С.Бямбацогт:Цагдаагийн алба хаагч нарыгаа дэмжиж ажиллана

Цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний “Цагдаа таны төлөө” хоёр өдрийн сургалт, зевлөгөөн Соёлын төв өргөөнд боллоо.  Монгол Улсын өнцөг булан бүрт ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө үүрэг гүйцэтгэж, ажил үйлсээрээ тэргүүлсэн 1100 ахлагч дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү сургалт, зөвлөгөөнд оролцсон юм.

Энэхүү сургалт, зөвлөгөөнд өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт  ахлагч бүрэлдэхүүнд хандаж үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Цагдаагийн байгууллага, алба хаагчид өдөр тутам, цаг наргүй хатуу бүхэнтэй нүүр тулж, хүнд хүчир нөхцөлд ажилладаг. Ялангуяа манай цагдаагийн ахлагч бүрэлдэхүүн бол энэ бүхний тэргүүн эгнээнд явж ирсэн билээ. Жавар алгадсан хүйтэн шөнөөр гудамжинд эргүүл хийж яваа, усан бороонд замын хөдөлгөөнд зохицуулалт хийж байгаа, амаргүй бэрх бүхэнд хэн хүнээс  түрүүнд очиж ажил үүргээ гүйцэтгэж байдаг эрэлхэг зоригтой,  эгэл цагдаа нараараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг гэдгийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам цагдаагийн байгууллага, алба хаагч нарыгаа дэмжиж, ажиллах нөхцөл боломж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийн төлөө байнга анхаарч байгаа болно.

Саяхан батлагдсан Цагдаагийн албаны тухай хуульд анх удаагаа ахлагч бүрэлдэхүүнд “Цагдаагийн тэргүүн ахлагч”, “Сургагч ахлагч” цол нэмж олгохоор зохицуулалт хийсэн нь энэ бүхний нэгээхэн илрэл юм. Ийнхүү Цагдаагийн ахлагч хэмээх цолны талаар тусгайлан тодорхойлсон нь Та бүхний нийгмийн баталгаа, албан үүргийн тодорхой байдлыг сайжруулахад чиглэгдсэн бодлогын шинжтэй арга хэмжээ болж байгааг онцлон тэмдэглэмээр байна.

Цаашид ч Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цагдаагийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах, цагдаагийн ажил, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх, алба хаагчдын ажиллаж амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэс дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно” гэлээ.

 

Монголын цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний 51.9 хувь нь тусгай дундаас дээш боловсролтой, 76.5 хувь нь 20-35 насны залуучууд байгаа юм. Мөн цагдаагийн байгууллагын нийт албан хаагчдын 60 гаруй хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг гэсэн тоо баримт бий. Үүнээс үзбэл хууль сахиулах байгууллагын хойч ирээдүй, цагдаагийн байгууллагын ачааны хүндийг үүрэлцэж яваа хүмүүсийн нэг бол ахлагч бүрэлдэхүүн юм.

Сүүлийн хэдэн жил зохион байгуулаагүй ахлагч бүрэлдэхүүний сургалт, зөвлөгөөнийг энэ жил хийж, салбарын удирдлагууд нь ач холбогдол өгч оролцож байгаад цагдаагийн алба хаагчид сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байв.

Эх сурвалж:ХЗДХЯ

 

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …