Studious female high school student

Боловсрол ба боломж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль болоход сарын хугацаа үлджээ. Энэхүү сонгуулиар бид улс орноо удирдах тав дахь тэргүүнээ сонгох юм. Иймд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн боловсрол, мэдлэгтэй холбоотой санал, сэтгэгдэл мөн хатуухан шүүмжлэл сүүлийн үед олны дунд хүчтэй өрнөх болсон. Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудын Ерөнхийлөгч, шийдвэр гаргах төвшнийхөн ямар боловсрол, мэдлэгтэй гэдэгтэй харьцуулж нэр дэвшигчдээ дүгнэж сууна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч мөн үүнийг хөндөж буй. Олон нийтийн сонирхож байгаа сэдэв учир ингэхээс ч аргагүй.  Нөгөө талаараа бичиг, үсэг тайлагдсанаараа дэлхийд тэргүүлдэг манай улсын хувьд аливаа зүйлийн шалгуурт боловсролыг нэн тэргүүнд тавих нь зүйн хэрэг. Аливаа улс орныг  төрийн тэргүүн,  агуу суут эрдэмтэд, удирдагчдаар нь тодорхойлон дүгнэдэг. “Боловсрол боломжийг нээх түлхүүр” гэдгийг Засгийн газрынхаа эн тэргүүний зорилт болгосон удирдагч олон. Тэд дээд боловсролын үнэ цэнийг мэддэг учраас тухайн нийгмээ боловсрол голлосон хөгжилд хөтөлж чаддаг байна. Бүсчлэлийн хувьд боловсролын төвшнөөрөө Европын удирдагчид тогтвортой хугацаанд тэргүүлж иржээ. Зарим орны хууль дүрэмд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс математик, физик, шинжлэх ухааны шалгалт авахыг  тусгасан байдаг аж. Бас л авууштай арга.

Дэлхийн соёлт үндэстэн боловсрол мэдлэгийг эртнээс чухалд тооцсоор иржээ

Хүн өндөр боловсрол мэдлэг эзэмшихийн тулд юуны түрүүнд бичиг үсэгтэй болох нь чухал. Түүхийг товчхон сөхвөл, бичиг үсэг гэдэг хүн төрөлхтний соёлын чухал ололтын нэг. Тэртээх чулуун зэвсгийн үеэс өнөөдрийн техник технологи, атомын үе хүртэл хүн төрөлхтний бүтээн байгуулж, хуримтлуулсан үүх түүх, соёлын асар их өвийг бичиг үсэггүйгээр төсөөлшгүй. Бичиг үсэг үүссэний ачаар хүн төрөлхтний нэг үеийн туршлагыг хойч үед нь уламжилж, үндэстний соёлын ололтыг бусдад нь дамжуулах бололцоотой болж, улмаар нийт хүн төрөлхтний соёл, шинжлэх ухаан хурдан хөгжих болсон. Тиймээс дэлхийн өндөр соёлт үндэстэн бүхэн эрт цагаас бичиг үсэг улмаар боловсрол мэдлэгийг чухалд тооцсоор иржээ. Үүний нэгэн адил Монгол Улсын хувьд өнө эртний үед  бичиг үсэгтэй болсон ард түмэн. Гэхдээ монголчууд боловсон бичиг үсэгтэй болохыг ямагт эрмэлздэг байсан учир дэлхийд бичиг үсгээ хамгийн олон сольсон үндэстэн болжээ. 1945 онд МАХН-ын сайд нарын зөвлөлийн хамтарсан хурал болж “Бүх хэвлэлийн болон улсын албан хэргийг 1946 оны нэгдүгээр сарын 1-нээс кирилл үсгээр явуулсугай” хэмээн тогтоол гаргасан аж. Ингэснээр монголчууд кирилл үсэгт эргэлт буцалтгүйгээр шамдсан түүхтэй. Тэр үеэс эхлэн бүх нийтээр бичиг үсэгтэй болж улмаар боловсрол, мэдлэг эзэмшин дэлхийн хөгжил рүү хөл тавьсан гэдэг.  Тухайн үеийн төр засгийн удирдагчид энгийн иргэдээсээ илүү боловсрол мэдлэгтэй байж,  тэр хэрээр оновчтой шийдвэр гарган улс орноо удирдан жолооддог байсныг түүх гэрчилнэ.

Ерөнхийлөгчийн толгойдэх орон, ард түмэн нь багтаж явдаг

Хүн бүр дээд боловсрол эзэм­шиж, докторын зэрэг хамгаалах албагүй.Гэхдээ бид энэ удаад монгол төрийн тэргүүний тухайд авч үзэж байгааг санууштай.Зарим хүн Ерөнхийлөгч бол бэлгэ тэмдэг төдий гэж явцуу утгаар тодорхойлдог нь өрөөсгөл.Харин ч эсрэгээрээ улс оронд онцгой нөлөөтэй, хариуцлагатай чухал алба.Даяаршсан нийгэмд хүн бүр мэдлэгт суурилсан харилцаа үүсгэн аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломж нээлттэй болсон энэ үед хэнээс ч эмээлгүй тухайн асуудалд байр сууриа итгэлтэй илэрхийлж, улс орноо төлөөлөн зөв шийдвэр гарган түүндээ бат зогсох чадварлаг Ерөнхийлөгчтэй байх нь юу юунаас илүү чухал.Энгийнээр жишээлбэл, томоохон улс орнуудын Ерөнхийлөгчийн чуулга уулзалт боллоо гэж бодъё.Гэтэл манай улсын Ерөнхийлөгч боловсрол, мэдлэг дутмагаас тухайн үед улс орныхоо дипломат харилцаа, эх орныхоо хөгжил дэвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйцээр байр сууриа илэрхийлбэл яах вэ.Энэ мэт алхам тутамд хариуцлага хамт дагадаг босго өндөр алба учир улс орныг удирдана гэдэг хэн дуртай хүний хийх ажил биш.”Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг” гэдэг шиг Ерөнхийлөгчийн толгойд эх орон, ард түмэн нь багтаж явдаг.Тиймээс түүний хазгай хэлсэн хоёр үг эх орон, ард түмнийг уруудуулах бол гаргасан оновчтой ганц шийдвэр нь өөд татах жамтай.Тиймээс бүх нийтээрээ боловсрол, мэдлэгтэй хүн улсыг удирдах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.Телевизийн сурвалжлагч иргэдээс “Ерөнхийлөгчийн боловсрол яагаад чухал вэ” хэмээн асуухад тэд “Эх орноо олон улсад төлөөлөх учир өндөр боловсрол, мэдлэгтэй байх ёстой.Тэр дундаа хууль эрх зүй, эдийн засгийн боловсрол чухал” гэж хариулж байв.Ингэснээр АН болон МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид уг шалгуурт бүдэрсэн.Дэлхийн үе үеийн суутнууд аливаа улсын тэргүүн боловсролтой байх тухайд оновчтой тодотголыг өгүүлсэн байдаг. Тухайлбал, “Төрийн тэргүүн болон удирдах төвшнийхөн  боловсролынхоо хэм­жээнд сэтгэж шийдвэр гаргадаг. Тэр нь ард иргэдийн амьдралд нөлөөлдөг учир боловсрол, мэдлэг яалт ч үгүй  чухал” хэмээн эртний гүн ухаантнууд тайлбарлажээ.

Хөдөлмөрийн салбарын дийлэнхийг оюуны хөдөлмөр эзэлж буй учир  боловсролын төвшин ач холбогдолтой

Дэлхий нийтээр хамгийн чухалд тооцон аливаа зүйлийн гол шалгуур үзүүлэлт болгодог боловсрол гэж чухам юу вэ. Аливаа ном, товхимолд бичсэнээр, боловсрол гэдэг үг эрдэм, ур чадвар эзэмшсэн байх гэсэн утга агуулдаг аж. Түүнчлэн тухайн үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн байгууламж, түүний материал техникийн төвшнөөр тодорхойлох шинжлэх ухааны мэдлэг чадвар, дадал, зан суртахууны үнэт зүйл, биеэ авч явах хэм хэмжээг нийгмийн гишүүдэд эзэмшүүлэх үүрэг бүхий сургалт, хүмүүжлийн бие даасан тогтолцоог боловсрол хэмээн тодорхойлжээ. Тиймээс л хүн бүр боловсрол эзэмших нь гарцаагүй болж, нийгэм ч түүнийг шаардах болсон.Учир нь, аж үйлдвэржилтийн эрин улирч, хөдөлмөрийн салбарын дийлэнхийг оюуны хөдөлмөр эзлэх болсон.Тийм ч учраас боловсролын төв­шинг ач холбогдолтойд тооцон түүнийг дагаад өндөр бүтээмж бий болж тэр хэрээр цалин нэмэгддэг болсон цаг үе.Товчхондоо, боловс­рол, мэдлэгийн төвшин ямар байна, тэр хэрээр өөрийгөө үнэлүүлнэ гэсэн үг.Үүний хамгийн том илрэл нь аутсорсинг хэлбэрийн ажил юм.Хүмүүс орон зай, цаг хугацаа хамааралгүйгээр оюуны хөдөлмөр эрхэлж, цоо шинэ орчин нөхцөлийг бий болгож байна.Иймд дэлгүүрийн худалдагч болно гээд боловсрол эзэмшихээс хойш сууж боломгүй. Худалдагчаар ажилд авахдаа “Дээд боловсролтой юу” гэж асуухад та  гайхах хэрэггүй.

Олон улсын мэдээллийн нэгэн сайтад “Гурван хүн тутмын нэг нь ахлах сургуулиасаа гарч хар бор ажил хийж, дунд боловсролын үнэмлэхээрээ аргалж, тохиролц­дог цаг ард хоцорчээ.Мэдлэг, мэдээллийн XXI зуун тэс өөр.Бид аж үйлдвэржсэн, дижитал эрин зуунд амьдарч байна.Өнөө цагт шинэ хүнтэй танилцахдаа овог нэр, дараа нь төгссөн сургууль, боловсролын зэргийг нь юуны түрүүнд асуудаг болжээ” хэмээн онцолжээ.Төгссөн сургууль, боловсролын зэргээр нь хүнийг тодорхойлж, дүгнэдэг нийгэмд хүн бүр чанартай боловсрол, нэг шат дээгүүрх үзүүлэлттэй болохоор хичээж байна.Энэ ч утгаараа олон улс үндэстэн боловсролыг хөгжлийн цөмөө болгож, үүнийг нэвтрүүлж, хэрэгжүүлэн шинэчлэлтийг мэдэрч чадах хүнийг удирдагчаараа сонгож байгаа юм.Аливаа албан байгууллага шинэ хүн ажилд авахдаа боловсролын диплом, гадаад хэлний мэдлэгийн төвшин тогтоох шалгалтын оноо, мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх зэрэг олон зүйлийг шаарддаг.Салбар, нэгж бүр нийгэмд өөрийг нь төлөөлөх хүнийг сонгохдоо боловсролын төвшнөөр нь эрэмбэлж, жагсааж буй энэ үед эх орноо олон улсад төлөөлөх төрийн тэргүүнийг сонгох үйл явцад хариуцлагатай бөгөөд бодлоготой хандах ёстой.

Өндөр хөгжилтэй орнууд Ерөнхийлөгчийнхөө боловсролоор бахархдаг

Дэлхийн хамгийн өндөр боловс­ролтой Ерөнхийлөгчөөр Зимбабве улсын удирдагч Роберт Мугабег нэрлэдэг байна.Тус улсын хувьд хамгийн ихээр бахархдаг зүйл нь удирдагчийнх нь боловсрол.Өдгөө 93 настай Роберт Мугабе нь Их Британийн мэдэлд байсан Өмнөд Родезия буюу өнөөгийн Зимбабвед төржээ.Дорой буурай, ажлын байр хязгаарлагдмал тус улсад өөрийгөө хөгжүүлж, таниулах ганц боломж нь өндөр боловсрол гэдгийг ойлгосон тэрбээр сурахыг эн тэргүүний зорилтоо болгосон аж. Түүнийг ахлах сургуулийн сурагч байхад захирал нь “Боловсролтой хүнтэй хүн бүр ижил тэгш харилцдаг” хэмээн хэлсэн нь сурч мэдэх хүслийг нь бадрааж, амжилтад хүрэхэд нь нөлөөлжээ. Тэрбээр “Форт Хар”, Өмнөд Африкийн болон Лондоны их сургуулийг дүүргэж, долоон диплом “өвөртөлжээ”.Түүх, удирдлагын ухаан, боловс­рол, эдийн засаг, хуулийн чиглэлээр сурснаас гадна бакалаврын зэрэгтэй аж.Харин эдийн засаг, хуулийн чиглэлийг гүнзгийрүүлэн судалснаар магистрын зэрэг хамгаалсан байна. Мөн тэрбээр Эдинбург, Массачусетс, Мичиганы их сургуулийн хуулийн салбарын хүндэт зэрэгтэй. Түүнчлэн Ахмаду Белло, Морхаус коллеж, Зимбабве, Ломоносов зэрэг 11 их сургуулийн хуулийн салбарын хүндэт зэрэгтэй болсон юм. Харин боловсролыг чухалчилж, “2020 он гэхэд их сургууль төгссөн хүнийхээ тоогоор тэргүүлнэ” гэх зорилтыг дэвшүүлж байсан АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама Колумбын их сургуулийг улс төр судлал, олон улсын харилцаагаар төгсч, Чикаго болон Харвардын хуулийн сургуулийг тус тус дүүргэсэн хуулийн ухааны докторын зэрэгтэй удирдагч юм. Харин Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани нь Куме академид шашин судлалаар сурч, Тегераны их сургуулийг хуульчийн мэргэжлээр дүүргэж, Шотландын Глазго Каледониан их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Боловсролтой залуусаар улсынхаа ажиллах хүчийг сэлбэх нь чухал.Төрийн тэргүүний хувьд ч ялгаагүй

Дэлхийн улс орныг хүн амынх нь боловсрол эзэмшсэн байдлаар эрэмбэлвэл манай улс нэлээд дээгүүрт орно.Жил бүр 30-40 мянган залуус их, дээд сургууль төгсдөг. Тухайлбал, 2016-2017 оны хичээлийн жилд их, дээд 95 сургуульд 157.1, 86 коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 42.6 мянган оюутан суралцаж байна. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг энэ хичээлийн жилд 37500 сурагч төгсч, элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол их, дээд сургуулийг 32826 оюутан төгсч, ажлын талбарт гарах аж. Харин  2015-2016 онд 30894 залуус дээд боловсрол эзэмшсэн боловч ердөө  6724 буюу 21.7 хувь нь мэргэжлийнхээ ажилд оржээ.  Хэдий­гээр залуучуудын боловсрол эзэмших үзүүлэлт өндөр байгаа ч хөдөлмөр эрхлэлт нь дорвитой нэмэгдэхгүй, дээд боловсролтой ажилгүйчүүдийн эгнээ жил ирэх тусам тэлсээр байна.Энэ нь танил тал, хөрөнгө мөнгө харах биш боловсрол, мэдлэгтэй залуусаа дэмжих бодлого баримтлах ёстойг харуулж буй.

Монгол Улс гадаад харилцаагаа өргөжүүлэхийн хэрээр олон улсад сурч, ажиллаж, амьдрах боломжийг нээдэг.Тиймээс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын сургуулиудад манай орны залуус боловсрол эзэмшдэг болсон.2013 оны судалгаагаар манай улсын 70 мянган оюутан дэлхийн 80 гаруй оронд суралцдаг гэсэн тоо гарчээ.Гэтэл тэднийг дэмжих орон зай мөн л дутмаг.Дэлхийн томоохон байгууллагуудад монгол хүн ажиллах нь цөөнгүй.Учир нь, тэдний боловсрол, мэдлэгийг үнэлж чадаж буйн илэрхийлэл юм.Тиймээс өндөр боловсрол, мэдлэг чадвар эзэмшсэн залуусаар улсынхаа ажиллах хүчнээ сэлбэх нь чухал.Төрийн тэргүүний хувьд ч ялгаагүй.Боловсрол, мэдлэгтэй хүнд боломж үргэлж нээлттэй байдаг.

Уян

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …