Концессын талаар хэн юу хэлэв

Өнгөрсөн пүрэв гаригийн  чуулганы нэгдсэн хуралдаан шөнийн 02:30 цаг хүртэл сунжирч Төсвийн тодотголоос гадна Засгийн газраас концессын гэрээтэй холбоотой асуудлыг гэнэт оруулж ирсэн нь  гишүүдийг нэлээдгүй бухимдуулжээ. Үүнтэй холбоотойгоор ойрын өдрүүдэд эрх баригч намынхныг талцуулсан концессын асуудал хүчтэй яригдаад байгаа юм. Энэ талаар зарим гишүүдийн байр суурийг хүргэе.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ ХУВИЙН АМЬДРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ААР ОРЖ ШИЙДЭГДЭХ ЁСГҮЙ

-Валютын сантай тохиролцсон хөтөлбөрт концесстой холбоотой хэд хэдэн ноцтой зүйл байгаа. Өмнөх концессын гэрээнүүдэд аудитын шалгалт хийлгэж санхүүжилтийн үнэ бодитой байх, ойрын жилүүдэд барих шилжүүлэхээр концессын гэрээ битгий хий гэсэн. Төсвийн тодотгол баталж байх үед концесстой холбоотой элдэв яриа гарсан. Миний хувьд концесс тойрсон асуудлаар Ажлын хэсэг гаргаж магадлахгүй бол зарим нь сайд нарын чинь нэртэй холбогдоод байна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Одоо ч энэ байр суурь дээрээ бий. Засгийн газар, УИХ-ын төвшинд та нарын хувийн компанитай холбоотой яриа байж таарахгүй. Төрийнхөө ажлыг л хий. Концессын гэрээ зэргээр янз бүрийн зүйл хийгээд эхлэх юм бол Ардчилсан намаас ялгагдахаа болино гэдэг зүйл яриад байгаа юм. Энэ зарчим зарим нэг хүнд таалагдахгүй байгаа юм шиг байна. Заавал концессын гэрээ байгуулах ёстой юм бол Засгийн газраас хол мөрөөрөө хөдөлмөрлөж яваа хүнд өгч болно. Ажлын хэсгийн шалгалтын дүнг харна.

Худалдаа хөгжлийн банктай холбоотой Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй байгуулагдсан концессын гэрээг нэг бүрчлэн үзэж ямар аюултай зүйл хийдгийг харсан болохоор концессоос их болгоомжилдог болсон. Концессын луйвар булхайны хаалгыг хаах хэрэгтэй. Энэ Засгийн газар хувийн сонирхлоос хол шударга байх ёстой. МАК-д эрчим хүчний шугам татах хэрэгцээ байгааг ойлгож байна. Зээл аваад шугамаа татаж болно. Хувийн хөрөнгөөрөө хийцгээнэ биз. Ер нь бол Засгийн газрын гишүүн болсон тохиолдолд тухайн хүний хувийн амьдралтай холбоотой аливаа асуудал Засгийн газар, УИХ-аар орж шийдэгдэх ёсгүй. Ашиг сонирхол, шударга ёс үүнээс эхэлдэг юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр: МОНГОЛ УЛС ХӨГЖИХ ЁСГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА БОЛ МИНИЙ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙГ ЯРЬЖ БОЛНО

-Эрчим хүчний тухай хууль болон 1999 оны УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 110 ба түүнээс дээш кВт-ын шугам төрийн өмчит байна гэж хуулиар зохицуулсан. Цагаан суварга, Оюутолгойн 220 кВт-ын хоёр хэлхээтэй шугам маань Дорноговь аймгийн хоёр сумыг эрчим хүчтэй болгох мөн Цагаан суваргын төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх юм. Хуульдаа 110 кВт батүүнээс дээш шугам нь төрийн өмчит байна гэсэн учраас төр эзэмшихээс өөр аргагүй. Тэгэхээр 2013 онд тухайн үеийн Засгийн газар шийдвэрлэсэн. Эрчим хүчний яамны тогтоосон жишгээр 220 кВт-ын хоёр хэлхээтэй шугамын нэг км-г барих өртөг нь 350 сая төгрөг байдаг. Гэтэл одоо энэ жишиг үнээс 70 сая төгрөгөөр доогуур буюу 280 сая төгрөгөөр нэг км замыг барьж байгаа. Км нь 350 сая төгрөг биш 280 сая төгрөг болсон нь шинэ жишиг үнэ. Зөрүү 70 сая төгрөгөө судалж концессдоо шинэчлэл хий гэдэг шаардлагыг холбогдох хүмүүст тавьсан. Японы шугамын алдагдал бууруулах шинэ технологиор тавьж байгаа. Эрчим хүчний шугам ашиглалтад орсноор жилд 300 орчим тэрбум төгрөгийн татвар төлж 1200 ажлын байр бий болно.

Монгол Улс хөгжих ёсгүй гэж үзэж байгаа бол миний  ашиг сонирхлын зөрчил байж болно. 2013 онд шийдэгдсэн асуудал. Хэрэв 110 квт-аас дээш шугам төрийн өмчит байх шаардлагагүй хувийн болгоё гээд хуульдаа өөрчлөлт оруулчих юм бол энэ яригдаад байгаа концессын мөнгийг гүйцэтгэгч таван компани авахгүй байх нөхцөл бүрдэж болно. Ирэх зургадугаар сарын 15 гэхэд  Дорноговийн хоёр сум эрчим хүчтэй болно.

УИХ-ын гишүүн М.Билэгт: 32 САЯАМ.ДОЛЛАРААР ХОЁР СУМ РУУ ЭРЧИМХҮЧ ТАТАХ АСУУДАЛ ЯРИГДСАН

-Өнгөрсөн дөрвөн жилд концесс, викселиэс болоод төсөв санхүүгийн сахилга бат алдагдаж, замбараагүй байдал бий болсон. Тиймээс одоо концессын асуудлыг цэгцлэх ёстой гэж гишүүд ярьж байгаа. ОУВС-д хамрагдахын тулд долоон төрлийн татварыг нэмэх ёстой, зайлшгүй шаардлагатай гэсэн учраас бид аргагүйн эрхэнд зөвшөөрсөн. Ингэж баахан татвар нэмэхийг Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хүлээн зөвшөөрүүлчихээд Засгийн газрын энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар концессын гэрээ хэлэлцсэн байгаа нь бидний итгэлийг алдсан зүйл болсон. Концессыг Засгийн газрын 10 гаруй  гишүүд дур мэдээд шийдвэрлэж болохгүй юм байна. Өнгөрсөн дөрвөн жилийнх шиг зүйл болгохгүйн тулд 76-уулаа хэлэлцэж байя гэж ярилцсан. Тэгээд концессыг УИХ-аар шийдвэрлэдэг байя гэсэн байр сууринд нэгдсэн. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн концессын асуудлыг МАН-ын бүлгээс Ажлын хэсэг гарч дахиж дүгнэлт хийж  үзэхээр болсон. Минийхээр бол долоон концессын дөрвийг нь батлаагүй гэж ойлгож байгаа. Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы  өмнөх өдөр Засгийн газар хуралдсан учраас баталж амжаагүй гэж бодож байна. Үлдсэнийг нь баталсан эсэхийг мэдэхгүй байна. Батлаагүй гэж ойлгосон дөрвөн гэрээнд эрчим хүчний гэсэн юм байхгүй юм билээ. Ямартаа ч 32 сая ам.доллараар хоёр сумыг гэрэлтэй болгож эрчим хүч татах асуудал яригдсан. Хоёрхон сумыг гэрэлтүүлэхийн тулд 32 сая ам.доллар гэдэг арай биш. Нэг сумыг гэрэлтүүлэхэд нэг сая ам.доллар буюу 2.4 тэрбум төгрөг хангалттай гэж үзсэн. Хоёр харанхуй байгаа сумын цахилгааны шугамыг улсын төсвийн хөрөнгөөр хийсэн. Эх үүсвэр нь л хүрч ирээгүй юм билээ. Тиймээс концессуудыг дахин ярилцахаар болсон.

 

С.Уянга


Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …