“Итгэл” уран сайхны кино найман номинацид өрсөлдөж байна

Холливудын бүтээсэн “Марко Поло” кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн баргил хоолойтой жүжигчин бол Б.Амарсайхан юм.  Тэрээр дэлхийн кино урлагт Монголыг  анх удаа таниулсан чадварлаг жүжигчин билээ.

Түүний зохиол болох 2016 оны 10 сард нээлтээ хийсэн”Итгэл” уран сайхны кино “Cinema Awards”-д 8 номинацид нэр дэвшиж байна. Тодруулбал Шилдэг зохиол Б.Амарсайхан, Шилдэг найруулагч Б.Гарамханд, Шилдэг дууны найруулагч Б.Билгүүтэй, Шилдэг хөгжмийн зохиолч Б.Одбаяр, Шилдэг туслах эмэгтэй дүр Б.Тэмүүлэн, Шилдэг туслах эрэгтэй дүр С.Батзориг, Шилдэг эрэгтэй гол дүр Б.Амарсайхан, Шилдгийн шилдэг уран бүтээл  зэрэг нийт 8 номинацид өрсөлдөж байна.

Харин “Итгэл” уран сайхны ерөнхий продьюсерээр  түүний гэргий С.Уран ажилласан юм.

“Итгэл” уран сайхны кино  өнгөрсөн оны “Азийн дэлхийн шилдэг кино наадам” буюу Asian world film festival наадмаас “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл”-ээр шалгарч байсан.

 Жүжигчин Б.Амарсайхан  “Итгэл” уран сайхны  киноны зохиолынхоо талаар “Би их удаан хугацаанд монгол эр хүний тухай кино хийе гэж боддог байсан юм. Орчин цагийн монгол эр хүн гэж хэнийг хэлэх юм бэ? Энэ асуултад хариулах гэж их удаан бодсон. Нэгэн мэргэн хүнтэй таарч, үг сольж байх зуур, “Чамайг энэ хорвоогоос явахын цагт юутай байсныг чинь биш, хэн байсныг чинь л дурсдаг юм шүү дээ” гэж хэлэхийг нь сонссон минь энэ зохиолын гол дэвсгэр болсон.

Энэ бүтээлээ би өнгөрсөн жил 30хан насандаа өнгөрсөн дүүдээ зориулж хийсэн. Тэр минь 20 гаруй жил бөөрний дутагдал гэдэг өвчнөөр шаналж байсан юм. Бид хэрэндээ л асарч тойлж байсан ч өвчнийг нь дийлж чадаагүй. Өнгөрснийх нь дараа л тэр хүний хувьд нэг өдөр амьд үлдэх гэж ямар их тэмцдэг байсан, нэг өдөр, нэг хором ямар үнэ цэнтэй байсныг нь ойлгож, ухаарч, өшөө илүү сайн тусалдаг байж дээ гэж өр минь эмтэрч байна. Түүний үхэл амьдралын зааг дээр тэмцэж байсан тэмцлийг харуулахыг зорьсон.

Түүнээс гадна нийгмийн өмнө хүлээсэн уран бүтээлч хүний үүрэг гэж нэг юм байна. Би “Бодлын хулгайч” кинонд тоглосноосоо хойш “чанаргүй” уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзаж болохгүй гэдгийг ойлгосон. Хэлэх санаатай, бодуулах юмтай уран бүтээл туурвиж, нийгмийнхээ хонх дохио нь, залуучуудынхаа урам зориг болохыг эрмэлзэх болсон. Тийм ч учраас энэ кинондоо даргын цүнх барьж, ул долоож, албан тушаал авдаг нийгмийн бүтэн давхарга үүсч байгааг шүүмжлэхийг энэхүү харуулахыг зорьсон” гэж  сэтгэгдлээ илэрхийлжээ.


Г.Нараа

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …