Хөрш орнуудтай итгэлцэл сэргэж байна

Монгол Улс хоёрхон л хөрштэй. Нүүгээд салахын аргагүй, түүхээсээ авахын аргагүй бат, нот холбогдсон хоёр хөрштэй. Энэ хоёр улс маань дэлхийд нэртэй, зартай. Хүчтэй нөлөөтэй. Тэдэнд Монгол гэдэг хөрш бий. Хэдийгээр хүн ам цөөтэй ч хүчирхэг явсныг цус махандаа шингэтэл ойлгуулсан хөрш. Монголтой аль аль нь тун сайн харилцаатай ч, заримдаа үл ялиг хөндийрөх, бага сага үл ойлголцох үе бий. Ялангуяа аль улс төрийн хүчин, хэн гэдэг хүн төрийн тэргүүн болсноос болж, харилцааны хүч саарч бас идэвхждэг.
Гэхдээ Хятадтай харилцаа эргэн сэргэсэн, ЗХУ бутарч манайх бие даасан улс болсон сүүлийн 20-30 жилийн түүхийг харахад МАН гарахаараа хөршүүдтэй харилцаа улам бүр сайжирч, тэдний зүгээс баггүй, байгаагаараа харилцаж эхэлдэг нь үнэн юм. Яагаад ч юм АН-ыг засагт гарахаар оросууд ч, хятадууд ч цензур тавиад эхэлдэг. 1990-2000 оны хооронд Оростой харилцаа бараг унтарсан байлаа. Бараг л оросуудыг үзэн ядсан хөдөлгөөн энд тэнд өрнөх дөхөж, ах дүү гэгдэж байсан ойлголт нурамд орсон байсан юм.

2000-2004 онд МАН олонхи болж засаглаж байхад оросуудад төлөх өрийг тэглэж, том боломж бидэнд олдож байв. Бас ОХУ-д элчин сайдаар сууж байсан С.Баяр 2007 онд Ерөнхий сайд болсноор харилцаа эрс өөр болсон билээ. Олон зүйл дээр оросуудтай ойлголцоход амар болж ирсэн. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин МАН-ын нэр дэвшигчийг дэмжин сонгуулийн өмнөхөн ирж байсан удаатай. Оросын пиарчдын багийн тооцоо буруудаж, АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан тэр шокноосоо гарах гэж тухайн үед их л бантсан юм даг. Тэдний хувьд МАН сонгуульд олонхи болж, МАН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгч болж байвал ойлголцоход амар байдаг. Магадгүй хуучин намын тогтолцоо адил, олон жилийн түүхэн харилцаа нь тиймд хүргэдэг байж болох юм. БНХАУ-ын хувьд бас адил. Коммунист тогтолцоотой энэ орны удирдлагуудад хуучин тийм намын угшилтай гэдгээрээ МАН ойлголцоход амар байгаад байдаг. Мэдээж, ямар ч намын үед Монгол улс хөршүүдтэйгээ асуудал байхгүй, сайн харилцаатай. Гэхдээ гарын алганы яг аль тал вэ гэсэн сонголт дээрээс тэд МАН-тай харилцахыг хүсдэг. Угаасаа АН-ыг Америкийн талыг хэт дагалдагч гэж үздэг л дээ. Гэхдээ аль нэг улс орныг дагах гэдэг үүднээсээ бус улс орнууд харилцан ойлголцож явахад МАН хамаагүй тулхтай, зарчмын асуудлуудаа тодотгоод явах боломжтой байдаг.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараагаас төр засгийн түвшинд хоёр хөрштэй харилцаа илт сэргэж ирснийг гадаад харилцааны мэргэжилтнүүд онцолдог. Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил гэхэд он гарсаар хоёр хөрш рүүгээ айлчилсан нь ганцаар тогтсонгүй. Өнгөрсөн хоёрдугаар сард гэхэд хоёр хөршдөө албан айлчлал хийж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ дахь айлчлалаас дөнгөж буцаж ирээд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар БНХАУ руу тус бүр нэг удаа айлчилж, Си Жин Пин дарга төрийн айлчлал хийж байсан удаатай. Харин МАН засгийн эрхийг авсан жил хүрэхгүйн хугацаанд бодитой ажлууд нэлээд гарч байна.

БНХАУ-ын олгосон нэг тэрбум ам.долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдснээ Си Жинпин дарга Ж.Эрдэнэбат сайдад дуулгасан. Мөн БНХАУ-ын Ардын банк, манай Монгол банк хоорондын своп хэлэлцээрийн хугацааг сунгаж, 350 сая юаны буцалтгүй тусламж олгох болсон. Өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-ын дарга М.Энхболдыг ОХУ-д айлчлах үеэр Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.Матвиенко “Ийм нүүр тулсан уулзалт, яриа хэлэлцээний үеэр тулгамдсан асуудлуудаа ний нуугүй ярилцах боломж олддог. Уламжлалт харилцаагаа цаашид амжилттай хөгжүүлэхийн тулд бодит үр дүн гаргах хэрэгтэй байна.

Үнэнийг хэлэхэд бид монгол нөхөдтэйгээ олон удаа уулзаж, олон асуудал хөндөж ярилцсан. Цөөнгүй тохироо хийгдсэн. Харамсалтай нь үр дүн бага байна. Манай хоёр нам тус тусын сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх барьж байгаа. Энэ бол нэг талаар боломж мөн ч нөгөө талдаа маш том хариуцлага юм” хэмээн хэлсэн нь нэгийг хэлдэг. Юутай ч хоёр хөрштэйгөө хамтдаа хөгжинө гэдэг бидний гарц. Илүү их ойлголцож, илүү өргөн хүрээнд ажиллана гэдэг бидний зорилт. Юутай ч гадаад харилцаа тэр дундаа хоёр хөрштэйгээ харилцах бидний харилцаа улам сэргэж, эдийн засгийн хувьд ч том боломжууд ар араасаа гарч байгаа нь сайн хэрэг юм.

Х.ТЭРГЭЛ

Санал болгох мэдээ

Улс төрийн халуун сэдэв Ц.Элбэгдоржийн “угсарсан” системийн авлига: С.Зоригийн хэрэг, Ч.Сайханбилэг, С.Баярцогтын балаг

-Систем гэж юу вэ? -“Өөр хоорондоо харилцан холбоотой хэсгүүдийн олонлог” Монголжуу ухаанаар бол, машин хөдөлж …