Зүүний үзэл баримтлалтай намуудын IV бага хурал Улаанбаатарт эхэллээ

Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай 130 улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн “Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл” байгууллагын IV бага хурал Улаанбаатар хотод  өнөөдөр эхэллээ.

“Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл”ийн IV бага хурлыг УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд нээнэ үг хэлсэн юм.

“Прогрессив Аллианс-Дэвшилтэт эвсэл”-ийн “Шударга, Хөгжингүй Дэлхийн Төлөөх Нийгмийн Шударга Ёс, Тогтвортой Байдлын Асуудлууд” сэдэвт бага хуралд дэлхийн 5 тивийн 34-н улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга болон удирдах түвшний ажилтнууд оролцож байна.

УИХ-ын дарга М.Энхболд “Өнөөдөр Улаанбаатар хотод Монгол Ардын намын урилгаар дэлхийн Социал демократ үзэлтэй 40 шахам улс төрийн намын төлөөлөл хүрэлцэн ирж Прогрессив Аллианс олон улсын хамтын байгуулгын ээлжит IV бага хурлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн хурал бол даян дэлхийн хөгжлийн тогтвортой байдал, улс орнуудын улс төрийн хүчнүүдийн үүрэг оролцоо ямар байх ёстой, ямар асуудлуудад бид нар санал бодлоо нэгтгэсэн байр суурьтай байх ёстой вэ гэдэгт тулгуурласан чухал хурал юм. Бидний өмнө байгаа хүндрэл

бэрхшээлүүдийг даван туулахад улс төрийн намууд тэр тусмаа зүүний үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүдийн байр суурь ойролцоо байх ёстой гэдэг үүднээс тогтвортой байдалд ямар хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тодорхой асуудлуудыг сэдэв болгон хэлэлцүүлнэ.

Монгол улсын хувьд эдийн засгийн байдал, иргэдийн амьдрал сайнгүй байгаа. Ийм үед төрийн эрхийг  барьж байгаа улс төрийн  хүчнүүд ямар арга хэмжээ авах вэ? Дэлхийн төрийн эрх баригчид ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Орлогийн ялгавартай байдал улам нэмэгдэж байгаа үед  ямар арга хэмжээ авч байгаа гэдэг дээр дэлхийн улс төрийн хүчнүүдээс суралцах хэрэгтэй юм. Мөн Монгол Ардын намын зүгээс улс орныхоо эдийн засгийг  тогтворжуулахаар олон арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Өнгөрсөн он жилүүдэд эдийн засгийн уналт бий болсон. Мөн төр засгийн байгууллагуудын хариуцлагагүй байдлаас болж бизнес, эдийн засгийн орчин муудсан. Олон улсын байгууллагын  түвшинд хүрч байж л Валютын сангийн өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжих боломж бүрдэж байна. Хуралд ирсэн зочид төлөөлөгчид ч энэ асуудлаар ярилцаж байна. Харилцан ярилцсан, шийдэл, үр дүнд хүрсэн ач холбогдолтой хурал болно гэж үзэж байна” гэв.

Прогрессив Аллианс байгууллагын Гүйцэтгэх хорооны байнгын 33 гишүүний нэгээр манай улсаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогдон ажиллаж байгаа юм. Тэрээр бага хурлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр “Прогрессив Аллианс-Дэвшилтэт эвсэл” байгууллага бол  дэлхийн даяар өөрчлөгдөж байгаа даяаршал дунд хэрхэн дараагийн 15-20 жилийн бодлогыг тодорхойлох вэ гэсэн зорилготойгоор гарч ирсэн байгууллага юм. Жилдээ нэг удаа том хэмжээний хурал зохион байгуулж жилийнхээ урилга, зорилгоо тодорхойлдог. Энэ жилийн хурал нь Монгол Улсад Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой. Өнөөдрийн яригдаж байгаа хоёр гол сэдэв байгаа. Дэлхий нийтийн тогтвортой байдал. Энэ тогтвортой байдал ямар нэгэн байдлаар савлаад ирэхээр иргэдийн амьдрал хүнд болж, улс орнууд хоорондоо зөрчилдөж эхэлдэг. Үүнээс үүдэж, дайн дэгдэх эрсдэлүүд ч бий. Тооцоо судалгаа муутай ажиллууд ч хийгдэж байна. Үүнийг дэлхий нийтээрээ шүүмжилж байна шүү дээ. Энэ хуралд бодлогын судалгааны хүрээлэн томоохон судалгааны байгууллагууд ер нь дэлхийн тэр дундаа Евро-Ази хаашаа чиглэх вэ гэдгийг хуваалцаж байгаагаараа тун онцлог юм” гэв.

Г.Нараа


Санал болгох мэдээ

Боловсролын зээлийн сангаас зээл авсан ч төлөөгүй иргэдийг зээлээ хүүтэй нь төлөхийг шаардлаа

​Монгол Улсын иргэн О.Батнайрамдал өнөөдөр (2024.04.22) Улсын Ерөнхий Прокурорын газарт хандан Боловсролын зээлийн сангаас боловсролын …