Б.Пүрэвдорж: Засгийн газар приус машины татварыг эргэн харж болсон шиг бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох ёстой

     УИХ 2017 оны төсвийг тодотгож Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины татвар “0” байсныг 50 хувь болгон нэмэгдүүлсэн. Энэ нь машин импортлогчдын хувьд маш том дарамт болж байгаа талаар тэд мэдэгдэж байсан юм. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлж байсан билээ. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар УИХ дэмжвэл “Приус”-ын татварын хэмжээг Засгийн газар тогтоож, үйлчлэх хугацааг сунгах шийдвэр гаргаад байна. Уг асуудал болон, өчигдөр УИХ-аар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Энэ сарын эхний өдрөөс автомашины онцгой албан татвар нэмэгдсэн. Тэр дундаа ард түмний хэрэглээ болсон приус автомашины татварыг нэмсэн. УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хүсэлтийг хүргүүлээд байсан. Та бүхний хүсэлт биеллээ олоод эхлэв үү?

-Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр төсвийн тодотгол батлагдсан. Бизнес тогтвортой хугацаанд явдаг. Ялангуяа автомашины бизнес төлбөр төлөх, ачих, буулгах гээд хугацаа шаардагддаг тул захиалгаа эрт өгдөг. Аж ахуйн нэгжүүд болон хувь иргэд приус болон бусад автомашиныг ачуулахаар захиалга өгчихөөд байсан. Тэд бирж дээрээс худалдан аваад Монгол руу илгээхэд 45 хоног шаардагддаг. Автомашин импортлогчид хэдэн мянган машины захиалга өгч худалдан аваад ачуулах гэсээр байтал энэ хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн нь олон хүний эрх ашгийг хөндөж, бухимдлыг төрүүлсэн. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ялангуяа приус автомашины онцгой албан татварыг хуучин шиг нь тэглэх, приус машины татвараас олох орлогыг ямар аргаар олж болох гарцыг нь зааж өгсөн хүсэлтийг Засгийн газарт өргөн барьсан боловч хүлээж аваагүй. Приус автомашин яах аргагүй манай ард түмний унаа болсон. Монголчууд шинийг нь худалдаад авчих боломжгүй тул насжилт өндөртэй машин авч байгаа нь үнэн. Насжилт өндөр болохоор онцгой албан татвар нь улам өндөр болж байна. 10-аас дээш жилийн насжилттай бол зөвхөн онцгой татвар нь 5.8 сая төгрөгөөр нэмэгдсэн. Дээрээс нь онцгой татвараас нөөц авдаг. Тэр нь 580 мянган төгрөг байдаг. Ингээд 6.3 сая төгрөгөөр приусын татвар нэмэгдчихээр яах аргагүй хүндрэл үүснэ. Нэгдүгээрт ард түмэн эсэргүүцээд хоёрдугаарт, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тодорхой саналууд гаргасан. Тиймээс Засгийн газар өөрсдийн буруу шийдвэрээ засахын тулд приус болон хос тэжээлт автомашины татварыг тэглэхээр бүлгийнхээ гишүүнээр санал гаргуулаад үүнийгээ УИХ-д өргөн барихаар шийдэж байх шиг байна.

-Гэхдээ ОУВС-гийн хэлэлцээрт багтсан энэ асуудлыг шууд шийдчих амаргүй байх?

-Үүнээс нэг зүйлийг харж болно. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэх шийдвэр гаргасан нь ОУВС-гийн шийдвэр биш юм байна. Яагаад гэвэл приус автомашины татварыг хөнгөлөх асуудлыг Засгийн газар оруулж ирж чадаж байна гэдэг нь ОУВС-гийн шийдвэр бус Засгийн газрын шийдвэр байж. Тэд ОУВС-гийн нэрээр ард түмний халааснаас татвар нэрээр дээрэм хийх гэж байсан юм байна.

ОУВС-гийн хөтөлбөрийг Засгийн газар боловсруулсан. Валютын сан түүн дээр нь дүгнэлт хийгээд заримыг нь зөвшөөрөөд явж байгаа. Тиймээс хүүхдийн мөнгийг хасах асуудлыг ч гэсэн Засгийн газар оруулж ирсэн. Засгийн газар приус машины татварыг эргэн харж болсон шиг бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох ёстой.

-Тийм боломж байгаа юу?

-78 мянган хүүхдэд олгох мөнгийг зогсоогоод түүнээс хэмнэсэн мөнгөөрөө бага орлоготой өрхүүдэд хоолны талон олгоно гэдэг санаа ОУВС-гаас өгсөн чиглэл огт биш. Энэ санаа Засгийн газраас л гарсан. Учир нь МАН орон нутагт дийлэнхэд нь засаг барьж байгаа. Тиймээс дарга нараараа дамжуулаад МАН-ыг дэмждэг болон дэмжих магадлалтай хүмүүст уг талоныг хуваарилж байгаа юм. Хүүхдийн мөнгө ямар нэгэн арын хаалгагүйгээр хүүхдэдээ очдог. Гэтэл түүнээс хэмнэсэн мөнгийг хэн нэгэн даргын шийдвэрээр хэн нэгэн Ардын намыг дэмждэг тэр айл өрхөд очихоор болж байгаад харамсч байна. ОУВС хэзээ ч ийм бүдүүлэг санаачилга гаргахгүй. Приус машины татварыг эргэн харсан шигээ бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох асуудлыг эргэж харах ёстой. Бензин шатахууны татварыг долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болсон. Бензиний татвар нэмэгдсэн л бол бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Тиймээс хугацааг нааш цааш тавих нь Засгийн газрын мэдлийн асуудал. Ялангуяа алслагдсан бүс нутагт очдог бараа бүтээгдэхүүн илүү өндөр үнэтэй болно. Энэ нь сонгуульд шууд нөлөөлнө гэж байгаа тул Ардын нам сонгуулийн маргааш бензин шатахууны татварыг нэмэхээр болж байна. Ардын нам мартдаг байж болох ч ард түмэн санах ойтой гэдгийг мартаж болохгүй.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өчигдөр үдээс өмнө Их хурал баталсан. Таны хувьд хүний эрхийг хангах тал дээр анхаарах ёстой гэдгийг анхааруулж байсан. Таны гаргасан саналууд хуульд биеллээ олов уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний эрх зөрчсөн 10 гаруй заалт байна. Тиймээс ажлын хэсэг дээр ярилц гэдэг үүргийг бүлгээс өгсөн. 10 гаруй заалтаас дөрвийг нь гол болгож ярьсан. Дөрвөн асуудлаас хоёр дээр нь бид хүний эрх, эрх чөлөөг хангах дээр амжилт гаргасан. Нэгдүгээрт, Шүүхээс хэргийг буцаах асуудал байсан. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр шүүхээс хэргийг буцаадаггүй нэг удаа очиж асуудлаа шийдвэрлээд явдаг, хэрэв гэм буруутай нь нотлогдвол ял авах, нотлох баримтгүй бол цагаатгаад явдаг тогтолцоог бүрдүүлэхийг хүссэн. Гэтэл ажлын хэсэг дээр Дээд шүүхээс ирсэн албан бичгийн дагуу Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан зарим заалтыг дордуулсан гэж үзсэн. УИХ-ын эцсийн хэлэлцүүлгээр харин энэ санал унасан. Энэ нь хүний эрхийг хангахтай холбоотой хамгийн том ялалт гэж үзэж байгаа. 1920 оноос хойш хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зарчмаар хэдэн жил дамнан хэрэг шалгах маягаар хүнийг залхааж хэрэг хүлээлгэдэг зүйлээс бид салж чадлаа. Энэ нь хүний эрхийг хангах тал дээр хамгийн том давуу тал.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол эрүүгийн хэрэг үүсгэснээс дуусах хүрэлх бүх процесстой холбоотой асуудлыг шийдвэрлэдэг. Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө гүйцэтгэх ажиллагаа хувь хүн дээр явуулах, үүнийгээ нотлох баримтад тооцох асуудлыг хуулийн төсөлд суулгасан байсан. Байнгын хорооны гишүүд үүнийг эсэргүүцсэн тул уг хуулиас хасагдсан.

-Та чуулган дээр малын хулгайн гэмт хэрэг дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй гэж байсан даа. Яг ямар учиртай байсан юм бэ?

-Цагдан хорих байранд хүнсний аюулгүй байдал болон мансууруулах бодис хэрэглэх, худалдаалахын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай заалтыг Засгийн газраас оруулж ирсэн. Гэтэл дээрээс нь нэмээд хүн худалдаалах, хүн алах, малын хулгай зэрэг гэмт хэргийг нэмж оруулсан. Энэ нь хүний эрхийг зөрчиж байна гэж үзсэн. Гэсэн ч олонх шийдвэрээ гаргаад явсан. Уг заалт нь хүний эрхийг дордуулсан гэж үзэж байгаа.

-72 цаг баривчилдаг байсныг 24 цаг болгосон ч 48 цаг байхаар баталчих шиг болсон. Ямар шалтгаанаар тийм өөрчлөлт орсон юм бол?

-72 цагийн баривчилгааг “хар баасан гариг” гэдэг л дээ. Сүүлийн гурван жилийн статистикаас харахад 5800 хүнийг хар баасан гаригт баривчилж даваа гаригт нь тэдний 80 хувийг гэм зэмгүй юм байна гээд сулласан байдаг. Баасан гаригт тухайн хүнийг баривчилчихаад бямба, ням гаригт хоёр өдөр мэдээллийн хэрэгсэл, сошиалаар тэр хүн баривчлагдлаа гээд нэр хүндийг нь зориудаар унагааж, гутаах зүйл гардаг. 72 цаг байсныг Засгийн газрын төслөөр 24 цаг болгосон байсан. Ажлын хэсэг 48 цаг болгосон шалтгаан нь холын аймгийн алслагдсан сум ч байдаг юм уу тэр газарт гэмт хэрэг үйлдсэн хүнийг төв суурин газар авч ирж, прокурорын зөвшөөрөл авч хэрэг үүсгэхэд хугацаа шаарддаг гээд зарим хуулийн байгууллагын зүгээс хүсэлт тавьсан. Тиймээс ярилцаж байгаад дундын хувилбар болох 48 цаг байхаар сонгосон. Өнгөрөгч долоо хоногт батлагдсан Эрүүгийн хууль, өнөөдөр (өчигдөр) батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүний эрхийг дээдэлсэн, 2002 оны шоронжсон хуулиас хамаагүй илүү хүний эрхийг хангасан хууль болсон гэж үзэж байгаа.

 
Э.Энхболд

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …