“Солонгосын долоо хоног”-ийн үеэр к рор болон хип хоп хамтлаг Монголд ирнэ

Зураг
БНСУ-ын ЭСЯ, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “Солонгосын долоо хоног-2017” өнөөдрөөс “Монголд Солонгын орон Солонгостой танилцах нь” сэдвийн дор эхэллээ.
Тус долоо хоногийн хэрэгжүүлэгч байгууллагаар KCBN TV ажиллаж буй.
Монгол Улсыг төлөөлөх бүсийн ялагч шалгаруулах “Quiz on Korea-2017” асуулт хариултын тэмцээнийг өнөөдөр Олон улсын Улаанбаатар их сургууль дээр зохион явуулах бөгөөд ялагч нь ирэх 9 дүгээр сард БНСУ-ын KBS телевизид зохиогдох “Quiz on Korea-2017” тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Харин энэ сарын 24,25-нд Тэнгис кинотеатрт болох Солонгосын кино өдөрлөгийн үеэр “Ахмад дайчин”, “Луйврын хот”, “Нууц даалгавар” гэсэн адал явдал, тулаант киног үнэ төлбөргүй үзүүлнэ.
“UB Palace”-ын гадна талбайд энэ сарын 25-28-нд Солонгос үндэсний урлагийн тоглолт, Солонгос үндэсний хувцас Ханбук загварын шоу, 2017 K-POP World festival тэмцээн, K-POP концерт, Солонгосын үзэсгэлэнт газрууд болон Монгол-Солонгосын дипломат харилцааны 27 жилийн түүхэн сэдэвт фото зургийн үзэсгэлэн, Солонгос төрөл бүрийн үндэсний тоглоом наадам зэрэг арга хэмжээг зохион байгуулна.
Нанта, Самүлнури буюу тариачдын хөгжим, Таеквондо, Солонгос үндэсний бүжиг зэрэг үндэсний урлагийн тоглолт, Ханбук үндэсний хувцасны загварын үзүүлбэр энэ сарын 26-нд болно. Уг шоу үзүүлбэрт ордны хувцаснаас эхлээд энгийн өдөр тутмын хувцас, эртний уламжлалт хувцаснаас орчин үеийн үндэсний хувцас хүртэл түүхэн үе шатаар хувцасны загварыг сонирхуулах юм. Энэхүү арга хэмжээнд Солонгосоос мэргэжлийн урлагийн баг болоод Ханбук үндэсний хувцасны алдартай дизайнер Монголд зочлон ирэх юм.
“K-Pop World Festival”-д төлөөлөн оролцох Монгол Улсын ялагч шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд болох бөгөөд тус тэмцээнд түрүүлсэн баг энэ оны намар БНСУ-ын Чонвон хотноо болох “K-Pop World Festival” үндсэн фестивальд оролцох эрхтэй болно.
“Солонгосын долоо хоног” арга хэмжээнд Солонгосын K-pop “Матилда” охидын хамтлаг болон “Wild duck” хип хоп хамтлагийн тусгай тоглолтыг тайзнаа толилуулахын зэрэгцээ SBN телевиз Монгол орон даяар шууд дамжуулах аж.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …