8000 амьд төрөлтөнд нэг тохиолддог ховор хүндрэлээс болж эх амиа алдсан гэв

 

Монголчууд үхэх төрөх ижилхэн гэж ярьдаг. Эрүүл саруул ураг тээчихээд эцэстээ төрөхийн хүндрэлээс болж алтан амиа алдана гэдэг үнэхээр эмгэнэлтэй бас харамсалтай юм.

Ер нь төрөхийн хүндрэл, төрөх эмнэлгийн эмч, сувилагч нарын хайхрамжгүй буруутай байдлаас болж эх, ураг амиа алдах, эрэмдэг зэрэмдэг болох харамсалтай хэргүүд гардаг. Гэхдээ үнэхээр эмчийн буруугаас болж амиа алдсан уу, эсвэл өөрөөс нь шалтгаалсан төрөхийн хүндрэл байсан уу гэдэг нь бас эргэлзээтэй.

Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 3-нд гэхэд Нийслэлийн II дугаар амаржих газар буюу “Хүрээ” амаржих газарт амаржихаар очсон эмэгтэй Э нь төрөхийн хүндрэлээс болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ар гэрийнхнийг нь ярьж буйгаар “Эмч нарын хайхрамжгүй байдлаас болж амиа алдсан. Үзлэг хийж байгаад усыг нь хагалснаас болж эхэс нь ховхорч биеийн байдал нь хүндэрч амиа алдсан. Тиймээс цагдаагийн байгууллагаар энэ хэргийг шалгуулж хэн нь буруутай үйлдэл гаргасан бэ гэдгийг тогтоож хариуцлага хүлээлгэх ёстой” гэсэн байр суурьтай байгаа юм.

Харин II төрөх эмнэлгийн удирдлагуудын зүгээс энэ мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийхийг хүсээгүй юм. Учир нь хууль шүүхийн байгууллагаар байцаагдаж шалгуулж байгаа. Мөн эд эсийн шинжилгээний хариу нь гартал ямар нэгэн тайлбар хийхгүй гэсэн юм.

Харин эмнэлгийн зүгээс энэ харамсалтай хэргийн талаарх оношийг ураг орчмын шингэний бөглөрөл гэж гаргажээ. Тодруулбал, ураг орчмынх нь доошоо гардаг ус нь судас руугаа орж бөглөрөл үүсч бие нь хүндэрсэн. Өөрөөр хэлбэл, төрөлтийн үед гардаг ховор хүндрэлийн нэг таарсан гэж үзэж, 8 мянган амьд төрөлтөнд нэг тохиолддог хүндрэлээс болж амиа алдсан гэнэ. Түүнээс эмч сувилагч нарын буруутай үйлдлээс болж эхийн амь нас хохироогүй. Эмч нарын үйл ажиллагаанаас болж гардаггүй, өвдөлтийн үед гэнэт гардаг эрсдэл буюу агшин зуур зүрх нь зогсч амьсгал нь боогдох хүндрэл гарсан. Энэ бол маш ховор тохиолддог төрөхийн хүндрэл гэдгийг эмч нар хэлж байгаа юм.

Э-г төрөхийн үед биеийн байдал нь гэнэт муудаж эхлэхэд төрөх тасгийн эмч сувилагч нар бүгдээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлсөн. Амийг нь аврахын тулд чадах бүхнээ хийсэн. Яалт ч үгүй амьсгал нь боогдож зүрх нь зогсоод ирсэн. Нэгнийх ч гэсэн амийг аваръя гэж хүүхдийг нь цаг алдалгүй хийсвэр хагалгаа хийж авсан. Эхийн зүрх зогсч эхлэхэд хүүхдийн зүрх мөн л зогсч эхэлсэн тул яаралтай хагалгаа хийсэн гэнэ. Охин төрөхдөө хүчилтөрөгчийн архаг дутмагшилтайгаас гадна тархи нь ажиллагаагүй, хөхөх рефлексгүй төрсөн байна.

Одоо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд амьдрах найдвар тун бага гэдгийг эмчлэгч эмч нар нь гэрийнхэнд нь хэлжээ.

Талийгаач Э-гийн хувьд гуравдахь хүүхдээ төрүүлэх гэж ийнхүү эмнэлэгт ирээд харамсалтайгаар амиа алдсанд ар гэрийнхэн нь гомдолтой явна.

 

Эх сурвалж: Zaluu.com

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн …