Б.Буджаргал хоногт хоёр цаг унтаж байжээ

Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 24 орны 70 гүйгчид оролцохдоо зургаа болон 10 өдрийн гүйлтэнд хурд хүч, тэсвэр тэвчээрээ харуулсан юм. Тэдний дунд Монголын таван тамирчин багтсан бөгөөд Ц.Түвшинжаргал, Л.Сумъяа, Ж.Одгийв нар зургаа дахь өдрийн гүйлтэнд амжилттай оролцсон. Тэгвэл эмэгтэйчүүдийн 10 өдрийн гүйлтэнд Д.Баярсайхан 685.6 км зайг туулж, нийт оролцогчдоос шагналт VIII байрыг эзэлсэн бол А.Цэндээ 436,1 км замыг туулжээ. Харин энэ тэмцээнд бахархмаар нэгэн амжилтыг үзүүлсэн тамирчин бол Б.Буджаргал байсан. Тэрбээр энэхүү тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцохдоо 10 өдрийг сонгосон. Учир нь тэр эхний жилдээ 6 өдөрт гүйж байсан бол сүүлийн гурван жил дараалан 10 өдөрт гүйсэн нь энэ. Өнгөрсөн жил шагналт байранд орж байсан Б.Буджаргал энэ жил аваргын цомтой эх орондоо ирэх гэж байна.

Б.Буджаргалын шагналыг Монголоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч, Элчин сайд хатагтай А.Гуамарал гардуулан өглөө. 2017.04.27. АНУ, Нью-Йорк хот.

“Self-transcendence” Америкийн нээлттэй тэмцээн энэ жил Флашинг Медов цэцэрлэгт хүрээлэнд Дэлхийн болон Америкийн гүйлтийн холбооны албан ёсны зам дээр 1 миль буюу 1,6 км-ийн тойргоор явагдсан. 6 өдрийн ялагчид барианд орж дуусахад эрэгтэйчүүдээс Финландын А.Алто 709,7 км замыг туулсан амжилтаар тэргүүлсэн бол эмэгтэйчүүдээс Шинэ Зиландын Сузан Маршал /656 км/ ялагч болсон юм. Манай тамирчдаас Ж.Одгийв 455.4 км, Л.Сумъяа 246.2 км замыг туулж, бариандаа орсон. Харин тэмцээний хамгийн ахмад тамирчин болох 73 настай ОХУ-ын эмэгтэй гүйгч Пратишрути 370.1 км замыг зургаан өдрийн хугацаанд туулжээ.

10 өдрийн гүйлт дөрөвдүгээр сарын 17-д эхэлж, 27-ны өдөр ялагчаа тодруулсан. Гараанаас олон тамирчин гарсан ч явцын дунд зарим нь замаасаа гарсан ч бий. Гэхдээ Монгол, АНУ, Украин, ОХУ, Герман, Английн тамирчид тэргүүлэгчдийн эгнээнд эхний өдрөөс эхлэн бичигдэж байсан. Ингээд эцсийн дүн гарахад Монголын гүйгч Б.Буджаргал 739 мил буюу 1189.3 км замыг 10 өдрийн турш туулж, ялагч болсон юм. Түүний ард орсон тамирчид 713, 627 милийн амжилтыг үзүүлж, мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Хамгийн хол гүйсэн тамирчин Б.Буджаргалын туулсан зай болох 1189.3 км бол Улаанбаатараас Баян-Өлгий аймгийн Өлгий хот хүртэлх замын урттай тэнцэх бөгөөд энэ зайг 10 өдрийн турш 240 цагийн дотор туулж, барианд оржээ. Тэрбээр өдөрт 2-3 цаг унтдаг байсан байна. Тэмцээний сүүлийн өдөр болсон шагнал гардуулах арга хэмжээний үеэр Монголоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч, Элчин сайд хатагтай А.Гуамарал хүрэлцэн ирж, Б.Буджаргалд шагналыг нь гардуулсан юм.

Уулын болон марафон гүйлтийн мастер Б.Буджаргал тус тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцохдоо аваргын цомыг эх орондоо авчирлаа. Тэсвэр тэвчээрийн гайхамшгийг харуулсан энэхүү гүйлтийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилсан бөгөөд өдгөө 10 өдрийн гүйлт нь 22 дахь жилдээ, 6 өдрийн гүйлт нь 20 дахь жилдээ болж байгаа аж.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …