М.Оюунчимэг: Төв банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 14 тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 онд явуулсан үйл ажиллагаанд шалгалт хийсэн билээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 онд явуулсан үйл ажиллагаанд шалгалт хийсэн дүгнэлтээ байнгын хороогоор хэлэлцсэн. Дүгнэлтийг сонсч байхад Монголбанкны алдагдал хэрээс хэтэрчээ гэсэн ойлголт авлаа. Энэ талаар ажлын хэсгийн гишүүний хувьд мэдээлэл өгөөч?

-Монголбанкны 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд явуулсан үйл ажиллагаанд ажлын хэсэг шалгалт хийсэн. Зарим нэг хүмүүс улстөржүүлж, сонгуультай холбох гээд байсан болохоор эориуд онцолж байгаа юм. Миний хувьд өмнө нь эдийн засгийн чиглэлээр дагнаж, тойм нэвтрүүлэг хийж байсан тоймчийн хувьд, УИХ-ын гишүүний хувьд ямар нэгэн бизнесийн ашиг сонирхол байхгүй тул ажлын хэсэгт багтан хариуцлагатай ажилласан. Яагаад заавал 2012-2016 оныг сонгон ажлын хэсэг шалгалт явуулсан бэ гэхээр 2012 онд Монголбанк цэвэр дүнгээрээ алдагдалгүй ажиллаж байсан юм. Нэг үгээр хэлбэл маш сайн ажиллаж байсан. Заавал байлгах валютын нөөц, Монголбанкны өөрийн хөрөнгө байх ёстой баланстаа байсаар ирсэн.

Харамсалтай нь, 2012 оны наймдугаар сараас эхлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд Монголбанкны алдагдал хэвийн байх хэмжээнээсээ хэтэрч, сөрөг үзүүлэлтэд орсон. Монголбанкны хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар мэдрэгдсэн. Ам.долларын ханш 2500 төгрөгт хүрсэн бол одоо 2480 төгрөгтэй тэнцэж байна. 60 гаруй мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан гэдэг статистик бий. Үүний гол шалтгаан нь ханшийн эөрүүнээс болсон. Эдийн засагт улаан гэрэл үргэлжилсээр байсан тул Хятадаас своп зээл авсан. Уг зээлийнхээ хүүгийн төлбөрт бид байгаа бүхнээ тавьж, эцсийн бүлэгтээ ОУВС-гийн хамгийн хэцүү нөхцөлтэй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахдаа хүрлээ. Эдийн засаг ийм болсон шалтгаан нь юу байв гэдгийг тодорхойлох нь ажлын хэсгийн гол үүрэг байлаа.

-Дүгнэлт дээр нэлээд олон зүйлсийг дурдаж байсан л даа. Тэднээс онцлоод хэлэх зүйл нь юу байгаа бол?

-Таны хэлсэнчлэн үнэхээр олон зөрчил дутагдал байна. Монгол Улсын хуулийг зөрчиж хулгай хийсэн гэж хэлэхэд ч багадахаар. Нэг үгээр хэлэхэд, цөлмөчихөж. Зөвхөн Төв банкны алдагдалтай холбоотойгоор ярихад Монголбанк өөрөө зах зээлийн зарчмаас гадуур үйл ажиллагаа явуулснаар төсвийн шинжтэй зардал бий болгосон байна. Уг нь Төв банк арилжааны банкууд шиг үйл ажиллагаа явуулах ёсгүй. Өнгөрсөн хугацаанд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал төсвийн шинжтэй үйл ажиллагаа асар их явуулсан нь алдагдал бий болох үндсэн шалтгаан болсон. 2011 онд гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж эдийн засаг 17 хувь хүртэл өссөн дөө. Тэр үед манай улсын валютын нөөц түүхэндээ анх удаа 4.2 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь бизнес цэцэглэх, томоохон аж ахуйн нэгжүүдээс гадна ханган нийлүүлэх жижиг компаниуд тэр дундаа өрхийн бизнес хөл дээрээ тогтож эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байсан.

-Тэгээд яасан юм бол?

-2012 Оны сүүлээс эхлээд цугларсан байсан валютын нөөцийн зарцуулалт буруу тийшээ явсан. Өөрөөр хэлбэл, бодлогын бус арга хэмжээнуүд авсантай шууд холбоотой. Төв банк өөрийн хөрөнгө болох дотоодын арилжааны банкуудтай своп, форвард хэлцэл гэсэн сайхан нэрийн доор 3.1 тэрбум ам.доллар буюу нийт 7.1 тэрбум ам.долларыг 2013-2015 онд интервенци нэрээр Төв банкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргап зах зээлд нийлүүлсэн. Интервенц ам.долларын ханшийн хэт өсөлтийг зогсоох, тогтвортой байлгах ёстой л доо. Гэтэл 7.1 тэрбум ам.доллар буюу 14 их наяд төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн байна.

-Та интервенц хийгдээгүй гэх гээд байгаа юм уу?

-Интервенц хийгдсэн бол ам.долларын ханш буурах ёстой. Гэтэл эсрэгээрээ төгрөгийн ханш 80.8 хувиар суларсан. Энэ ханшийн зөрүүний асуудал чинь өөрөө Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд маш ноцтой нөлөө үзүүлж, Төв банк валютын нөөцгүй болсон.

Яг энэ үед нь Дэлхийн банк, ОУВС гээд дэлхийн санхүүгийн байгууллагууд “Жилд хоёр тэрбум ам.долларын интервенц хийдэг улс Монголоос өөр байхгүй. Та нар галзуу юм шиг валют гаргаж байна. Ингэж болохгүй, болгоомжтой хандах ёстой’ гэдгийг хэлж байсан юм билээ. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч гэсэн гишүүд Н.Золжаргал ерөнхийлөгчөөс юу болоод байна. Зах зээлд ийм их доллар нийлүүлж, арилжааны банкуудтай ийм ашиггүй форвард хэлцэл хийгээд байх юм. Ямар тооцоо, судалгаа байна” гэж хүртэл асууж байсан байдаг.

2013 онд хоёр тэрбум ам.долларын интервенц хийлээ гэхэд тооцоо судалгаа хийгээгүй байна гээд дараа дараагийнхаа арга хэмжээг авахдаа анхаарч болох байсан ч тэгээгүй. Н.Золжаргал гэдэг хүн яг юу хийж байсан байна аа. Төгрөгийн ханш нэмэгдэж, валютын ханш сулрах ёстой байтал ямар ч өөрчлөлт гараагүй. Энэ нь Төв банкны ерөнхийлөгчийн хувьд байж боломгүй үйлдэл байсан. Монголбанкны хуримтлагдсан гурван их наядын алдагдал юунаас үүсэв гэхээр Төв банкны сүүлийн таван жилийн бодит бус алдагдал төгрөгийн ханшийн сулралтай холбоотойгоор үүссэн алдагдал, гадаад валютын тэгшитгэлийн алдагдал, зах зээлийн хүүгээс доогуур хүүтэй зээл олгосноос үүдэлтэй алдагдлаас болсон. Энэ нь валютын нөөц, Монголбанкны өөрийн хөрөнгө хасах гэдэг тоонд ороод дэлхийн 124 орноос сүүлээсээ тавд орж улаанаар тэмдэглэгдсэн байна. Ганцхан энэ үйлдлээр нь Н.Золжаргал гэдэг хүнд хариуцлага тооцох, мөнгийг нь эргүүлж төлүүлэх, хууль хяналтын байгууллага шалгахаар байгаа юм. Хүний мууг үзэх гээд байгаа зүйл огт биш. Дараа дараагийн дарга нарт нь ингэж болохгүй гэдгийг л ойлгуулах гэсэн юм.

-Маш нууц зэрэглэл гэсэн нэрийн доор арилжааны банкуудын асуудал хаалттай өнгөрөх гэж байгаа юм биш үү. Нэрлэж болохгүй юу. Үүнийгээ нээлттэй болгох боломжтой болов уу?

-Маш нууц гэсэн зэрэглэлд хамаарч байгаа болохоор арилжааны банкуудын нэр дурьдаж болохгүй байна. Хэдхэн арилжааны банктай Монгол Улсад ямар ч ашиггүй своп, форвард хэлцлийг хийсэн байна лээ. Дэндүү байна даа гэж хэлэхэд ч дэндүү зүйл.болсныг шалгалтаар тогтоосон. Монголбанк өртэй болсон гол шалтгаан нь товчхондоо төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан. Хоёрдугаарт, тогтмол өндөр дүнгээр интервенц хийх нэрээр ханшийг тогтвортой байлгах гэсэн ч төгрөгийн валюттай харьцах ханш суларсан. Гуравдугаарт, Монголбанк арилжааны банкуудтай хийсэн своп хэлэлцээрийн алдагдлаа өөр дээрээ үүрчихсэн байгаа юм. Нэг үгээр хэлбэЛ Монголбанк Хөгжпийн банк, арилжааны банкуудын ханшийн эрсдлийг өөртөө хүлээх хэлцэл байгуулчихсан гэсэн үг. Хүүгийн татаас хэлбэрийн зардалд зах зээлийн бус арга хэрэглэсэн. Эдгээр нь Монголбанкны өөрийн хөрөнгийг сөрөг болоход нөлөөлсөн. Энэ нь эдийн засгийн цусны эргэлтийг зогсоож урагшаа явах ёстой улсын хөгжлийг тушсан. Бүр долоон төрлийн татвар нэмэхэд хүргэлээ. Өнгөрөгч онд ажилгүйдлийн түвшин 11 хувьд хүрсэн гээд энэ бүх шалтгаан бодлогын алдаанаас болсон. Н.Золжаргалын хувьд Монголбанкны ерөнхийлөгчийн үүргээрээ хийж болохгүй зүйлсийг хийгээд явчихсан. Албан тушаалаа урвуулан ашигласан, Эрүүгийн хуульд заасан хээл хахуультай холбоотой асуудал байна.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн асуудал хөндөгдөж байсан. Тэр нь юу байсан бэ?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 369.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан зөрчилтэй 45 аж ахуйн нэгж байгаа юм. Эдгээр компаниуд зээлийг хэрэглэсэн хугацаанд арилжааны банкуудын зээлийн хүүгээр тооцож хүүгийн зөрүүг нөхөн төлүүлэх үүргийг одоогийн Монголбанкны ерөнхийлөгчид даалгасан. Мөн шатахууны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хууль зөрчин хэрэгжүүлж Монголбанкны бодит бус алдагдал 54 тэрбум төгрөг болж байх жишээтэй. Валютын ханшийн нөлөөллөөс болж 354 тэрбум төгрөг гээд нийт 410 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн шатахууны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрөөс Монголбанк алдагдал хүлээсэн байна. Н.Золжаргал гэдэг хүний буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдрийн байдлаар нэг их наяд 700 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Тиймээс үүнийг нь төлүүлэх ёстой гэдэг шийдвэр ажлын хэсгээс гарсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга ажлын хэсэг хараат бусаар сайн ажилласан. Хууль хяналтын байгууллага дээр асуудал очихоороо замхрах магадлал өндөр тул УИХ-ын дэргэд гишүүд болон хөндлөнгийн экспертүүдийг багтаасан түр хороо байгуулан үргэлжлүүлэн шалгах ёстой гэдэгтэй ажлын хэсэг санал нэгдсэн.

Уг нь манайхан чинь шилдэг татвар төлөгч энэ тэр гээд компаниудаа ерөнхийд нь гадарладаг даа. Гэтэл Монголбанкнаас зээл авсан компаниудын нэрсийг харахад огт дуулдаж байгаагүй компаниудад өндөр хэмжээтэй зээл өгсөн байсан. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллагаар тогтоолгох ёстой. Түүнчлэн хууль бус бэлэн гүйлгээг хууль бусаар үйлдсэн байх магадлал өндөр байна.

-Зарим гишүүд танай, манай гэлтгүй намуудын төлөөлөл бүхий хумүүсийн компаниуд зээл авсан байна гээд ил болгох ёстой гэсэн. Сонгуулийн өмнө оноо авах гэж ажлын хэсэг ажилласан гэдэг утга бүхий үг хэлж байсан даа?

-Асуудалд танай, манай нам гэж хандах ёсгүй гэж бодож байгаа. Танай, манай намын Төвбанк гэж байхгүй. Аль нэг намын гишүүний компани зээл аваад хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шударга бус өрсөлдсөн бол тэд ч мөн хариуцлага хүлээх ёстой. Үүний төлөө ажлын хэсэг явна. Ялангуяа төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүс хариуцлагатай байх хэрэгтэй. Та жилийн 20 хувийн хүүтэй зээл авч бизнес хийж байтал нөгөө талд нь өөрт чинь 0.89 хувийн хүүтэй зээл өгье гэвэл үүн рүү шууд гүйнэ биз дээ. Ийм хууль бус боломжийг нээж өгч, мөнгө угаах үйлдэл хийсэн төрийн өндөр албан тушаалтан, Төв банкны удирдлагууд хариуцлага хүлээх ёстой. Хууль бус үйл ажиллагаанд оролцсон аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэн эргүүлэн төлөх ёстой. Эсвэл энэ талаараа ил тод мэдээлэх шаардлагатай. Тухайн үед сайд байсан зарим хүмүүс өөрсдийн компани руу мөнгө шилжүүлсэн зүйл хүртэл байж л байна. Даргын суудлыг бизнес болгодог энэ бусармаг үйлдлийг бид л зогсоохгүй бол хэн зогсоох юм бэ. Монголбанкинд хийсэн шалгалттай холбоотойгоор нэлээд асуудал тулгарах байх. Гэхдээ бид үүнийг хийх ёстой.Н.Золжаргал гэдэг хүн маш зоригтой хуулиа зөрчөөд улсын мөнгөөр тоглосон байна. Үүнийгээ ганцаараа хийгээгүй. Цаана нь тойрон хүрээлэгчид гээд олон хүн байгаа. Гэхдээ маш нууц болохоор ярьж болохгүй байгаа юм.

Э.ЭНХБОЛД

 

Санал болгох мэдээ

“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.04.16) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд …