“Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв

17/05/17 03:36

144 Үзсэн

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.17) Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг  2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан.

Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь:

  1. Зээлийн хүү (жилийн):             1,75%
  2. Зээлийн хугацаа:           20 жил
  3. Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа   5 жил

Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч: 200 сая ам.доллароос дээших дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байх юм.

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрийн ХЭЛЭЛЦЭЭРЭЭР: хэсгийн (i) -д “…төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг…” гэснийг “…аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг…” болгон нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцсон гэдгийг сайд А.Цогцэцэг дурдав.

Зээлийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын Эдийн засаг, Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2017 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн хуралдаанаар зөвшилцөн, Ерөнхий сайдын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар захирамжийг үндэслэн Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд  Сангийн сайд 2017 он 4 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан юм байна.

Энэхүү хэлэлцээр нь “Олон улсын гэрээний тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2- т заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи …” гэрээ тул Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулахаар Хуулийн төсөл, Хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


× 8 = 24