Зөвшөөрөлгүй зарын самбаруудыг буулгана

Зөвшөөрөлгүй зарын самбаруудыг буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өгсөн үүрэг даалгавар, хотын Ерөнхий менежерийн А/08 дугаар тушаалын дагуу Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс урин дулааны улирал болж, тохижилтын ажил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдалд шалгалт хийлээ. Шалгалтын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр байрлуулсан самбарыг буулгахад зориулсан хөрөнгийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагаар буцаан төлүүлэх, албадан буулгах шаардлагыг  70 аж ахуй нэгжид эхний ээлжинд хүргүүлээд байна. Мөн дүүргийн хэмжээнд нийт 47 гадна зар сурталчилгааны байгууламж байгаагаас  өнгө үзэмж нь муудсан, урагдаж гэмтсэн гурван самбар байсныг буулгах арга хэмжээг авлаа. Түүнчлэн дүүргийн хэмжээнд НҮГ-ын дөрвөн байгууллагын зам талбайн ажилчид, иргэдийн бүлэгтэй хамтран зөвшөөрөлгүй байрлуулсан зарлал, хулдаасан хэвлэлийг цэгцлэх  ажлыг өрнүүлж байна. Тухайлбал, Дарь-Эх, Эрдэнэтолгой, Амгалан, Улаанхуаран, Жуков, Алтан-Өлгий, Монел болон орон сууцны хорооллын байрны хананд наасан 51 ширхэг хулдаасан хэвлэлийн сурталчилгаа, 553 гэрлийн шон дээр наасан зарлалыг хусч нийт 760 кг хог хаягдлыг тээвэрлээд байна. Цаашид дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн зам талбайд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр байрлуулсан зар сурталчилгааны самбаруудыг албадан буулгахаар төлөвлөж байгаа юм. Иймд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг Зар сурталчилгааны болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, утга агуулгын хувьд шаардлага хангаагүй зар сурталчилгааны самбарыг байршуулахгүй байхыг уриаллаа.

Санал болгох мэдээ

Нэр дэвшигчдээс 160 нь АТГ-т хөрөнгө орлогоо бүртгүүлээд байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс тавдугаар сарын 17-ны байдлаар 160 хүн АТГ-т хөрөнгө …