Мичнээс хүн үүссэн буюу Монголчуудаас мич үүснэ

17/04/21 01:17

337 Үзсэн

Английн нэрт эрдэмтэн Ч.Дарвины зүйлийн хувьслын онолоор амьд ертөнцийн оршин амьдрахын төлөөх их тэмцэл хувьслын тулгуур хүчин зүйлс гэгддэг. Мичин төрхтэй өвөг дээдсээсээ өнөөгийн айфонтой бодгаль болтлоо бид чухам оршин амьдрахын төлөөх их тэмцэлд хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Гэхдээ хувьсал бүхэн сармагчныг хүн болгоод байдаггүй. Тэр тухай ч Ч.Дарвин өвөөгийн онолд тодорхой заасан байгаа. Бид сармагчингаас хүн болж чадсан юм чинь хүнээс сармагчин болж хүртэл болох бололтой. Нүдний эмчээс Түвд судлаач болох шахсан Эрнист Мулдашев гэх орос нөхөр энэ нь маш хурдан явагддаг талаар ярьсан юм. Өнөөдөр Монгол улс хүнээс сармагчин хүртэлх хувьсалд шилжин орох туршилтын маш том лаборатори болж байх шиг. Хүн төрөлхтний түүхэнд бүхэл бүтэн нэг улс, нэг үндэстэн асар том харгис туршилтын золиос болж байсан түүх цөөнгүй бий. Бөөнөөр нь хоморголон алах туршилтыг Германчууд Еврей нар дээр хийсэн бол түүнээс ч өмнө Туркууд Армен үндэстэн дээр геноцидын аймшигт туршилт хийсэн байдаг. Хамгийн сүүлд Пол Пот, Иенг Сари гэх хоёр харгис дарангуйлагч Камбож гэх улсын иргэдийг сармагчин болгох туршилт хийсэн. Тэдний засаглалын хэдхэн жилийн дотор тус улсын их сургууль төгссөн 10000 хүнээс ердөө хорь гучин хүн л амьд үлдсэн гэсэн баримт байдаг. Сая сая хүнийг сум гарздахгүй буюу зүгээр л тархийг нь хага цохих аргаар алж байлаа. Ээж аавыг нь үр хүүхдээр нь алуулж, алж талахаас өөрөөр сэтгэж чадахгүй бүхэл бүтэн нэг үндэстнийг бий болгохоор зэхэж байсан юм. Аз болж тэдний харгислал Вьетнамын цэргийн хүчээр төгсгөл болсон. Гэхдээ тэр үеийн балаг өнөө ч бүрэн арилаагүй л байна. Камбожууд дэлхий ертөнцийн хөгжлийн жишигт чирэгдэн яваа болохоос биш өөрсдийн хүчээр сэтгэж хөгжих тухай бодоход тун хэцүү үндэстэн болсон. Өнөөгийн Монголд Камбож шиг үйл явдал өрнөөгүй хэдий боловч түүнээс ч дор гэж хэлж болохуйц туршилт явагдаж байна. Туршилтын үр дүн нь дэлхий ертөнцөд хүнээс сармагчин бий болж болохыг батална биз. Ингэж батлагдах нь ч ойрхон харагдаж байна. “Хуйвалдааны онол” гэгддэг нэг ойлголт бий. Энэ бол баримт нотолгоотой ч юм шиг, баримтгүй худлаа зүйл ч юм шиг юу нь үл мэдэгдэх олон цуурхлын тухайд гадаадуудын өгсөн нэршил. Тухайлбал АНУ далайн хар шуурга, цунами зохиомлоор бий болгож зарим орон дээр туршилт хийдэг тухай, аль эсвэл дэлхийг дөрөв тавхан еврей гэр бүл удирдаж байдаг тухай яриа бүгд хуйвалдааны онолд багтана. Монгол улсад хийгдэж буй дээрх туршилтыг гадаадууд удирдаж хийж байгаа гэж хэлбэл хуйвалдааны онолдоо орно. Харин бидний үйл явц бол хуйвалдааны онолд яасан ч орохгүй. Хэн нэгэн бидэн дээр туршилт хийж байна гэж хэлэхээс илүүтэй бид өөрсдийгөө туршилтын туулай болгож байна гэж үзсэн нь дээр байх. Ингэж үзвэл хуйвалдааны онолд орохгүйгээр таамаглалдаа багтана. Таамаглах үндсэн хэдэн шалтгааны нэг нь боловсрол. Хэдэн жилийн өмнө хойд хөршийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нь В.В.Путинд хаяглан захидал бичээд цонхоор үсэрч амиа хорложээ. Амиа хорлосон шалтгаан нь улс төрчдийн анхаарлыг энэ салбарт хандуулах байсан юм. Шинжлэх ухааны салбар, түүнээс төрөн гарсан нэрт эрдэмтэд, нээлтүүдээрээ дэлхийд тэргүүлэгч хэдхэн гүрний нэгний бүхэл бүтэн академи удирдаж байгаа эрдэмтэн эх орныхоо нэрийг бодсондоо харь улсаас мөнгө царайчилж чадаагүй юм. Амиа хорлолтыг буруушаах хэдий боловч энэ өвгөнд бурууг өгөх аргагүй. Тэр агуу их Оросын шинжлэх ухаан, боловсролд улс төрчдийн анхаарлыг татаж чадсан юм. Шинжлэх ухаан гэдэг бол хамгийн сүүлд үүссэн шашин шүтлэг гэж үг бий. Манайд харин энэ шүтлэгт итгэх хүн ховор. Өнөө л бөө дээрээ очно. Ламаар засал ном хийлгэнэ. Овоо тахилга тайж, мод мөчир бүрт хадаг яндар зангидаж орхино. Тэр бүү хэл шинжлэх ухааны эрдэмтэд нь ч бөө дээр гүйж очин ирээдүйн тухайгаа яриулж суудаг гэнэ. Ганц хоёр жилийн өмнө бурхдаар бөөлжих гэж оролдсон охин бол ард түмэн мухар сүсэгт автамтгай байгааг нь ашиглах гэсэн энгийн л нэг оролдлого. Мухар сүсэгт автамтхай байна гэдэг боловсролгүйн шинж. Буддын шашныг шинжлэх ухаантай хамгийн ойр гэж яриад,  А.Эйнштейн тэгж хэлсэн гэх хүмүүс олон. Яг үнэндээ хамгийн ойр гэдэг үг чинь шинжлэх ухаанлаг гэсэн үг биш. Зарим нэг нь шинжлэх ухаанаас ч хол давсан мэдлэг буддын шашинд байдаг гэх. Тэгээд тэр мэдлэгээ гаргах гэхээр л цаг нь болоогүй гээд таг сууна. Буддистууд л хүн төрөлхтнийг аврах мэт ярих хэсэг хүмүүс ч байх юм. Магадгүй гэж итгэх гэхнээ манай лам нар мөн чанараасаа холдож мухар сүсэгт биднийг хөтлөн байгаа нь харагдана. Баян Намсрай шүтвэл мөнгөтэй болно, хэдэн Түвд тарни уншаад ойр зуураа аргалаад байна гэж итгэгсэд их олон. Саяхан ТВ-ээр н.Осгонбаяр буюу Зава Дамдин гэх гэгээнтэн гарч олны анхаарлыг ихээр татаад авлаа. Тэрээр үнэт эдлэлийн дэлгүүртэй нэгэн гэнэ. Гэртээ гар аргаар атом боловсруулна ч гэх шиг. Квант механик, цөмийн физик бурхны сургаалаас сурсан бололтой. Тэр нь ч яахав юу дуртайгаа ярьж л байхаас. Ганцхан харамсалтай юм нь бурхны олон шавь нар маань өөр хоорондоо эв түнжингүй гэдэг нь үүнээс харагдаад авна лээ. Түвдийн хэдэн лам нараас сургааль номыг нь сураад үлдэлгүй хэрүүл уруулыг нь ч яг тэр хэвээр нь аваад иржээ. Бакула ринбүчи, Далай лам хоёрын зодоон шашин шүтлэг нь ид дэлгэрч байх цагт ч манай лам нарт падгүй байсан бол өнөөдөр харин тал талд их гүүшийн дүртэй мэдэмхийрч нэгнийгээ үгүйсгэн, нөгөөгөө магтан сууцгаана. Шашин ном лам хувраг хүртэл биднийг хүн бус сармагчин байхыг хүсэж байна уу гэлтэй. Дээр нь улс төр гэдэг арван таван толгойтой мангас бидний амьдралд дэндүү гүнзгий нэвтэрсэн. Үр дүн нь бас л бидний сэтгэх чадварыг хааж байдаг. Сэтгэхгүй бол хүн нэр зүүгээд яах билээ. Хоёр өөр намын гишүүнчлэлээсээ болоод гэр бүлээ цуцлуулсан асуудал бол явган шог бус бодит явдал. Улс төрийн мэдээ, улс төрийн үйл явцыг гүн гүнзгийгээр хүлээн авч буй Монголчуудын хандлага нь ирээдүйдээ санаа зовсон гэхээс илүүтэй, хийх ажилгүй нэгний цаг заваа нөхцөөж буй арга мэт харагдана. С.Баярцогтыг, С.Баярыг, Ц.Элбэгдоржийг гээд муу хэлэх хүн ойгүй олон бий. Хамгийн харамсалтай нь ард түмний улс төржсөн сэтгэлгээн дээр тоглолт хийж нэгнийхээ эсрэг хар Пи-Арын турхиралт хийх үйл явцын тоглоом болж байгаагаа хэн ч ойлгохгүй. Мөрөөрөө ажлаа хийгээд явах нь авилгачийн эсрэг үгээ хэлэхээс илүүтэй амьдралд нь дөхөм болно гэж сэтгэгчид алга болжээ. Харь нутагт зовж байгаа Монголчуудын тухай кино хийх дуртай. Энэ сэдвээр дагнах болсон гээд хэлэхэд буруудахгүй Доз энтертайнмэнт гэж бий. Тэдний кинонд гарах зовлонг үүрэхийн тулд Монголчууд гадагш явахын их хүслэнд тэмүүлцгээж байна. Хүн гэдэг зовлонд дуртай гэх үг байдаг ч ингэж ихээр хэн нэгний боол болохоор зүтгэж байсан түүх үгүй. Гадаадад л очиж шал угааж байсан ч хамаагүй сэтгэл нь амрах хүн сүрэг Улаанбаатараар нэг бэлчиж байна. Дээр нь утаанд хордоно. Элэг нь архи тамхиа дийлэхээ байна. Цэл залуугаараа бурхны оронд залрагсад олон болсон. 21-р зууны эхээр Монголчууд бид хүн төрлөөсөө холдож сармагчин тийш зүглэн байна. Тансаг айфон утас, бандгар ланд машин, түргэн хоолны илүүдэл жинтэй ойн өвөг дээдэс дээрээ бид очих болно.

С.Амаржаргал

Share Button

Санал болгох.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


− 5 = 3