Оюунлаг сурагч хөтөлбөр “шилдэг 50” сурагчдад шагнал гардууллаа

БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, MNBC компаниас хамтран хэрэгжүүлж буй “Оюунлаг сурагч” хөтөлбөрийн хүрээнд шилдэг 50 сурагчдад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо. Залууст тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 ангийн сурагчдад зайнаас англи хэлний боловсрол олгох зорилготой “Оюунлаг сурагч” хөтөлбөр нийслэлийн зургаан дүүргийн долоон сургуульд хэрэгжсэн юм.
Хөтөлбөрийг Монгол орны ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудад англи хэлийг бие даан суралцахад тус дэм болох зорилгоор санаачлан хэрэгжүүлсэн юм.
Хөтөлбөрт хамрагдсан 400 гаруй сурагчийн дунд эссэ бичлэгийн уралдаан зохиосон байгуулсан юм. Анхан, дунд, дээд гэсэн үндсэн гурван чиглэлээр шалгалт авч, эссэ бичлэгийн шатанд тэнцсэн 50 сурагчид өнөөдөр ийнхүү шагнал гардууллаа.
“Оюунлаг сурагч” хөтөлбөр одоогоор нийслэлийн зургаан дүүргийн долоон сургуульд хэрэгжиж, 4500 орчим сурагчдыг хамруулаад байна. Мөн дээрх сургуулиудад алсын зайн сургалтын тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр байршуулж дэлхийн боловсролыг дэргэдээс нь эзэмшүүлэх үүд хаалгыг нээж өгсөн юм.

Энэ үеэр тус хөтөлбөрийг санаачлагч MNBC компанийн ерөнхий менежер Ж. Золбат  “Оюунлаг сурагч” хөтөлбөр нь англи хэл сурах чин хүсэл эрмэлзлэлтэй хүүхдүүдийн сурах арга барилыг шинэ түвшинд гаргасан онцлогтой. Багш нарын сургалтын арга техникт хүч нэмсэн сайхан хөтөлбөр болж өнгөрлөө. MNBC компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь “Оюунлаг сурагч” хөтөлбөр байлаа. Одоогоор нийслэлийн долоон сургуульд амжилттай хэрэгжээд байна. Мөн ирэх хичээлийн шинэ жилээс нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бид бүхэн англи хэлний анги танхимд алсын зайнаас суралцах тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч хүүхдүүдийн англи хэлний мэдлэгт хувь нэмрээ оруулсандаа баяртай байна” гэв.

Мөн Нийслэлийн боловсролын газрын Бодлого зохицуулалтын дарга Ц.Жаргалантуул ” Юуны өмнө “Оюунлаг сурагч” хөтөлбөрийг санаачилсан MNBC компанид талархал илэрхийлье. ЕБС-ийн сурагчдад англи хэлний сургалтын хөтөлбөрөөс гадна англи хэлийг дэлхийн улс орнуудын түвшинд эзэмших боломжийг нээж өглөө. Тус хөтөлбөр багш сурагчдын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжиж дууслаа. Цаашид ч амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байна” гэв.
Харин “Оюунлаг сурагч” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 113-р сургуулийн багш Ц.Одонгэрэл хөтөлбөрийн үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Англи хэлийг сурахад дөхөм болсон маш сайхан хөтөлбөр хэрэгжиж байгаад багш хүний зүгээс талархаж байна. Хүүхдүүд маань чөлөөт заваараа “English Club” сувгаа үзэж, идэвхтэй суралцаж байна. Тус хөтөлбөр дахин хэрэгжиж олон мянган сурагчдыг англи хэл сурахад шинэ арга барилыг нээж өгөөсэй гэж хүсэж байна” гэлээ.
MNBC компани нь Дэлхий даяар 34 сая үзэгчтэй English Club ТВ сувгаар дамжуулж сурагчдад англи хэл сурах боломжийг нээж өгсөн. Энэ сувгийг өдөрт 15 минут үзснээр 2000 үг шинээр мэдэж авах, цээжлэх боломжтой юм.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …