Л.Цэрмаа:Алсан ирвэсээ араганд хийгээд үүртэл ам нь хүзүүн дээр ангалзаад дотор арзайлгаж байсан

1983 онд хоёр ирвэс агнасан эмэгтэйн талаар шуугин дэгдэж байв. Тухайн үед одоогийнх шиг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ хөгжөөгүй байсан нь тэр үйл явдлыг хүмүүс мартахад хүргэжээ. Тэгвэл тэрхүү хачирхалтай түүхийн эзнийг олж, тухайн түүхийг сийрүүлэхийг зорилоо. Тэр хүн бол Баянхонгор аймгийн Бууцагаан сумын дөрөвдүгээр багийн иргэн, Цэрмаа гэгч буурал юм. Уг үйл явдал болдог жил тэрээр 45 настай байжээ.

Таны тухай баатарлаг түүхийг одооны хүмүүс сонирхуулахад үлгэр домог шиг сонсогдох нь гарцаагүй. Энэ түүхээ та сийрүүлэхгүй юу?

Бид Богд хайрханаа Богд аав хэмээн эртнээс шүтэж ирсэн. Энэ хайрхан уулын баруун талд Нурамт ташуу гэж газар үхрийн ферм байгуулж, гурван том хашаа барьсан юм. Манайх тэнд  1983 оны өвөл өвөлжиж байлаа. Цагаан сар арай болоогүй. Би хоёр жаахан хүүхэдтэйгээ байлаа. Нөхөр багийн хуралд суухаар явчихсан, эзгүй. Нэг шөнө нохой хуцаад, хонь үргээд уналаа. Би ч сандарч монгол гутлаа холхинодог углаж, нөмгөн дээл нөмрөөд гарлаа. Сар буучихсан, хонь хашааны ам руу бөөгнөрөөд хотны мухарт л нэг юм байх шиг байна. Цагаан сар дөхсөн байсныг санахад 27-ны сар байсан болов уу. Би ч хонин дундуур чихсээр цаана юу байгааг харахаар дөхлөө. Нохой хормойн доогуур гүйгээд хонь яраад давхичихлаа. Хонины цаана гараад харах гэсэн шар бууц босчихоод юу ч харагддаггүй. Тэгэхээр нь доошоо суугаад хартал нэг их урт шар эрээн амьтан хонь барьчихсан дээр нь дараад байж байх юм.

Тэгээд та яасан бэ. Айж цочирдов уу?

Монгол хүн чинь хэдэн малаа л гэдэг хойно би хаая хүүе гээд ориллоо, тоодоггүй. Хашаан дээрээс чулуу, хөр авч шидээд бас тоодоггүй. Тэгэхээр нь буцаж хонины хашаанаас гараад хужирын хамгаалалттай хайсанд нэг урт иштэй хүрз байсныгаа аваад хонин дотроо буцаад орлоо. Тэр хоорондоо манай энд могой баймааргүй юм. Амьтан хүний ярих нь морин, хонин шилүүс элбэг байдаг гэлцдэг, тэр юм болов уу гэсэн шүү юм бодов.  Тэгээд дөхөж очоод их биений гол, сэрвээний арай хойгуур гурав цохилоо. Гурав дахь цохилтод хүрзний иш хугараад уначихлаа. Уртхан ганжингийн чинээ модтой л хоцорлоо. Миний урд манай нохой боргоогоод зогсчихсон. Яадаг билээ гээд бодож байтал нөгөө амьтан буур шиг тачигнаад, хүрхэрээд, дарж байсан хонь нь давхиад явчихлаа. Тэгтэл нөгөө амьтан бөгсөө чирж явсаар байгаад хороогоод шажигнатал маажаад авираад гарчихлаа. Би ч нөгөө ганжин шиг модоороо толгой руу нь хоёр, гурав цохитол хорооны цаад тал руу уначихсан. Тэгсэн хороон дотор дайрахгүй байсан нохой хороо даваад гарахад нь араас нь давхиад баричихсан. Дараа нь хүнээс сонсоход ирвэс гэдгийг нь мэдсэн. Тэр том амьтныг нэг хүн, нэг нохой ч алж дийлэхгүй юм билээ.

Тухайн үед хоёр ирвэс байсан гэх яриа байдаг шүү дээ. Яаж нөгөөхийг нь алсан юм бэ?

Тэр орой тавьсан жижиг малнаас зургаа байхгүй байсан. Үүр ч цайлаа. Би арагаа үүрээд нохойгоо дагуулаад хойд хар уулын тэг дунд очоод дурандсан юм. Аргамжаатай морь маань байна. Байна даа гэж бодчихоод аргаа буулгаад суутал л нохой миний яг хажуугаар хар хур гээд давхилаа. Юу болов гээд хартал миний яг хажуугаар урьд шөнийн амьтан гүйгээд гардаг юм. Тэгээд хажуугийн хамар даваад давхичихлаа. Тэгэхээр нь нохой барьчихдаг юм болов уу гээд аргаа чирээд араас нь гүйлээ. Хамар даваад хартал нэг их холдоогүй нэг цохион дээр очоод наалдчихсан байна. Наанаас нь нохой боргоочихсон, өөдөөс нь архирсан байдалтай байна.

Дассан нохой бард хуцна гэдэг шиг шөнө нэгийг алчихсан болохоор зоригтой байсан юм уу даа, үүдэн хоймрын зайтай ойртож байгаад дүнсэн тамхины хиртэй хоёр чулуу аваад шидлээ. Чулуу яг хаа, сэрвээн дээр нь онолоо. Тэгсэн наашаа унаж, нохой дээрээс нь дараад авсан. Ингэж тэр өглөө таарсан ирвэсийг амархан алсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …