Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд жилд 200 мянган өрхийн орон сууц угсрах гэрээ байгууллаа

17/05/17 03:51

796 Үзсэн

Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр талаас нийт 21 санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан албан тушаалтан, аж ахуйн нэгжийн төлөөллөөс гэрээ, санамж бичгийн ач холбогдлын талаар тодрууллаа.

ИННОВАЦИЙН ХӨГЖИЛД ТҮШИГЛЭН  ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ИНКУБАТОР ТӨВ БАЙГУУЛНА

 

Монгол Улсад шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

-Яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд, Монгол Улсад шинжлэх ухаан технологийн парк, инновацийн хөгжилд түшиглэн хамтарсан технологи дамжуулах инкубатор төв байгуулна. Цаашдаа Монгол Улсын залуу эрдэмтэн судлаачдыг БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх, шинжлэх ухааны байгууллагуудад урт, богино хугацаагаар судалгаа хийлгэх зэрэг асуудлыг тусгалаа. Тиймээс санамж бичгийн хүрээнд хийх ажлууд БНХАУ-ын шинжлэх ухаан, судалгааны байгууллагаас манай улсын шинжлэх ухааны хөгжилд оруулах маш том хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

 

“ОЮУТОЛГОЙ” ИРЭХ 4 ЖИЛД ХЯТАДААС ЭРЧИМ ХҮЧ ИМПОРТОЛНО
“Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурсан “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу:
-Манай компани БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Эрчим хүчний олон улсын харилцаа” компанитай Оюутолгойн эрчим хүчний импортын гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр “Оюутолгой” ирэх 4 жилд Хятадаас эрчим хүч импортолно. Манай компани эрчим хүчний импортын гэрээг нь хариуцаж байгаа. Сая гэрээ хэлцлийн явцад үнийн хувьд нэлээн ахицтай үрдүнд хүрсэн, жилийн дүнгээр үнийг 3 сая ам.доллараар бууруулж чадсан байгаа. Хятадын талд байгаа шугамын алдагдал, хоёр тал оролцож байгаа шугамын эзэмшлийн заагийг акц болгож баталгаажууллаа. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд эрчим хүчний үнэ тарифаас Монгол Улсын нэг  ам.доллар ногдохоор ийм хэлцэл хийлээ.

600 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

 

 

Тэвшийн говийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй “Монгол пауэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Эрдэмбилэг:
-Манай компани Хятадын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацитай санамж бичиг байгууллаа. Энэ санамж бичгийн дагуу Дундговь аймгийн Сайнцагаан суманд орших Тэвшийн говийн ордыг түшиглэн 600 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх юм. 2017 онд концессийн гэрээ байгуулсан, одоогоор төсөл бичиг баримтын боловсруулалтын түвшинд байна. Ирэх жилээс төсөл хэрэгжинэ гэж үзэж байгаа. Төсөл хэрэгжсэнээр төвийн эрчим хүчний сүлжээний тогтвортой байдлыг хангах, эрчим хүчний дутагдлыг нөхөх юм. Ийм том төсөл 1982 онд IV цахилгаан станц баригдсанаас хойш ер хэрэгжүүлээгүй. Ойролцоогоор 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй төсөл. Төслийн хөрөнгө оруулагч тал болох АНУ-ын Firebird компанийн захирал Жэймс Пассин Монголын бусад холбогдох хөрөнгө оруулагчтай хамтран 51:49 харьцаагаар хөрөнгө оруулна. Хятадын эрчим хүчний том хөрөнгө оруулагч компанитай хамтарснаар энэ төсөл хэрэгжих шатандаа орлоо гэж үзэж болох юм.   Хятадын талаас хөрөнгө оруулагч, ЭТИСИ гэрээ, түлхүүр гардуулах, хэрэгжүүлэгч гэсэн үүргүүдийг гүйцэтгэнэ. Энэхүү станц нь агаарын хөргөлттэй станц. Усыг маш бага хэмжээгээр ашиглана, ижил хэмжээний усан хөргөлттэй станцыг бодвол бараг тийм станцын 5 хувьтай тэнцэх хэмжээний усыг хэрэглэнэ.

 

ӨРТӨГ БАГАТАЙ АМИНЫ ОРОН СУУЦНЫ УГСРАЛТЫН ҮЙЛДВЭР БАРИНА

 

 

“Монголын Ганьт” группын захирал Ц.Батбаяр Хятадын “Жунмин Жую” технологийн компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан ба тэрбээр хэлэхдээ, Хятадын хамгийн сүүлийн үеийн технологитой, хамгийн өртөг багатай амины орон сууц угсралтын үйлдвэр барих тал дээр хамтарч ажиллахаар боллоо.Нэг метр квадратын үнийг нэг сая төгрөгөөс доош байлгах боломжтой энэ үйлдвэрийг байгуулснаар Улаанбаатар хотын иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл бололцоог сайжруулах төдийгүй агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах олон талын ач холбогдолтой.
Нөгөө талаар энэ үйлдвэр нь гэр хорооллыг орон сууцжуулах ажлын нэг хэсэг юм. Үйлдвэрийг энэ жилийн 6 дугаар сараас эхлэн барих бөгөөд нийт өртөг нь 350 сая юань байхаар төлөвлөж байна. Гүйцэтгэгч нь “Монголын Ганьт” компани байх бөгөөд 50-100 хүний ажлын байрыг шинээр нэмэгдүүлнэ. Нэг жилд нэг сая м.кв орон сууц үйлдвэрлэх ба энэ нь 200 мянган өрхийн орон сууц гэж ойлгож болно. Ингэхээр 4 жилийн дараа буюу 4 сая м.кв орон сууцыг үйлдвэрлэхэд Улаанбаатар хотын хэрэгцээг хангана гэсэн үг юм. Төсөл хэрэгжих хугацаа 4 жил  гэж тооцож байгаа гэв.

 

montsame.mn
Share Button

Санал болгох.

Сэтгэгдэлүүд

2 сэтгэгдэл.
  • Зочин 182.160.33.24

    2017/05/17 at 21:16

    Хямд өртөгөөр орон сууц барих боломж байсан.МАНын олон барилгын компанууд аль эрт өөрийн өртөг метр квадратын нь 600 мянга байхад нэг сая хүргэн зарж анх үнийг хөөрөгдөж өндөр ашиг олж байснаас болж иргэд худалдан авахад бэрхшээл үүссэн.Одоо үүнийг засах боломж гарч болзошгүй болж байгаа нь талархууштай. Уг нь ард иргэдээ гэсэн сэтгэл байсан бол иргэд хохирохгүй байлаа.

  • Anonymous 119.40.103.162

    2017/05/18 at 14:52

    Сайхан мэдээнүүд байна шүү, эдийн засаг сэргэж улс орон маань сэргээсэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


3 + = 6