Д.Алтанзул: Сүүлийн үед бага насны хүүхдийн шүд цоорол эрчимтэй ихсэж байна

17/05/16 10:17

317 Үзсэн

Аливаа улс орны шүдний өвчлөлийг 12 настай хүүхдээр тогтоодог байна. Учир нь энэ насны хүүхдийн бүх сүүн шүд солигдож, байнгын шүд гарсан зурвас үе бөгөөд хамгийн эрүүл байдаг аж. 1976 оны судалгаагаар 12 настай хүүхэд бүрт 1.6 шүд цоорхой байсан бол хамгийн сүүлд хийсэн судалгаагаар нэг хүүхдэд 3 цоорхой, эсвэл авахуулсан байгаа дүн гарчээ. Энэ нь манай улсад сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийн дунд энэ өвчин нэмэгдэж байгааг харуулж байна хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.

Тэгвэл хүүхдийн шүдийг хэрхэн арчлах талаар болон иргэдийн дунд ямар шүдний өвчин зонхилдог, хэрхэн урьдчилан сэргийлж эмчлэх талаар “Цагаанзул” шүдний эмнэлгийн захирал, их эмч Д.Алтанзултай ярилцлаа.

-Юуны өмнө та “Цагаанзул” эмнэлгийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Манай эмнэлэг 2009 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш шүд, эрүү нүүрний оношлогоо, эмчилгээ, мэс ажилбар, гэмтэл согог заслын үйлчилгээ үзүүлээд найман жил болж байна.

Манай иргэдийн дунд шүдний ямар өвчин зонхилдог вэ. Тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Шүд, эрүү нүүрний эмгэгүүдээс зонхилон шүд цоорох өвчлөл. Тэр дундаа бага насны хүүхдүүдийн цоорол эрчимжиж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн газар,  Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтарсан 2010 оны Улаатбаатар хотын хүүхэд залуусын амны хөндийн өвчлөлийн судалгаагаар 5-6 насны хүүхдүүдийн шүд цоорлын тархалт 80.1 хувьтай гарсан.

Харин 2015 онд хийсэн Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээнд нийслэлийн хэмжээнд дээрхи насны хүүхдийн шүдний цоорлын тархалт 76.1 хувьтай байна. Үүнээс улбаалаад дагалдах хүндрэлүүд идэвхижиж байгаа. Энэ асуудлын хүрээнд Нийслэлийн засаг дарга 2016-2020 онд хэрэгжүүлэх ажлын мөрийн хөтөлбөртөө сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх, үзлэг, зөвлөгөөг үнэгүй хийж өгөхийг уриалан  хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа.

Үүнд мөн манай эмнэлэг оролцохоор болсон байгаа. Энэ үйл ажиллагаа 2017 оны есдүгээр сараас хойш хэрэгжиж эхлэх байх. Мөн иргэд мэргэжлийн эмчид хандан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан, эмчилгээг цаг алдалгүй хийлгүүлж байх хэрэгтэй.

-Иргэдийн дунд хамгийн түгээмэл байдаг шүд цооролтын өвчний тухайд?

-Шүд цоорох өвчин гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсийн алдагдлын улмаас шүдний хатуу эд зөөлөрч, шүдэнд хөндий үүсэх эмгэг процессийг хэлнэ. Шүдний цоорол үүсэх нь дараах хүчин зүйлүүдээс хамаарч байдаг. Үүнд амны хөндийн хэвийн болон эмгэг төрөгч бичил биетэн, шүлс, түүний найрлага, хэмжээ, хооллолтын буруу дэглэм, цаг хугацаа, буруу дадал зуршил, шүдний өнгөр, шүдээ хэрхэн зөв угааж байна гэдгээс хамаардаг юм.

Үүнийг дотор нь нарийвчлан тайлбарлахад амны хөндийн хэвийн (амны микрофлор) болон эмгэг төрөгч бичил биетэний харилцан үйлчлэлийн нөлөөгөөр бусад өвчин үүсгэгч нян, савханцар, мөөгөнцөрүүдийн өсөлт хөгжилт нь дарангуйлагдаж, ам цэвэршиж, ялзралт, амны эвгүй үнэр дарагдаж байдаг. Амны хөндийг удаан хугацааны турш ариутгалын болон төрөл бүрийн хүчтэй уусмалуудаар зайлахад ам бактергүйжэх (микрофлоруудыг устгах) бөгөөд эмгэг төрөгч, микрофлоруудын харьцааг алдагдуулж, цоорол үүсэх нэг нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд хувь хүн амаа цэвэр усаар зайлж, зөвхөн эмчийн заавраар ариутгалын уусмалуудыг хэрэглэх нь зөв.

Харин шүлс нь шүдний пааланг эрдэсжүүлэх, амны хөндийн хүчил шүлтийн орчинг саармагжуулах (амны хөндийн орчин хүчиллэг болоход нянгийн идэвхжил ихсэж, эрдэсийн алдагдал үүсгэснээр цоорол үүсэх нөхцөл нэмэгддэг), шүдийг цэвэрлэх, амны хөндийн салстыг байнга чийглэг байлгаж, фосфат, кальци болон олон төрлийн органик бодисын ионыг уусгах зэрэг чухал нөлөөтэй байдаг.

Дараагийн хамгийн чухал зүйл нь зөв хооллох. Хооллолтын дэглэм алдагдах, буруу хооллох, ялангуяа байнга нэг төрлийн, илчлэг чанар багатай хоол идэх нь шүдний эрдэсжилт болон эрүү ясанд муу нөлөөтэй. Мөн хоол хооронд чихэрлэг, наалдамхай хүнсний зүйлийг (хатуу зөөлөн чихэр, төрөл бүрийн ундаа, жүүс, сок, иогурт, шоколад …) ихээр идэх нь амны хөндийн эмгэг төрөгч нянгуудын өсөж үржих хүчиллэг орчинг үүсгэж, энэ нь пааланг сийрэгжүүлж, наалдамхай байдал нь нян үржих, чулуу үүсэх таатай нөхцөл болж, шүдний цооролд ч төдийгүй бие организмд ч муу нөлөө үзүүлдэг.

Мөн сүүлийн үед бага насны хүүхдийн шүд цоорол эрчимтэй ихсэж байна. Дөнгөж сүүн шүд цухуйвуу үгүй юу бүх шүд нь цооролд өртөж, хүмүүсийн ярьдагаар ёзоор үлдэж байна гэж их ярих болсон. Энэ нь хэдий хүүхдийн ерөнхий биеийн байдал муу, зарим эмийн хордлогын гаралтай үүсдэг тохиолдол байдаг авч ихэнхдээ эцэг, эх, халамжлагчийн буруугаас болдог. Хөхүүл хүүхдийг унтахад хөхийг аманд нь хийж унтуулах, өдөр тутам ундаа, шүүс зэргээр ундлах, хоол хооронд чихэрлэг хүнсний зүйл ихээр өгөх зэргээс болж бага насны хүүхдийн шүд их хэмжээгээр цоорч байна. Мөн бага насны хүүхдийг эцэг, эх, халамжлагч нь сойзоо дөнгөж барьдаг болонгуут нь шүдээ угаа гээд л хаячихдаг, оо сойзыг нь буруу сонгож өгдөг, хүүхдийн уурлаж зөрүүдлэхээс нь төвөгшөөж шүдийг нь гүйцэд угааж өгөлгүй орхих зэргээс болж дээрх байдал үүсдэг болохыг анхаарах хэрэгтэй.

-Сүүлийн үед хүмүүс шүдний чулуужилт гэж их ярих боллоо. Энэ нь хэрхэн үүсдэг, бидний шүдэнд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Шүдний чулуу гэдэг нь буйлны ирмэгээр үүсэж эхлээд хүндрэх тусам буйлан доогуур ургаж шүдний холбоосыг гэмтээснээс шүдийг хөдөлгөөнд оруулж сулруулдаг өвчин юм. Түүнийг шохойны тунадас гэж үздэг. Шохой нь цагаан өнгөтэй атал яагаад бараан өнгөтэй байна гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Хэргийн учир нь шүдний чулууны найрлагад шохойноос гадна хоолонд ордог кальцын давс, хоолны үлдэгдэл, үхсэн эсүүд, бактерүүд, фосфорын давс ба төмөр зэрэг ордогт байгаа юм.

Харин шүдний чулуу нь хэд хэдэн шалтгаанаас бол үүсдэг. Үүнд  шүдээ цэвэрлэдэггүй, эсвэл тогтмол биш, буруу цэвэрлэж угаадаг, өөрт тохируулан шүдний оо, сойз сонгож хэрэглэж чаддаггүй, зөвхөн зөөлөн хоол идэх, өнгөртүүлэх хүнс ихэвчлэн хэрэглэж заншсан бол ( өтгөн байхуу цай, кофе, мөн тан уух), зөвхөн нэг талаараа зажилдаг, тамхи татах, бодисын солилцооны алдагдал, түүний дотор давсны солилцооны алдагдал үүссэн бол, түүнчлэн шүдний гадаргуу хангалттай гөлгөр биш байх, шүдний эгнээний байрлал буруу байх зэрэг нь шүдний чулуу үүсэхэд нөлөөлдөг.

-Тэгвэл чулууг хэрхэн эмчлэх вэ?

-Шүдний чулууг зөвхөн авч эмчилдэг. Ер нь шүдний чулууг хагас жил, эсвэл жилдээ нэг удаа авахуулж байх ёстой байдаг. Чулууг 2-3 үе шаттайгаар авна. Тухайлбал шүдний өнгөр ба чулууг багаж ашиглан гараар эсвэл чанд авианы тусламжтайгаар авах. Шүдний гадаргыг тусгай өнгөлгөөний паст ашиглан өнгөлөх. Цэвэрлэгээ, өнгөлгөөний дараа шүд сийгэж мэдрэгшсэн бол эрдэсжүүлэлэх эмчилгээг хавсрана.

Мөн шаардлагатай үед шүдний чулууг мэдээ алдуулалттайгаар авдаг. Цаашид амны хөндийн эрүүл ахуйг чанд сахиж шүд угаалтыг зөв техникийн дагуу угааж хэвшин, жилдээ 1-2 удаа эмчид үзүүлэн шалгуулж байвал шүд чулуужих өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

-Шүдний гажиг юунаас үүдэлтэй, мөн гажигаас хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой байдаг вэ?

-Шүдний гажиг үүсэхээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Үүний тулд шалтгааныг эрт олж илрүүлээд арилгах. Ер нь бол эрүү нүүрний эрхтэн тогтолцооны бүтэц ба үйл зүйн нэгдмэл холбоон дээр үндэслэнэ. Урьдчилан сэргийлэлтийг төрөхийн өмнөх ба төрсний дараах сэргийлэлт гэж хувааж үзсэн нь дээр байх. Боломжтой бол шүд эрүү нүүрний системийн үр хөврөл тавигддаг жирэмсний эхний хугацаанд ирээдүйн хүүхдийн шүд эрүү нүүрний гажигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эхлэх.

Тухайлбал төрөхийн өмнөх урьдчилан сэргийлэлт нь нэгдүгээр эх сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, ногоо, витаминлаг  эрдэсээр баялаг хоол хүнс хэрэглэх. Хоёрдугаарт жирэмсний эрт хожуу хордлого, халдварт өвчинөөс сэргийлэх, архаг хууч өвчийг эмчлүүлэх. Төрсний дараах урьдчилан сэргийлэлт гэж хоёр хувааж болно.

Хөхөөр хооллох нь эрүү нүүрний булчингуудын хэвийн хөгжлийг хангах гол хүчин зүйл тул эрүү нүүрний гажигаас сэргийлдэг. Хөхний сүү уураг, өөх тос, нүүрс ус эрдсийн хэмжээг яг байх түвшинд барьсан юугаар ч орлуулашгүй маш чухал тэжээл юм.

Харин угж хөхүүлэх нь эрүү нүүрний булчингуудын хэвийн хөгжих нөхцлийг хангаж өгдөггүй үүнээс  шүд, түүшингийн нумын хэлбэр өөрчилөгдөх, шүд эрүүний гажиг үүсэхэд нөлөөлдөг гэж үздэг. Хүүхдийнхээ идэж буй хоол хүнс, амны хөндийн ариун цэврийг зөв сахиулж өсөлт хөгжилтийг нь анхаарч хүүхдэдээ цаг гаргах нь гэр бүлийн маш чухал үүрэг юм гэдгийг ойлгох нь чухал.

Мөн хүүхдийн буруу зуршил нь булчингуудын жигд үйл ажиллагааг алдагдуулж шүдний эгнээний нум ба тодорхой шүднүүдийн байршлыг өөрчлөн хөндлөн, босоо, дагуу чиглэлээр шүд, эрүүнд гажиг үүсгэдэг.
Энэ өөрчлөлт нь хүүхэд өсөх тусам гүнзгийрч нүүрний хэлбэрт нь өөрчлөлт оруулах ч тохиолдол бий. Буруу зуршлыг дотор нь А. Хөхөх /хуруугаа хөхөх, хэлээ хөхөх, уруул завьжаа хөхөх, эд зүйл хөхөх, гэх мэт/, Б. Буруу залгих, амаар амьсгалах, нэг талаараа зажилах, шүдээ хавирах гэх мэт В. Удаан хугацаагаар буруу байрлалаар байнга шанаагаа тулж суух, гараа дэрлэж унтах, хумсаа мэрэх гэх мэт гурван бүлэгт хуваадаг.

-Энэ нь шүдний гажиг үүсэхэд ямар холбоотой байдаг вэ?

-Буруу зуршлын үргэлжлэх хугацаа, давтамж нь гажиг үүсэх нөхцөлтэй шууд холбоотой. Буруу зуршлаас урьдчилан сэргийлэхдээ аль болох эрт үеэс эхэлж зөв хооллох, зөв залгиулах, сульдаа өвчин тусгахгүй байх, амьсгалын дээд замын өвчөөр удаан хугацаагаар өвлүүлэхгүй байх /гүйлсэн булчирхайн үрэвсэл, аденойд үрэвсэл, хамарт мах ургах, хамрын архаг харшил, хавчиг гүн тагнай/ шаардлагатай. Нэгэнт буруу зуршил хүүхдэд бий болсон бол мэргэжлийн эмчид хандахын зэрэгцээ, түүний гэр бүл ойр дотныхон нь буруу зуршлыг нь арилгахад чухал үүрэг гүйцэтгэх шаардлагатай юм.

Мөн хүүхдийн сүүн шүдний цоорол нь гажиг үүсэхэд нөлөөлдөг. Иймээс аль болох цоорол даамжирч шүдний зөөлөн эдийн үрэвсэлүүд, цааш хүндэрч архагшихаас өмнө эмчид хандан эрт эмчлүүлж байх хэрэгтэй. Сүүн шүд нь үүдэн, соёо, араа бүлгийн нийт 20 шүд байна. Бүлэг шүд бүхэн өөр өөрийн гэсэн солигдох хугацаатай байдаг тиймээс энэ хугацаанаас өмнө шүдийг эрт авхуулахгүй байхыг эрмэлзэх нь зүйтэй байна. Үүний зэрэгцээ хэл, уруулын хөвч богино байх нь мөн нөлөөтөй учир үүнийг мэс ажилбараар байнгын шүд шүдлэх үеэр уртасгуулах хэрэгтэй. Эцэст нь дүгнэхэд дээрх үндсэн төрөхийн өмнөх ба төрсний дараах гажиг үүсгэгч хүчин зүйлсээс хамгаалж цаг алдалгүй эмчид хандаж чадвал шүд, эрүү нүүрний гажиг үүсхээс бүрэн урьдчилан сэргийлж чадах юм.

Бага насны хүүхдүүдийн сүүн шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, арчилгааг хэрхэн хийх вэ?

-Хүүхдийнхээ шүдэнд анхаарал тавьж, дараах зөвлөмжүүдээс хэргэжүүлснээрээ амны хөндийг эрүүл, бүрэн бүтэн хадгалахаас гадна таны цаг зав, эдийн засгийг хэмнэж чадах ач холбогдолтой юм.

4-6 насны хүүхдийн амны хөндийн онцлог нь сүүн шүдний зуултаас холимог зуултын үе буюу байнгын шүд ургах үе рүү шилждэг. Өөрөөр хэлбэл сүүн 20 шүднээс байнгын 32 шүд ээлж дарааллан ургах үе юм. Хамгийн түрүүнд байнгын 1-р их араа ба үүдэн бүлэг шүд ургах бөгөөд 1-р их араа шүдний ховил хонхор нь гүнзгий, эрдэсжилт бага байдаг учраас цооролд өртөх нь хялбар байдаг. Тиймээс энэ үед дараах зүйлсийг анхаарснаар шүд цоорох өвчин ба түүний хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна.

Нэгдүгээрт шүд угаах арга: Хүүхдийн онцлогт тохирсон оо, сойзыг сонгох нь чухал. Сойзыг сонгохдоо үс нь хүүхдийн тань үүдэн 2 шүдийг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй байх. Хэтэрхий том, хатуу, арзайж хуучирсан үстэй сойз нь шүдэнд наалдсан өнгөрийг бүрэн арилгаж чаддаггүй. Шүдний ооны хувьд фторын найрлагыг анхаарах нь чухал. 6 нас хүртэлх хүүхдэд хэрэглэх ооны фторын агууламж нь 1000 ppm байх ба 1 удаагийн хэрэглээнд чигчий хурууны хумсны хэмжээтэйгээр хэрэглэдэг.

Харин шүдийг зөв угаахдаа хүүхдээр өөрөөр нь угаалгасны дараа та заавал шалгаж, гүйцэд угааж өгөөрөй. Байнгын 1-р их араа ургаж эхлэх үе тул шүдийг зөв техникээр өдөрт 2-3 удаа угаах нь маш чухал.

Хоёрдугаар зөв хооллолт орно. Байнгын шүд нь дөнгөж цухуйж байх үедээ өөрөө цэвэрших үйл ажиллагаа нь алдагддаг тул аль болох шүдэнд наалдамхай хүнснээс татгалзах. (резинэн чихэр, печень, гурилан бүтээгдэхүүн г.м.) Харин хооллосныхоо дараа заавал шүдээ угаахыг дадал зуршил болгох нь чухал. Мөн хоол хүнсэнд аль болох зажлууртай (ааруул, ээзгий, алим г.м.) хүнсийг хэргэлэх нь шүлс ялгаралтыг ихэсгэж амны хөндийн өөрөө цэвэрших үйл ажиллагааг дэмждэг сайн талтай.

Гуравдугаарт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь чухал. Цоорлоос хамгаалах ломбо, түрхлэг түрхдэг. Дараа нь гурван сар тутамд ​эмчийн үзлэгт хамрагдсанаар хүүхдийг амны хөндийн өвчлөлүүдээс урьдчилан сэргийлж, хэрэв шүд цоорсон байвал илрүүлж эмчилгээ хийн цаашид гарах (гажиг, холбоос, тулгуур эдийн өвчлөл зэрэг) хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна. 4-6 насны хүүхдийн нийгэмших хөгжил болон эрүү нүүрний өсөлт хөгжил нь ид явагдаж байгаа үе учраас ямар 1 зовиургүй, өөртөө итгэх итгэлтэй байх нь хамгийн чухал юм.

-Шүдээ эрүүл байлгахад хамгийн түрүүнд зөв угааж сурах нь чухал. Энэ талаар?

-Шүдээ зөв угааж хэвшсэнээр амны хөндийн цоорлын ба зарим цоорлын бус гаралтай эмгэгүүд түүний дагалдах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэн боломжтой юм. Жишээ нь: шүд цоорол, буйлны үрэвсэл, шүд чулуужих, тулгуур эдийн эмгэгүүд, шүлсний булчирхайн зарим эмгэгүүд орно.

-Шүд өвдсөн тохиолдолд гэрийн нөхцөлд бус мэргэжлийн эмчид хандах нь ямар эрсдлээс хамгаалах вэ?

-Мэдээж хэрэг тухайн хүн мэргэжлийн эмч биш бол гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролдох нь буруу. Мэргэжлийн эмчид үзүүлснээр илүү олон хоног, удаан хугацаагаар зовиурлан өвдөж шаналахгүй, өвчин хүндэрч цаг хугацаа алдах, архагших, эмчлэгдэх боломжгүй болохоос мөн амь насанд аюултай хүндрэлүүдээс, цаашдын эмчилгээ сунжирах, хавсарч хүндрэлүүдийн эсрэг ерөнхий ба хэсгийн эмчилгээ хийгдэх, антибиотикийн замбраагүй хэрэглээнээс татгалзаж, эмэнд дасалтай болхоос сэргийлнэ. Мөн өвчин намдаах эм, лааг хяналтгүй ойр ойр хэргэлснээс үүсэх эмийн хордлого гаж нөлөөнөөс хамгаалах, ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэл нотолгоогүй ам дамжсан эмчилгээ гэх арга хэрэгслүүрийн амьд туршилт болохоос урьдчилан сэргийлнэ.

-Дээрх эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгийг иргэд танай эмнэлэгт хийлгэхийг хүсвэл яаж холбогдох вэ?

-Манай эмнэлгийн хаяг Чингэлтэй дүүрэг, гуравдугаар хороо 2-р дөчин мянгат, 29-р байрны 1-р давхарт байрладаг. Мөн 77045097 утсаар холбогдох боломжтой.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Share Button

Сэтгэгдэлүүд

1 Сэтгэгдэл.
  • zochin 103.57.94.215

    2017/05/16 at 16:03

    Цагаанзул эмнэлгийн utas:99045097, 99025585,99024899 gj bn mon. F page hudas deere

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


2 + 5 =