З.Нарантуяа: Хөрөнгө оруулалтын банк урт хугацаатай, өртөг бага эх үүсвэр олох боломжийг бүрдүүлнэ

17/05/18 01:40

219 Үзсэн

 УИХ-ын гишүүн З.Нарантуяатай Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн талаар тодруулахгүй юу. Уг хуулийн төслийг баталснаар эдийн засагт ямар үр ашиг өгнө хэмээн харж байна вэ?

-Санхүүгийн зах зээлийг идэвхжүүлж, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой. ДНБ-нд эзлэх санхүүгийн зах зээлийн хувь хэмжээ нэмэгдэнэ. Банк, санхүүгийн салбарын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал сайжирч, цэвэр өрсөлдөөний нөхцөл бүрдэж, энэ салбарт оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ гэж харж байна.

-Иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар ач тустай байх вэ?

-Хөрөнгө оруулалтын банкаар үйлчлүүлснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа өргөтгөж шинэчлэх, томорч хөгжих, төлөвлөсөн төслүүдээ хэрэгжүүлэхэд шаардлагатай урт хугацаатай, өртөг багатай санхүүгийн эх үүсвэрээ анхдагч болон хоёрдогч зах зээлээс олох боломж илүү бүрдэнэ. Одоо бол зөвхөн банкны зээлээр, эсхүл өөрт байгаа хөрөнгөөрөө энэ ажлыг хийж байгаа.Банкны зээлийн хүү өндөр, жилийн дундаж хүү 19 орчим хувьтай байна. Нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн илүүдэл эс үүсвэр буюу харилцах дансны тогтвортой эх үүсвэр банкуудын эх үүсвэрийн бүтцэд багахан хувь эзэлж байна.

Нөгөө талаас ашигтай сайн төслүүдэд хөрөнгө оруулж, хадгаламжийн хүүнээс илүү өгөөж олох сонирхолтой иргэд, компани, хөрөнгө оруулалтын сан зэрэг хөрөнгийн менежмент хийх мэргэжлийн байгууллагууд Хөрөнгө оруулалтын банкны харилцагч болсноор зэх зээлийн талаарх цогц мэдээллийг авах, хөрөнгийн үнэлгээ, эрсдлийн талаар, мэргэжлийн түвшинд боловсрогдсон үнэн, зөв тоо мэдээлэл дээр үндэслэн тодорхой төслүүдэд хөрөнгөө оруулах уу үгүй юу гэдэг шийдвэр гаргахад хялбар болно. Итгэлтэй болно гэсэн үг. Үр дүнд нь нөгөө хөгжил муутай гэж яригддаг хөрөнгийн зах зээл амь орж, мөнгөгүй гацаж байгаа том жижиг олон төслүүд хөдлөх нөхцөл бүрдэнэ. Банкны салбар, хөрөнгийн захын өрсөлдөөний ачаар хүү буурах орчин үүснэ.

-Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг тодруулахгүй юу?

-Хөрөнгө оруулалтын банкны үндсэн үйл ажиллагаа нэгдүгээрт, компаниудад хөрөнгө босгоход нь зуучилж, андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх, хоорондоо нэгдэх, нийлэх, хувьцаагаа худалдах, худалдан авах ажиллагааг нь зохион байгуулж өгөх, хөрөнгө оруулагч нарын хөрөнгийг ашигтай төсөлд оруулахад нь зуучлах үйлчилгээ үзүүлдэг. Ялангуяа ашиг олох зорилгоор үнэт цаас, хувьцаа, бараа түүхий эдэд суурилсан санхүүгийн хэрэгслүүд, валют худалдан авч, худалдах замаар орлогоо нэмэгдүүлэх боломжийг харилцагчдад олгодог. Аж ахуйн нэгжүүдийн хүсэч байгаа боломж өөрсдөө хийж чадахгүй байгаа санхүүгийн нарийн мэргэжил шаардсан ажиллагаануудыг энэ банк тэдэнд хийж өгч ажиллагааг нь хялбаршуулж өгнө гэсэн үг.

Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтын банк өөрийн хөрөнгөөр шууд арилжаа хийнэ. Ашиг олох зорилгоор хоёрдогч зах зээл дээр хийж байгаа бүх төрлийн арилжаанд оролцдог. Манай улс одоогийн нөхцөлд үнэт цаасны компаниуд аж ахуйн нэгжүүдэд IPO болон бондоо гаргахад нь тусалж, адреррайтинг хийж өгч байгаа ч гаргасан үнэт цаас нь зуун хувь борлогдох баталгааг хангаж чадахгүй байна. Маш их ажиллагаа хийгдэж, зардал, чирэгдэл болж гаргасан үнэт цаас нь хүссэн хэмжээгээр борлогдохгүй байх болов уу гэсэн болгоомжлолоос болж олон компани үнэт цаас гаргах гэж оролддоггүй. Хөрөнгө оруулалтын банк нөхцөл байдал сайжрах үед ашигтайгаар зарж чадна гэсэн үнэт цаасуудыг шууд худалдан авч, төслийг санхүүжүүлдгээрээ үнэт цаасны компаниудаас илүү давуу боломжтой институц.

-Олон улсын түвшинд хөрөнгө оруулалтын банкны хөгжлийн чиг ханлага ер нь ямар байна вэ? Арилжааны банкууд ч адилхан санхүүгийн зуучлал гэдэг утгаар үйл ажиллагааныхаа төрөл болгоод хийгээд явж болдоггүй юм уу?

-Арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг банкуудыг хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг улс орон бий. Ялангуяа Европын банкуудад энэ түгээмэл байдаг. Бүр 20 дугаар зууны эхний үед банкууд охин компани байгуулах замаар үнэт цаасны арилжаа, андеррайтинг хийж байсан.

1929 оны хөрөнгийн захын уналт, санхүүгийн их хямралын улмаас иргэдийн санхүүгийн зах зээлд итгэх итгэл унасан учраас тэдний итгэлийг эргүүлж сэргээхийн тулд АНУ-ын Конгресс Гласс-Стигелийн акт гэж хууль гарган арилжааны банкны үйл ажиллагаанаас хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг нь салгаж, банкууд хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр арилжаа хийхийг, Хөрөнгө оруулалтын банкийг хадгаламж татан төвлөрүүлэхийг хориглож байсан. Сүүлд 80-90-ээд орны үед энэ хатуу хязгаарлалтуудыг сулруулсан ч 2008 оны санхүүгийн хямралын дараа эргээд универсиаль банкны үйл ажиллагаанаас хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг салгаж, зохицуулалтыг хуучин маягаар нилээд хатууруулсан нь одоо ч хэвээр байна. Тэгэхээр ямар хэлбэр, хязгаарлалт зохицуулалттай байлгахаас өөрийн улсын нөхцөл байдал, зах зээлийн төлөв, хөгжлийн шаардлагаас хамаарч шийдвэрлэх нь тухайн улсын шийдэх асуудал.

-Манай улсад энэ талын зохицуулалт ер нь ямар байдаг вэ? УИХ дээр удахгүй яригдах гэж байгаа хуулийн төсөл эрх зүйн орчны юуг нь сайжруулж чадна гэж та харж байна?

-Зах зээлийг тэлэх, хөрөнгийн бодит үнэлгээ, үнэт цаасны эрсдлийн тооцоолол, хяналт тал дээр илүү ахиц гаргана гэж харж байна. Одоо байгаа манай Банкны тухай хуулиар банкууд охин компани байгуулах замаар тодорхой төрлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаануудыг хийж болохоор зохицуулсан. Энэ хүрээнд зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын охин компаниуд бий. Ихэвчлэн дээр дурдсан санхүүгийн зуучлалын чиглэлээр ажиллаж байна. Одоо байгаа зохицуулалтын хүрээнд арилжааны чиглэл нь нилээд хязгаарлагдмал, олон шаардлагууд байгаа учраас банкуудын хувьд ашиг орлогоо нэмэгдүүлэх суваг болгох тал дээр бүрэн ажиллаж чадахгүй байна. Арилжааны банкууд аль нэг компанийн гаргасан үнэт цаасыг худалдан авах хэмжээ, боломж өөрийн хөрөнгийн хэмжээнээс нь хамаардаг зохицуулалттай. Охин компаниуддаа хуваарилах ашиг төдийлөн их биш. Харилцагчдын мөнгөн хөрөнгийг найдвартайгаар анхны шаардлагаар нь гаргаж өгдөг байхын тулд заавал байлгах нөөц, активын эрсдлийн сангууд гээд олон санг орлогоосоо байгуулдаг учраас ихэнх хүний хэлээд байгаа шиг маш их ашигтай юм байхгүй. Охин компаниуддаа хуваарилж өгөөд байх ашгийн хэмжээ, илүү эх үүсвэр нь хязгаартай байгааг бодит тоо мэдээнээс харж болно.

Зардлаа бууруулах, шинэ техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, эрсдлийн тооцоолол, дотоод хяналт, сайн засаглалын тал дээр банкууд харьцангуй сайн ажиллаж байгаа. Тиймээс тодорхой хугацааны дараа ийм чадавх бүрдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ үүнийг хүлээгээд зах зээлээ хаагаад сууж болохгүй. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаар мэргэшсэн, төрөлжүүлж энэ чиглэлээр ажиллах боломжийг нээсэн хуулийн зохицуулалтыг хийх шаардлага бий болчихоод байна. Гадаад, дотоодын мэргэжлийн санхүүгийн байгууллага, мэргэжилтнүүд орж ирснээр салбарын хөгжилд ахиц авчирна. Энэ талын хэрэгцээ, шаардлагыг харвал хуулийн ач холбогдол ойлгогдоно.

Нөгөө талаас манай аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг дараагийн шинэ шатанд гаргах суурь энэ хуулиар тавигдана. Санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй болохоор банкин дээр очдог. Эсвэл өөрийн нөөц бололцоог л ашигладаг. Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа томруулж, шинэ тоног төхөөрөмж авч, зах зээлээ тэлэх хэмжээнд хүрэхэд шаардагдаж байгаа томоохон хөрөнгө оруулалтуудыг банкууд бүрэн хийж чадахгүй байгааг бүгд мэднэ. Хугацаа богино, хүү өндөр гэдэг. Тийм хэмжээний 5, 10 жилийн урт хугацаатай, жилийн 2,3 хувийн хүүтэй зээл, санхүүжилтийг хаанаас олох вэ гэдэг асуулт олон жил үргэлжлэн яригдаж байна. Гэвч хариулт нь тодорхойгүй шүү дээ.

Эдийн засаг идэвхтэй байсан сүүлийн жилүүдэд манай компаниуд тухайлбал, ХХБ, ММС зэрэг хэд хэдэн компани гадаадын хөрөнгө оруулагчдаас мэргэжлийн хөрөнгө оруулалтын банкуудаар зуучлуулан хөрөнгө босгож төслөө санхүүжүүлж чадсан. Дотоодын хөрөнгийн зах дээр ч ХХБ, Голомт банкны байгуулсан үнэт цаасны чиглэлийн охин компаниуд, бусад андеррайтингийн компаниудаар үйлчлүүлж, хувьцаа, бонд гаргаж, өөрийн хөрөнгө, эх үүсвэрээ нэмэгдүүлсэн тохиолдлууд байгаа. Энэ ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, идэвхжүүлэх бодлогыг хэрэгжүүлж чадвал дээрх асуудал аяндаа зах зээлийнхээ жамаар шийдвэрлэгдэх боломжтой.

Тиймээс “Голдман сакс” ч юм уу, манай компаниудад үйлчлээд байгаа олон улсын мэргэжлийн банкууд орж ирэг л дээ. Хамгийн наад зах нь татвар төлнө, олон монгол залуусыг ажлын байраар хангана. Аудит, бүртгэл, засаглалын стандартууд богино хугацаанд олон улсын түвшинд хүрнэ. Гадаадын банкныханд хөрөнгө алдана гэж дэмий айж болгоомжилж суухаар юуг нь зөвшөөрөх, ямар ажиллагааг нь хязгаарлахаа энэ хуульд сайн хийж, зохицуулалтаа гаргаад ажиллуулаад үзэх хэрэгтэй. Манай үнэт цаасны компаниуд дотоодын зах дээр л ажиллаж байгаа. Тэдний “бэлтгэж гаргаж” байгаа үнэт цаасанд гаднын хөрөнгө оруулагчид одоохондоо итгэж хөрөнгөө оруулахгүй. Хэрвээ “Голдман сакс” шиг олон улсын хэмжээнд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн банкууд андеррайтинг хийсэн бол тухайн үнэт цаасанд итгээд хөрөнгөө оруулах магадлал нь илүү өндөр. Бодит нөхцөл байдал ийм л байгаа.

Хөрөнгийн зах зээл идэвхжихэд манай хөрөнгө сайтай хувийн компаниудын хөрөнгө оруулалт их чухал. Ижил зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг, тодорхой чиглэлээр амжилтад хүрсэн жижиг компаниудын хувьцааг худалдан авч, хөрөнгө оруулснаар аль алинд нь ашигтай. Ийм замаар бизнесийн модель загваруудыг өөрчлөх олон боломжийг бид ашиглаж чаддаг болоход шинэ хууль тус болох болов уу. Хөрөнгө оруулсных нь төлөө урамшуулах механизмуудыг ч бий болгох шаардлага байна.

Нөгөө талаас гэр бүлийн хүрээний, эсхүл цөөн хүний эзэмшлийн компаниудыг үнэт цаас гаргагч идэвхтэй хэсэг болгох бодлогыг сайн дэмжмээр байгаа юм. Олон нийтэд нээлттэй, ил тод сайн компаниудад хөрөнгө оруулагч итгэж хөрөнгөө оруулна. Компаниудын үнэлгээний хувьд хамгийн сайн жишээ, загвар болох компаниуд бол амжилтад хүрсэн, сайн менежменттэй компаниуд. Олон тийм компаниуд байна. Олон нийтийн итгэлийг энэ компаниудын үйл ажиллагаа, ашиг орлогын байдалд хандуулах ажиллагааг зохицуулалтаар дамжуулж дэмжиж чадвал хүмүүс банкинд итгэж мөнгөө хадгалуулдаг шиг, компаниудад итгэж бондыг нь худалдаж авна. Аль аль талдаа хүсэл их байвч хоёр талыг уулзуулж, зуучилж өгдөг мэргэжлийн тоглогч нь манайд өнөөдөртөө алга. Үүнийг л хийлгэх гэж хөрөнгө оруулалтын банкийг бий болгох гэсэн юм. Хуулийг баталж гаргавал зах зээл түгжрэлээс гарахад, компаниуд задарч хөгжихөд чухал үүрэгтэй.

-Гадаадын хөрөнгө оруулалтын банкууд Монголын жижиг зах зээлийг тоож орж ирэх үү. Энэ хуулийн ард “Банк оф Чайна” байна гэсэн хардлага их бий?

-“Банк оф Чайна” бол хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк биш. Арилжааны банкны чиглэлээр ихэвчлэн үйл ажиллагаа явуулдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын банкууд манайд орж ирж, үйл ажиллагаа явуулна гэвэл зөвхөн Монголын зах зээлийг харж, бизнесээ төлөвлөхгүй болов уу. Яагаад гэвэл манай байршил их чухал. Зөвхөн Монголын компаниудад бус хойд, урд хөршийн хил ойролцоо бүс нутгийн хэмжээний олон компанид үйлчилгээ үзүүлэх боломж гарна.

-Хөрөнгө оруулалтын банк ихэвчлэн томоохон төслүүдийг дэмжиж, сонирхох юм биш үү. Манай жижиг зах зээл дэх бизнесүүдийг дэмжих сонирхол байх уу?

-Тэгж харах нь өрөөсгөл. Хөрөнгө оруулалтын банкуудын баланс, чиглэлийг ажиглаж байхад жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд харилцагчдынх нь нилээд хувийг эзэлдэг. Том, жижиг гэхгүй төслөө л хөрөнгө оруулагчид сайн танилцуулж, ашигтай төсөл гэдгийг нь батлах, үүнд нь итгэсэн хөрөнгө оруулагч үнэт цаасыг нь худалдаж авах асуудал шүү дээ. Хоёр талыг сайн итгүүлж, зуучилж, үйлчилгээнийхээ шимтгэл, хураамжаар орлогоо олдог байгууллагын хувьд олон итгэлтэй харилцагчидтай байх нь банкны хувьд чухал.

-Хөрөнгө оруулалтын банкны хуулийн цаана дотоодын арилжааны банкуудын зах зээлийг хамгаалах зохицуулалт яваад байна гэдэг. Төв банк ч ийм байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Гадаадын арилжааны банкуудын үйл ажиллагааг хязгаарлаж, зөвхөн хөрөнгө оруулалтын банкийг оруулж ирснээр манай иргэдийн хүсэн хүлээгээд байгаа банкны салбарт өрсөлдөөн бий болж зээлийн хүү буурах асуудал биелэхгүй юм биш үү?

-Дотоодын арилжааны банкуудын хүү яваандаа буурна. Сайн хөрөнгө оруулалтын банк гараад ирвэл аж ахуйн нэгжүүд жилийн 20 хувийн хүүтэй банк руу очихоо болино. Энэ талаас нь харж, арилжааны банкууд үүнд дургүй байна гэсэн хардлага явдаг. Тийм биш. Арилжааны банкууд гадаадын банкуудыг шууд арилжааны зах зээл дээр оруулж зээл олгох, төлбөр тооцоо хийлгэх, харилцах, хадгаламж татах үйл ажиллагааг хийлгэж дотоодын банкуудтай өрсөлдүүлэхийг буруу гэж үзэж байгаа юм. Үндэслэл нь ч зөв. Аль ч улс дотоодын санхүүгийн зах зээлээ үндэсний аюулгүй байдал талаас харж, хамгаалж, зөв зохистой бодлогыг хэрэгжүүлэх ёстой.

Тиймээс одоо УИХ дээр хэлэлцэгдэх гэж байгаа хуулийн төслийг цэвэр хөрөнгө оруулалтын чиглэлээр, төрөлжсөн, хадгаламж, харилцах данс татахгүй, шууд корпорейт зээл олгохгүй, төлбөр тооцоо хийхгүй байхаар өөрчлөх шаардлага байгаа.

-ОУВС-гаас арилжааны банкуудад активын чанарын шалгалт оруулна. Үүн дээр та ямар хүлээлттэй байна вэ?

-Ер нь арилжааны банкуудын олгосон зээлийн чанарыг төв банк байнга хянаж байдаг. Арилжааны банкуудын хувьд ч гэсэн үйл ажиллагааных нь байдал активын чанараас хамаарч байдаг тул зээл чанартай байна уу, хугацаа нь хэтэрч үү, барьцаа нь баталгаатай юу гэдгийг байнга хянаж байдаг. Гадны аудитын байгууллагуудаар системийн хэмжээнд ангилал хийж байгаа байдал, дүрэм журам, стандарт нь зөв үү гэдгийг хөндлөнгийн нүдээр үнэлгээ хийлгээд харахад буруудахгүй. Түүнээс биш төв банк, арилжааны банкуудын өөрсдөө илрүүлж чадаагүй муу активыг гадныхан орж ирээд илрүүлнэ гэж би бодохгүй байна. Тэртээ тэргүй төв банк арилжааны банкуудын дотоодын хяналт олон улсын стандартын дагуу л хийгдэж байгаа.

Арилжааны банкны активын чанар гэдэг бодит эдийн засгийн нүүр царай, индикатор байдаг. Бизнесийн орчин сайн байвал арилжааны банкуудад чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл гарахгүй. Бизнесийн орчин муудаад, компаниудын үйл ажиллагаа доголдоод ирэх юм бол мэдээж зээл төлөх явцад доголдол үүснэ. Тэр учир шалтгаанаар арилжааны банкуудын активын чанар муудаж байгаа. Ханшийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар сул байдал, бизнесийн цар хүрээ хумигдсан зэрэг шалтгаан болж байгаа олон хүчин зүйлийг сайжруулах ажлыг цаг алдалгүй хийх хэрэгтэй.

-Активын чанарын байдлыг үнэлэхээс гадна банкуудыг нэгдэн нийлэх шаардлага хэрхэн өсч байгааг тодруулж өгөх байх?

-Төв банкнаас банкуудын дүрмийн санг 50 тэрбум болгож тогтоосон. Энэ хэмжээ 2018 онд хүрсэн байх ёстой. Өнөөдрийн байдлаар 14 банк хадгаламж авах гэж өрсөлдөж байгаа нь зөв үү, эсвэл зах зээлийнхээ хуулиар шахагдаж, нэгдэж нийлэх процесс явагдах шаардлага бий юу гэдэгт Төв банк судалгаа хийж ирсэн. Судалгааны үр дүнд манайд 5-6 банк байхад л зах зээлийн хэрэгцээг хангана гэсэн тооцоолол гарсан. Гэвч банкууд яаж ийгээд дүрмийн сангийн доод хэмжээгээ хангачихдаг болохоор Төв банк хүчээр зөвхөн ”жижиг байна” гэж татан буулгах хуулийн зохицуулалт байхгүй. Энэ удаа 50 тэрбумын босгыг хэд нь хангаж чадах, түүнээс хамаарч нэгдэх нийлэх тухай асуудал яригдах байх.
Хувь хүний хувьд ийм үйл явц явагдаасай гэж хүсдэг. Банкуудын өөрийн хөрөнгийн хангалттай том байвал тэр хэмжээгээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ, санхүүжүүлэх төслийн обьём томорно. Том төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болно гэсэн үг.

Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын нилээд хэсэг нь банкуудын өөрийн хөрөнгийн чадвар, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, активын чанарыг сайжруулахад чиглэгдэж байгаа.

-ОУВС-гийн шаардлагаар УИХ-аас 29 дүгээр тогтоолыг цуцалсан. Цуцлах шаардлагатай байсан уу?

-Үүнийг цуцлах шаардлагагүйгээр тогтоолын агуулгаа Валютын сангийнханд зөв ойлгуулах ажлыг Засгийн газар хийх ёстой байсан гэж боддог. Тогтоолын заалт ерөнхий заалт байсан. Зөвхөн гадаадынх бус бүх хөрөнгө оруулагч нарт экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргасан бол гаргасан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг Монгол руу оруулдаг байх, ингэснээр улсын экспорт, импортын зөрүүг багасгах, төлбөрийн тэнцэлийг алдагдалгүй байлгах, валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжийг эрх зүйн хувьд хийх арга хэмжээг ойрын хугацаанд авахыг Засгийн газарт даалгасан заалт байсан. Гишүүд энэ талаас нь харж, тогтоолын заалтыг зөв гэж дэмжиж баталсан.

Харамсалтай нь үүнийг зөвхөн Рио Тинто гэдэг компанид хамаарах гэж байгаа юм шиг ойлгож, Валютын сангаас шаардлага тавихаар шууд л хүлээж авсан.

Нэгэнт олон улсын гэрээний дагуу үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа “Рио Тинто”-ийн хувьд энэ заалт эргэж үйлчлэхгүй. Олон улсын гэрээ бол Монгол Улсын хууль тогтоомжоос илүү хуулийн хүчтэй эрх зүйн баримт. Тэгэхээр 29 дүгээр тогтоол “Рио Тинто”-д үйлчлэхгүй. Дараагийн хөрөнгө оруулагч нарт энэ нь халгаатай гэсэн утгаар Валютын сан хэлсэн бол яагаад халгаатай гэж үзэж байгааг нь сайн тодруулах хэрэгтэй байсан. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа бол Монголын банкуудаар, тэдний үйлчилж чадах үйлчилгээний хэмжээнд багтааж үйлчлүүлэх шаардлагыг тусгаар улсын хувьд тавих бүрэн эрхтэй.

-Та сүүлийн үед Хөгжлийн банктай холбоотой асуудалд анхаарлаа хандуулав уу? Хуулийг нь баталсан, нөгөө олон чанаргүй болсон гээд байсан бондын зээлүүд эргэн төлөгдөв үү?

-Хөгжлийн банкны үйл ажиллагааг хууль эрх зүйн орчинд сайжруулах ажлыг хийсэн. Тодорхой хэмжээнд хуулийг нь өөрчилж, балансыг нь цэвэрлэсэн. Үр дүнд нь Хөгжлийн банкны бондыг Засгийн газрын бонд болгож хөрвүүлж чадсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны төлбөр нь шахагдаж байсан бондын хугацааг сунгасан. Одоо Хөгжлийн банкныхан жинхэнэ ажлаа хийж байх ёстой. Он гараад таван сар болж байна. Хагас жилээр Хөгжлийн банкны багцын байдал, зээлийн чанарыг сайжруулах талаар хийсэн ажлын тайланг УИХ дээр авч хэлэлцэх асуулгыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаа. Энэ үеэр таны асуусан мэдээллүүд ил болох байх.

-Та Хөгжлийн банктай холбоотойгоор Ц.Гарамжав, Н.Номтойбаяр гишүүний зээлтэй холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Гэтэл тухайн үед энэ бол ташаа мэдээлэл, ажлын хэсэг эндүүрчээ гэсэн албан бичиг явуулсан юм билээ?

-Ажлын хэсэг андуураагүй. Шалгах үеийн байдлыг л гаргаж тавьсан. Шалгалтаас хойш тодорхой төлбөрүүд төлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн асуудал УИХ дээр хэлэлцэгдэх өдрийн байдлаар зээл нь хугацаа хэтэрсэн ангилалдаа л байсан. Одоо хугацаа хэтрэлтээсээ гараад хэвийн ангилал руу шилжсэн эсэхийг би мэдэхгүй байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийг бусад гишүүнд өгөхгүй нууц материал болгочихоод байсанд хамаг асуудал байсан. Надтай адил тэр материалыг уншсан хүнд ямар ч маргаангүй бодитой тоо байсан. Актад нууцын тамга дарчихаад бусад гишүүдэд тараахгүй байсан юм билээ. Нууцын зэрэглэлээс гаргалаа, ярьж болно гэж хэлсэн учраас бид түүнийг ярьсан.

-Нэр дурдагдсан хоёр гишүүнийхээс өөр хичнээн компани байсан бэ?

-Хугацаа хэтэрсэн ангилалд 16 компанийн зээл байсан. Үүнээс 6 нь улсын, үлдсэн нь хувийн салбарын авсан зээл. Би зээл авсан компаниуд, тэдгээрийн хувь эзэмшигчдийг зээл авсных нь төлөө буруутгах санаагаар хэлээгүй. Тухайн өдрийн хэлэлцэж байсан асуудал нь Хөгжлийн банкны дүрмийн сангийн хөрөнгийг 1.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тухай хэлэлцэж байсан учраас одоо байгаа 350 орчим тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө нь яагаад байхгүй болж байгаа тухай л асуудал тавьж ярьсан.

Чанаргүй буюу хугацаа хэтэрсэн гэж ангилагдаж байгаа зээлүүдэд ийм хэмжээний эрсдлийн сан байгуулахгүй, компаниуд нь төлчихвөл нэмж төсвөөс 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгийг гаргах шаардлага үүсэхгүй нь байна гэсэн агуулгаар хэлснийг нэр нь дурьдагдсан компаниудтай холбоотой хэмээн гишүүд эмзэг хүлээж авч байсан.

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


3 + = 9