2017 онд 458 мянган га талбайд тариалалт хийнэ

Хаврын тариалалтын бэлтгэл ажил болон 2017 онд тариаланчдад үзүүлэх дэмжлэгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн захирал В.Үнэнбат нар мэдээлэл хийлээ.

Энэ онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа, үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийж, 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаанбуудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун мэдээлэл өглөө.

Мөн хаврын тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлсэн юм. Тодруулбал, хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2016 оны ургацаас 39.8 мянган тонныг нөөцөлж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн, ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдээд байна. Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрийн зардлаар шинэчлэхээр хүсэлт ирүүлсэн 8 аж ахун нэгжид 820 тонн үрийн буудай импортоор авах зөвшөөрөл олгожээ.

Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30-40 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн гэрээ байгуулах бэлтгэлийг мөн хангажээ.

2017 онд газар тариалангийн үйлдвэрлэлд ТЭДС-гаас үзүүлэх дэмжлэг

Энэ онд ТЭДС-гаас үзүүлэх дэмжлэгийн талаар Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн захирал В.Үнэнбат мэдээлэл хийлээ. 2017 онд улсын хэмжээнд 1365 аж ахуй нэгж, иргэн улаан буудай тариалахаар бэлтгэж байна. ТЭДС-гийн зүгээс энэ жилийн нийт хэрэгцээт үр ариутгах бодисын 20 хувь, бордооны 10 хувь, үрийн буудайн 40 хувь, шатахууныг 100 хувиар тус тус хангахаар дэмжлэг хэлбэрээр ажиллаж байна. Дэмжлэгт хамрагдах аж ахуй нэгж, иргэд хуваарийн дагуу төв болон сангийн салбарууд дээр гэрээ байгуулан дэмжлэгт хамрагдана гэв.

Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалах тариаланчдад:

Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж буй аж ахуй нэгж, иргэдэд шатахууны дэмжлэг олгохдоо тухайн аймгийн ХХААГазраар дамжуулан олгох ба хүнсний ногоонд нэг га 6 литр, малын тэжээлд нэг га-д 8 литрээр тус тус тооцон гэрээ байгуулах ба урьдчилгаа төлбөр 50 хувь төлөөд үлдэгдэл төлбөрийг жилийн эцсээр төлөх нөхцөлтэй олгоно.

 Эх сурвалж:ХХААХҮЯ

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …