлын ээдрээг тайлах үүрэгтэй төрийн албад энэ хэргийг үнэн зөвийг олоосой хэмээн олон нийт хүсч байна.

Талийгаач амиа хорлосон эсэх нь тогтоогдоогүй

Болсон явдлыг олонд цацагдсан мэдээллээр тоймлон хүргэх хэрэгтэй байх. Талийгаач бүсгүй өнгөрсөн сарын 22-нд 22 нас хүрчээ. Хамгийн эмгэнэлтэй нь тэрээр 14-хөн хоногийн дараа буюу 2017 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах “Нарны хороолол”-ын хамгийн өндөр барилгын 22 дугаар давхрын салхивчны цонхоор унаж амиа алдсан байх юм. Гол нь түүний үхлийн талаар Фейсбүүкт мэдээлэл тархаагүй бол хэрэг хаагдаад өнгөрөх байсан нь тухай олон нийт шуугиж буй юм.
Мөн талийгаачийг өсгөсөн нагац эгч нь энэ талаар хэвлэлд ярилцлага өгснөөр олон нийт арай илүү мэдээлэл олж авсан билээ. Тэрбээр хэргийн талаар “Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр захирал нь архи уугаад “Машин бариад гэрт хүргэж өг” гэсэн юм билээ. Охин маань над руу утасдаад “Захирал намайг машин бариад хүргэж өг гээд байна” гэж хэлсэн. Би “Наашаа хүрээд ир ээ. Наад хүмүүсээ орхиод гараад ир ээ” гээд дуудсан. Охин маань ч удалгүй гэртээ хүрээд ирсэн л дээ. Гэртээ орж ирээд л усанд ороод унтаад өгсөн. Талийгаач маргааш ажил дээрээ очиход захирал нь ажил дээрээ согтуу хоносон гэж байна лээ. Тэгээд над руу тавдугаар сарын 31-ний 13:00 цагийн орчимд залгаад “Захирал намайг зодчихлоо” гэж хэлсэн. Захирал нь охиныг минь хүчирхийлэх гэж завдаж, эсэргүүцэхэд нь нүдийг нь хөхөртөл цохисон байсан. Охин минь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдлөө бичиж өгчихөөд, нүд нь хөхөрчихсөн гэртээ ороод ирсэн. Миний охин эцсээ хүртэл цагдаагийн байгууллагаар явна л гэсэн бодолтой байсан. Захирал нь дарамтлангуут л амиа хорлохоор сэтгэлзүйтэй хүн ч биш. Архины үнэр ч авч чаддаггүй, согтуу захиралтайгаа маяглаад суух хүн биш л дээ. Талийгаач маань их хөөрхөн охин байсан. Тийм болохоор би үргэлж л санаа зовж явна” гэж ярьжээ. Эндээс харахад, гадуур охиныг амиа хорлосон мэт мэдээллийг хэн нэгэн зориуд тараасан мэт. Шүүхийн шинжилгээний алба, ЦЕГ, УМБГ-аас энэ хэргийн учгийн талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байгааг ч дахин анхааруулах ёстой.Талийгаач захиралдаа зодуулсныхаа дараа ямартай ч цагдаагийн байгууллагад хандаж, гомдлоо бичгээр баталгаажуулсан атал өргөдөл нь алга болсныг ах нь нотолж байгаа ч ЦЕГ-аас өргөдөл алга болсон зүйл байхгүй гэдгийг мэдэгдсэн.

“Сохо мебель”-ийн захирал Н.Жадамбаа гэж хэн бэ

Энэ хүний тухай мэдээлэл өмнө нь тэгтэл их гарч байсангүй. Гэвч бусдын үхэлтэй холбоотойгоор сүүлийн үед сонгуулиас илүү шуугиан тарьсан хүн болж хувирлаа. Түүний талаар мэдээлэл хайсан боловч компанийнх нь албан ёсны цахим хуудас хаагджээ. Юутай ч энэ компани Европ, Азийн өндөр үнэтэй тавилгыг эх орондоо оруулж ирдэг ба чамгүй олон жил үйл ажиллагаа явуулсан гэдгийг хүмүүс мэдэх байх. Хэд хэдэн том дэлгүүртэй тус компани гадаад худалдааныхан дотроо амжилттай гэгддэг аж.
Харин Н.Жадамбаа гэгч нь “Сохо ммебель” компанийн Ерөнхий захирал бөгөөд, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг гэнэ. Үүнээс өөр тоймтой мэдээлэл одоохондоо олдоогүй ч Н.Жадамбаагийн охид, хүүхнүүдтэй холбогдсон яриа гадуур нэлээн гарах болов. Үнэн, худал нь тодорхойгүй ч Гоёл наадмын Топ модель С.Ариунбилэг рүү бичсэн Н.Жадамбаагийн мессэж гэх тасалсан зураг сошиал орчинд таржээ. Энд бичсэнээр Н.Жадамбаа С.Ариунбилэг рүү “Hi ahtaigaa haaya uulzchad sain uramshuulal avahad asuudal yu bn, yamar hen heniihee huviin asuudald oroltsoh bish, bas gaduur hutlultsuh yavah bishde” гэсэн бол Топ модель дахин ийм асуудал гаргавал энэ мессэжийг нь олон нийтэд үзүүлнэ гэх утгатай хариу бичсэн байх юм. Түүнчлэн энэ бүхнээс өмнө Н.Жадамбаатай амрагийн харилцаатай байсан нэг бүсгүй мөн амиа хорлосон гэх яриа ч чих дэлсээдэхлээ.
Энэ бүгд батлагдаагүй. Гэвч яагаад Н.Жадамбаа гэгч баян тарган, том компанийн захиралтай холбоотой ийм мэдээлэл олноор гараад байна вэ. Хууль хүчнийхэн энэ хүнийг шалгав уу. Хамгийн зоригтой байснаараа 22 настай талийгаач бүсгүй амиа алдав уу. Ямар ч гэсэн талийгаач нас барахаасаа өмнө цагдаад өргөдөл гаргаснаасаа болж Н.Жадамбаад дарамтлуулж, сүрдүүлэгт орсныг нагац эгчийнх нь ярилцлагаас уншиж болно.

Төрийн төмөр нүүрээ харуулах ёстой

Мөнгө хүнийг эвддэг аж. Эсвэл угийн суурь муутай хүн мөнгөний хүчинд амташдаг бололтой. Ганц энэ талийгаач бүсгүй гэлтгүй мөнгө, нэр сүрээрээ олны танил болсон олон хүн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаж байсан. Гэвч хэн нь үүнээсээ болж ял эдлээгүй, шийтгэгдээгүй.
Харин ч хүчирхийллийн золиос болсноо зарлаж, гомдол гаргасан бүсгүйчүүд буруутан болж, хүчтэний өмнө хүчгүй болоод үлдсэн. Нэг хурган компанийн захирал ч биш төрийн хүчний том байгууллагын дарга, УИХ-ын гишүүн, сайд нар ч улаан махны асуудалд орооцолдож байв. Мөн баян тарган аавын хөвгүүд ч үүнээс болж түмний шившиг болсон ч ялгүй өнгөрсөн.
Мөн маш олон охид бүсгүйчүүд ийм бузар хэргийн хохирогч болсон ч ичиж эмээхдээ гомдол гаргалгүй өнгөрдөг. Үүнээс болж насан туршдаа сэтгэлдээ хар толботой хоцорч, эр хүн бүрийг тэдгээр адгуусаар хэмжих гомдол зүрхэнд нь үлдэж байгаа. Бас сэтгэлийн шаналлаа даалгүй амиа хорлох нь бий.
Харин энэ удаагийн хэрэг амиа хорлолт мөн гэдгийг хэн ч батлаагүй, нотлоогүй тул Монголын нэр бүхий өмгөөлөгч, хуульчид үүнд анхаарлаа хандуулж, хүнлэг энэрэнгүй зарчмыг баримтлан үнэн мөнийг тогтооход нэмэр болохыг уриалж байна. Улстөрийн асуудал бол эцсийн дүндээ эрх мэдэл, мөнгөө булаацалдсан этгээдүүдийн л тэмцэл. Тэд нийгэмд жин дарах учиргүй.
Харин ард түмнийг бүрдүүлж буй энгийн иргэн хохирсон хэрэг нь эцэстээ нийгмийн тулгамдсан асуудал болж, бүх нийтийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Хуульзүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, ЦЕГ, хуульч, өмгөөлөгч нар үүнийг онцгой анхаарах шаардлагатай болов уу?.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …