Монгол Улсад Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн баяр тохиож байна

Монгол Улсад Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 92 жил, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар байгуулагдсаны 60 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Яг одоо Төв цэнгэлдэх хүрээлэнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн анги салбаруудын нэгтгэл, Онцгой байдлын ерөнхий газар болон Иргэний нисэхийн ерөнхий газар, авиа компаниудын хамтарсан жагсаал, парад зохион байгуулагдаж байна. Мөн шүхрийн буулт, урлагын тоглолт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж байна. Энэхүү баярын арга хэмжээ Монгол Улсын аварга цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанаар үргэлжлэх юм.

Баярын арга хэмжээний үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Эрхэм хүндэт агаарын тээвэрчид ээ!

Монголын иргэний нисэхийн салбарын алтан хэлхээ болсон ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл, энэ салбарын нийт ажилтан, албан хаагчид,агаарын тээврээр үйлчлүүлэгч хүндэт иргэд ээ.

Та бүхэндээ Монгол Улсад Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 92 жил, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар байгуулагдсаны 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын агаарын тээврийн салбар нь эх орноо батлан хамгаалах, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад түүхэн үүрэг гүйцэтгэж, үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бахархам түүхтэй билээ.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд иргэний нисэхийн салбар нь гадаад ертөнцөд гарах гол гарц төдийгүй үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл гэж үзэн агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцож төрийн бодлогоор дэмжин хөгжүүлж байна.

УИХ-аас 2013 онд баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д тусгасны дагуу үндэсний агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжин бэхжүүлэх, парк шинэчлэлт хийх, орон нутгийн нисэх буудлуудын зэрэглэлийг дээшлүүлэнтом оврын агаарын хөлөг хүлээн авах боломжтой болгох, олон улсын шинэ чиглэл нээж, зорчигч, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, бүсийн зангилаа төв болох зорилтын хүрээнд олон ажлыг бид хэрэгжүүлж байна.

Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжил жил ирэх бүр эрчимжин, уул уурхайн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбартай уялдан ачаа, зорчигч өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг дагаад агаарын тээвэрлэгч компаниуд агаарын хөлгийн паркийн хүчин чадлаа нэмэгдүүлж, орон нутагт төдийгүй олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулан ажиллаж байгааг онцлох нь зүйтэй.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогод тулгуурлан орон нутгийн болон олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар тус салбарт үнэ тарифыг бууруулах”, “жижиг нисэх онгоц, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлж, гамшгаас хамгаалах, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ, иргэний агаарын тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр ашиглах” гэсэн зорилтыг тусган энэ хүрээнд хорь гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эдгээр ажлыг бид шат дараатай, эрчимтэйгээр салбарын мэргэшсэн хамт олонтой хамтарч хийж хэрэгжүүлнэ. Орон нутгийн нисэх онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын нөөц нисэх онгоцны буудал байгуулах бөгөөд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах, шинэ нисэх буудлыг улсын нийслэлтэй хурдны замаар холбох гээд Засгийн газраас агаарын тээврийн салбарт их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна.

Агаарын тээвэрчид ээ,

Нэн хариуцлагатай Иргэний нисэхийн салбарт агаарын хөлгийн найдвартай ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, нислэгийн тоо, үйлчилгээний соёл, үйлчлэх хүрээгээ тэлэн сайжруулж, олон улс хийгээд бүс нутагтаа өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж хүн арддаа үйлчилж чадна гэдэгт итгэл төгс байна.Эх орноо батлан хамгаалах болон иргэний нисэхийн салбарыг өнөөдрийн хөгжилд хүргэхийн төлөө нөр их хөдөлмөр зүтгэлээ зориулж явсан ахмадууд, эдүгээ хөдөлмөрлөж буй тэнгэрлэг хамт олон та бүхэндээ ажил бүтээлийн дээдийг, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхэн сайхан баярлаарай.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …