Ээж нь охиндоо ганц л зүйлийг захье

Бэлтэй эрийн энгэр нь цоорхой, сэтгэл нь нимгэн болчихсон байдаг юм. Түүнд буруу байгаа юм биш шүү! Сэтгэлийг нь нимгэртэл зүлгэсэн, энгэрийг нь цоо, цоо хатгасан эдэнд нь дурладаг бүсгүйчүүдэд байдаг юм.
Үнэтэй зүйлсээр биеэ ороогоод сэтгэл дүүрэн жаргалтай байна гэж бодвол алт, мөнгө, эрдэнэс аль нь ч бай “чулууг” тэвэрлээ гээд өвлийн хүйтэнд дулаацуулахгүйг, шөнийн харанхуйд чамайг минь хамгаалахгүйг ойлго.
Албаны өрөөнд хаан шиг загналаа ч бурхан биднийг хатан бай гэж амьдралд илгээснийг мартаж болохгүй. Алдар нэртэй сайхан бүсгүй ч хорвоогийн жамаар хуучирдаг учраас амьдралд чамаас юу үлдэхийг, үлдэгсэд чамайг юу гэж дурсахыг ахиад нэг тунгаан бод.
Халаасандаа юу ч үгүй байлаа ч харанхуйд түшээд алхах, даарах үед чинь энгэрээ дэлгээд зогсох, хазахад чинь өхөөрдөөд үнсэх, элгэндээ бөөцийлж тэврэх яг л чиний аав юм шиг загнадаг эр хүнийг л сонго. Тэд чамд гомдвол нулимсаа унагана. Харин хэзээ ч чамайг уйлуулж чадахгүй. Тэд чамайг урвах юм бол өөрийгөө зэмлэнэ. Харин хэзээ ч чамайг зүхэхгүй. Эр хүнийг ирээдүйд аав болох хүн мөн үү? гэж харж ханил. Түүнээс биш эд баялагтай болох нь уу? гэж бодвол ирээдүй чинь яг л энэ өчүүхэн бодол шиг тарчигхан байх болно. Ээж аавых нь хувьд охинд минь таарах эр хүн хорвоо дээр ганцын төдий ч байхгүй. Учир нь чи минь юу юунаас илүү төгс төгөлдөр. Гэхдээ охинд минь хайрлагдах азтай залуу ганц л бий. Тэр бол бидний гараа өргөн бууж өгч чадах чиний минь сонголт юм шүү! Хамтдаа хоосон байж үз, хамтдаа өлсөж үз, хамтдаа унаж үз. Хамтдаа бус гагцхүү нэг нь л босох гэж хичээвэл ганц далавчтай шувуу тэнгэрт нисч чадахгүйтэй адилхан. Хэрвээ хамтдаа босч чадвал тэр чинь жинхэнэ хайр бас аз жаргалтай төгсгөл байх болно.

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …