Б.Амарсайхан:Итгэлийн дүрийг бүтээхийн тулд 17 кг хасах шаардлагатай болсон

Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой, кино урлагийн дээд шагнал гардуулах Монголын “Ocкар” буюу “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа  Корпорейт Конвеншн Центрт болж, шилдгүүддээ тодрууллаа. Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 46 кино уран бүтээлээс 12 кино, 14  номинацид өрсөлдөж ийнхүү шилдгийн шилдэг бүтээлүүд шалгарсан юм.

 “Cinema Awards” кино наадмаас Жүжигчин СТА  Б.Амарсайханы зохиол, түүний гэргий С.Уран нарын хамтын бүтээл “Итгэл” уран сайхны кино  шилдгийн шилдэг бүтээлээр шалгарлаа. Мөн  “Итгэл” уран сайхны киноны гол дүрд тоглосон Б. Амарсайхан шилдэг эрэгтэй гол дүрийн эзнээр тодорсон юм.

Харин шилдэг хөгжмийн зохиолчоор тус киноны хөгжмийн  зохиолчоор ажилласан Оки /Б. Одбаяр/ тодров.”Итгэл” уран сайхны киноны уран бүтээлчдэд  шагналын хур бууж, “Cinema Awards” наадмаас гурван номинацийн эзнээр тодорсон юм.

Ингээд “Cinema Awards” наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн эзэн болсон Б.Амарсайхантай цөөн хором ярилцлаа.

-“Итгэл” уран  сайхны киногоор шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртлээ. Баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Энэ киног хийж бүтээхэд том хувь нэмэр оруулсан продюсерууддаа баярлалаа. Би энэ кинонд тоглохын тулд 17 кг хассан. 17 кг хасна гэдэг маш хүнд юм билээ. Үүнд маань тусалсан хайрт гэргий дээ маш их баярлаж байна. Киноны гол дүрийг зөвхөн гол дүр өөрөө авч явдаггүй. Туслах дүр, олны хэсэгт болон хамтран тоглосон бүх хүмүүстээ, бусад бүх уран бүтээлчдэдээ баярлалаа. Миний хувьд энэ кино наадам хамгийн мартагдашгүй сайхан дурсамж үлдээж байна. Өнөөдөр би П.Цэрэндагва гуайтай цуг нэг дэлгэцээр гарсандаа маш их бахархаж байна. Энэ мундаг хүнтэй өрсөлдөнө гэж хэзээ ч төсөөлж явсангүй.

-Та “Итгэл” уран сайхны киноны зохиолчоор ажилласан. Зохиолоороо юуг өгүүлэхийг зорьсон бэ?

-“Итгэл” уран сайхны киноны гол санаа бол залуучууд нийгмийн захиалга юм. Энгийн жишээ ярихад, сургуулиа, ажил мэргэжилээ сонгох, гэр бүл, найз нөхдийн нөлөөлөл байдаг ч гэсэн залуу хүн өөрийгөө сонсооч ээ. Чи өөрөө нийгмийн захиалга болохоосоо илүү өөрөө өөрийнхөө захиалга болж, өөрийнхөө дуртай юмыг хийж түүүгээрээ амжилт гаргаач ээ, хэзээ ч хэн нэгний цүнхийг битгий барьж яваарай. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө яваарай гэсэн санаа бий.  Мөн хүн юутай байсныг нь хэн ч дурсдаггүй, хэн байсныг нь дурсдаг. Энэ л  гол санаа байсан. Энэхүү кино маань өнгөрсөн оны “Азийн дэлхийн шилдэг кино наадам” буюу Asian world film festival наадмаас “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл”-ээр шалгарсанд баяртай байдаг.

-Киноныхоо гол дүрийн залуу болох Итгэл гэдэг залуугийн дүрд тоглохдоо 17 кг хассан гэсэн. Нууц биш бол хэр хугацаанд жингээ хассан бэ. Ямар дэглэм барив. Жин хасахаар зорьж буй хүмүүст хэрэгтэй байх болов уу?

-Би Итгэл гэгч залуугийн дүрийг гаргахдаа 17 кг-ийг 4 сарын хугацаанд хасч чадсан. Энэ хугацаанд монгол үндэстнийхээ хоолыг идэж, тусгай багшийн хичээлд явж хоолны дэглэм барьж хассан. Миний мэргэжил ийм л мэргэжил. Жүжигчний мэргэжил цаанаа асар их тэсвэр тэвчээр, золиос,  эрүүл мэнд  шаардаж байдаг.

Хоол идээд турсан гэлээ. Гэвч яаж?

-Ер нь бол зөв хоолны хичээл заах гээд байх шиг байна.  /Инээв/ Хамгийн чухал нь сахилга бат, тэсвэр тэвчээр хэрэгтэй. Монгол үндэсний хоол шар тос, арвайн гурил, бор гурил зэрэг бол дэлхийн ямар ч хоолтой харьцуулашгүй сайхан амттай тэжээллэг хоол юм шүү дээ.

 

-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Энэхүү шагналынхаа хэлбэрийг өөрчлөх зорилготой маш олон төсөл дээр ажиллаж байгаа. Японы уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаа. 11 дүгээр сард Америкийн нэгдсэн улсын жүжигчидтэй хамтран Action кино хийх зорилготой байна. Үүн дээр тулж ажиллаж байна.

 -Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. Олон гол дүрийн эзэн болоорой.

-Баярлалаа.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …