О.Баасанхүү: Ц.Нямдорж та одоо Ерөнхийлөгч бол

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Энэхүү дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй хамаатай асуудал юм. Өөрөөр хэлбэл Дээд шатны шүүх хуралд яллагдагч өөрийн биеэр оролцох шаардлагагүй гэж Үндсэн хуулийн цэц үзжээ. Дэгийн тухай хуулиар санал хураалт явуулах заалт байхгүй тул Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлттэй танилцав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж нарын хооронд маргаан өрнөсөн бөгөөд тэдний байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Анхан шатны шүүх хурлыг шоронд хийж байна. Уг нь Өргөдлийн байнгын хороо шоронд шүүх хурал хийхийг хориглосон юм. Дараа нь давж заалдах шатны шүүх хурал дээр камерын өмнө суулгачихдаг. Дээд шүүх дээр өөрийн биеэр оролцуулахгүй байсан ч болно гэж цэц үзэж байх шиг байна. Өмнө нь бүгд хурал гэж хуралддаг байсан. Нэг удаа цаазын ялтай хүн долоон жил хоригдож байгаад бүгд хурлаар ороод цагаадаж байсан. Одоо бүгд хурал гэж байхгүй. Мөн шоронд шүүх хурал хийхээ хэзээ болих вэ? Ямар ч тохиолдолд шоронд шүүх хурал хийж байгаа хүн цагааддаггүй юм. Тэгээд давж заалдах шатны шүүх хурлын шоронд нь камерын өмнө суулгаж байгаад хийчихдэг. Тухайн иргэн хэзээд нь өөрийнхөө эрхийг хамгаалах юм бэ?

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-О.Баасанхүү хамаагүй юм ярьдаг. Тэрэнд нь хамаагүй хариулах шаардлага гарах юм байна л даа. Шоронд шүүх хурал хийгээд байгаа юм байхгүй. Шоронгийн хажуу талд өргөтгөл барьсан. Тэр байрыг шүүхийн танхим шиг тохижуулж шүүх ажиллагааны дэглэм журам хэрэгжиж байгаа. Үүнийг сүржигнэх хэрэггүй. Би Япон, Хятад, Австрийн шүүх хуралд сууж байсан. Ялгаагүй байдаг юм. Сүүлд нэг хэрэг дээр өмгөөлөгч нар нь нууцын зэрэглэлтэй гээд гарын үсэг зурчихсан. Одоо өмгөөлөгчид юу ч ярьж чадахгүй байна. Гэтэл О.Баасанхүү та энэ асуудал дээр дуугарч байгаа юм уу. О.Баасанхүүг өмгөөллийн асуудалд хоёр нүүрээр ханддаг байсан юм байна гэж хараад байна. Энд суучхаад янз бүрийн юм яриад байх хэрэггүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Манайхан байнгын хорооны хэлэлцэх асуудал дээрээ анхааралтай хандах хэрэгтэй. Хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх хамгаалах асуудал чухал юм. Хүн яг өөр дээр ийм асуудал тулгарвал бүгд л өөрийгөө хамгаалах гэж зүтгэнэ. Өчигдөр талийгаач С.Зоригийн ах дүү хоёр нь маш ноцтой юм хэлсэн. “Бид хоёр итгэхгүй байгаа” гэж байна лээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-С.Зоригийн хэрэгтэй холбоотой өргөдөл гомдол, тэр мессеж чинь надад ирээгүй. Ц.Нямдорж гишүүн та битгий хүн доромжлоод бай. Хорвоо дээр ганцхан өмгөөлөгч, Ерөнхийлөгч болох гэж байгаа юм шиг. Одоо та Ерөнхийлөгч бол доо яршиг.

Ийнхүү цэцийн дүгнэлттэй танилцав. Үүний дараа Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

 

 


Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …