С.Ганбаатар: Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэнэтийн шийдвэр байсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчээр УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр бүртгэсэнтэй холбогдуулан тус намаас мэдээлэл хийв.
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар “Өнгөрсөн найман жилийн турш би баялгийн эх орон болгох асуудлыг ярьсаар ирсэн. Дипломын тухайд, долоон жилийн өмнө гэрээний маргаан өрнөж, мэтгэлцээн зохион байгуулж байхад надтай мэтгэлцэгч асар өндөр боловсролтой нэгэн байсан. Харин долоон жилийн дараа С.Баярцогт бид хоёрын хэн нь илүү боловсролтой вэ гэдгийг олон нийт үнэн зөв дүгнэнэ байх аа. О.Баасанхүү гишүүний хувьд бид ойлголцсон. Намайг дэмжинэ гэж итгэж байна. Өнгөрсөн парламентын үед бид амаргүй давааг хамтдаа туулж, гүтгэгдэж, доромжлуулсаар ирсэн. Тиймээс ч ойлголцоод цаашаа явах бүрэн боломжтой гэж бид харж байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон нь миний хувьд гэнэтийн шийдвэр байсан. Бага чуулганы өмнөхөн энэ асуудал шийдэгдсэн гэж болно. Надад болон МАХН-д энэ улсыг их өрнөөс гаргах, хөгжүүлэх төлөвлөгөө байна” хэмээлээ.
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “МАХН Бага чуулганаараа Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарын нэрийг нь дэвшүүлсэн. СЕХ өчигдөр албан ёсоор бүртгэн авлаа. МАХН 100 гаруй жилийн түүхтэй ууган намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор оролцох болсноо мэдэгдэж байна. Монголын ард түмэн Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлэхийг хүлээж байсан ч МАНАН-гийн явуулгын улмаас нэр дэвшиж чадаагүй. Гэсэн хэдий ч шударга, нэр цэвэр, Монголын төлөө гэсэн сэтгэлтэй С.Ганбаатарыг нэр дэвшүүллээ” гэв.
Нэр дэвшигч С.Ганбаатар сонгуулийн зардлаа босгохын тулд ард түмэндээ хандаж, хандивын дансаа нээнэ гэдгээ мөн мэдэгдэв.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …