Татварын өөрчлөлт ба “тэнгийн ачаа” тэнцүү байх зарчим

17/05/16 09:26

172 Үзсэн

Татвар нь улсын төвлөрсөн төсвийг бүрдүүлэх гол эх үүсвэр юм. Татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн тогтвортой байдлыг эдийн засгийн замаар хангах гэсэн ойлголт нь хоорондоо нягт уялдаа холбоотой. Манай улс юуны өмнө ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах, цаашлаад төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас долоон төрлийн татвар нэмэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж баталсан.

Энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлж, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж,  хувь хүний орлогын албан татвар, архи, тамхи, авто бензин, дизел түлш, импортын автомашины онцгой албан татварыг нэмэх шаардлагыг албан ёсоор баталгаажуулсан. Энэ хүрээнд өнгөрсөн сарын 1-нээс хувь хүний орлогын албан татвар болон хадгаламжийн хүүгийн орлогоос авах татварын зохицуулалт хэрэгжиж эхэлсэн юм.

  Хадгаламжийн хүүгээс татвар авах ойлголт нь өмнөх хуульд байсан заалт. Гэвч банкны секторыг дэмжих төрийн бодлогын хүрээнд хэрэгжилтийг хойшлуулсаар ирсэн юм. Харин одоо хэрэгжиж буй бодлогоор хамгийн шударга зохицуулалтыг хийсэн гэж хэлж болно. Хадгаламжийн их, багаас үл хамааран бүх хадгаламжийн хүүгээс 10 хувийн татвар авахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх хуулийн хүрээнд 500 мянган төгрөгийн цалинтай иргэн улсад сар бүр орлогынхоо 10 хувийг шимтгэл болгон хураалгадаг.

Харин олон сая төгрөгийн хадгаламжтай хүн энгийн иргэний цалинтай дүйцэх хэмжээний мөнгийг хадгаламжийн хүүгээсээ сул олдог ч улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй байсан юм. Олон удаа хэлэлцсэн ч албан ёсоор баталгаажуулж “зүрхлээгүй” байсан татварын энэ хувь хэмжээг дэлхий нийтийн жишгийн дагуу өөрчилж, ижил тэгш, илүү шударга болгожээ. Гэхдээ зарим иргэн үүнийг иргэний хадгаламжид байгаа мөнгөнөөс шууд авч буй хэрэг гэсэн буруу ойлголттой байна.

Энэ нь иргэний банкны данс руу шууд нэвтэрч буй бус хадгаламжийн хүүгийн орлогод ногдуулж буй татвар юм.

 Татварын бодлогын хүрээнд банкинд мөнгөө хадгалуулж, татвараас хөнгөлүүлж буй бүлгийг ч эрх тэгш хамруулах нэгэн онцлогтой. Түүнчлэн хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт орохоор болсон. Ард иргэдийн амьдрал хүнд, эдийн засаг өсөлтгүй энэ цаг үед  татвар нэмснээр нийгмийг улам “доош татах” сул талтай гэж дүгнэх иргэн ч цөөнгүй байна. Гэхдээ хувь хүний орлогын албан татварын энэхүү өөрчлөлт нь зохицуулалтын шинж чанартай. Бага орлоготой бүлэг нь бага, их орлоготой хэсэг нь харьцангуй өндөр татвар төлөхөөр байгаа юм. Энэ нь хадгаламжийн хүүгийн орлогын татвартай адил, нийгмийн цөөн хувийг эзэлдэг баячуудын хэтэвч рүү илүү бодитойгоор нэвтэрч буй хэрэг. Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Алтанзул “iToim” сайтад өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын хөдөлмөр эрхлэгчдийн дундаж цалин өнөөдрийн байдлаар 800 мянга гаруй төгрөг байна. Эхний босго 1.5 сая. Одоогийн дундаж цалингаас хоёр дахин их дүн юм. 1.5 сая төгрөгөөс доош цалин авч байгаа хөдөлмөр эрхлэгч нийт ажиллагсдын 95 хувийг эзэлж байна. Ерөнхийдөө татварын хувь хэмжээ өссөн гэхээсээ илүүтэй татварын ачаалал ямар болсон нь туйлын чухал юм” хэмээн онцолжээ. Товчхон дүгнэвэл, энэхүү татварын заалт нь улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авдаг 900 мянга гаруй иргэний 95 хувьд нь үйлчлэхгүй гэсэн үг. Манай улсын татварын ачаалал бусад улс орныг бодвол харьцангуй бага. Татвар төлөгчдөд ирэх дарамт, ачааллыг жигд хуваарилах, шударга байх зарчмын үүднээс татварын хувь хэмжээг өөрчилж, тодорхой шатлал бий болгосон нь энэ аж. Олон улсад хэрэгждэг татварын шаталсан бодлогын хүрээнд дэд бүтэц болон нийгмийн халамжийг санхүүжүүлдэг тул энэхүү хамгийн “шударга” татварын хүрээнд улс орны эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт хийх ач холбогдолтой.

“95:5”-ын зарчмын дагуу үйлчилж буй энэхүү татварын хэрэгжилт нь нийгмийн таван хувийг эзэлж буй санхүүгийн бодит чадамжтай хүмүүсийг хамруулж байна. Үүнээс гадна энэ сарын 1-нээс эхлэн архи, тамхины онцгой албан татвар хэрэгжиж эхэлсэн. Онцгой албан татварын үндсэн зорилго нь байгаль, нийгэм, хүн амд үзүүлж буй аливаа сөрөг нөлөөллийг хязгаарлахад оршдог. Архи, тамхи хэрэглэгчид залуужиж, хорт зуршил эрс ихэссэн энэ цаг үед татварыг тодорхой шатлалын дагуу нэмэгдүүлэх нь үүнээс үүдэлтэй эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулж байна. Төсөвт орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох замаар тансаг хэрэглээний, сөрөг үр дагавартай бүтээгдэхүүнийг хязгаарлах нь төрийн бодлогоор зайлшгүй шийдвэрлэх асуудлын нэг юм. Мөн тодорхой ангиллын хүрээнд нэмэгдүүлсэн импортын автомашины онцгой албан татвар хэрэгжиж эхлээд удаагүй байна.

     Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагын статистик мэдээлэлд тэмдэглэснээр, Монгол Улсад бүртгэлтэй 772 мянган тээврийн хэрэгслийн 659 мянга гаруй нь 10 жилээс дээш насжилттай хэт хуучин техник хэрэгсэл байгаа аж. Энэ нь манай улсын дөрвөн хүн тутмын нэг нь буюу өрх бүрт нэг автомашин ногдох тоо. Манай авто зам ачааллаадаахаа больж зам тээврийн осол, түгжрэл, агаар хөрсний бохирдол зэрэг нийгмийн болоод эдийн засгийн сөрөг үр дагавар дагуулж буй импортын автомашины татварыг нэмэгдүүлэх нь нийгэмд тулгарч байгаа хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж буй хэрэг юм. Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулахын тулд тодорхой хугацаанд татвар нэмж байгаа ч энэхүү арга хэмжээг ядуу эмзэг бүлгийнхэнд ямар нэгэн ачаалал үүсгэхгүй байхаар зохицуулжээ. Үүний үр дүнд эдийн засаг тогтворжиж, валютын нөөц нэмэгдэж, инфляцийн болон зээлийн хүүгийн төвшин буурах эерэг төсөөлөлтэй байгаа юм.

А.Даваахүү

“Монголын Үнэн”

 

Share Button

Санал болгох.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


8 × = 56