Жанжин штабын даргаас одоо л ам асууя

Хэд хоногийн өмнө Төв аймгийн нутаг дэвсгэр Тавантолгой дахь цэргийн сургалтын хээрийн баазад явагдаж байсан дадлага, сургалтын үеэр гранат дэлбэрснээс хоёр хүн нас барж, найман хүн шархадсан осол гарав. Тайван цагийн Монголд ийм осол гарсан нь хүн бүрийн сэтгэлд харамсал, эгдүүцэл, шүүмжлэлийг зэрэг төрүүлж байх шиг. Амтай болгон холбогдох албаныхнаас хариуцлага нэхэж, ам асуув.

Хээрийн сургалтын үеэр гарсан ослын талаар салбарын сайд нь Засгийн газрын хуралдаанд нэг бүрчлэн танилцуулж, хариуцлага алдсан хүмүүст хатуу хариуцлага тооцохыг УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдааны индэрээс анхааруулав.

Сөрөг хүчин АН-ынхан ч Тавантолгойд болсон осолтой холбогдуулан улс төрийн акц хийхээ мартсангүй. Нарийн бичгийн дарга О.Магнай нь цэргийн алба хаагчид амь үрэгдсэнтэй холбоотойгоор салбарын сайд нь хариуцлага хүлээх ёстой гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа доголдсоноос болж олон хүн амь эрсэдлээ. Тус салбарын үйл ажиллагаатай холбоотой гомдол тасрахаа байсан. Уг салбарыг бөхөөр удирдуулснаас болж олон залуу амиа алдав. Мэргэжлийн удирдлага дутагдаж байна. Хүний эрхийн зөрчил, хулгайгаа нуу гэж Б.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг сайдаар томилоогүй” хэмээн шүүмжийг дайв. Тийм ч байж болох. Гэхдээ энд хоёр асуудал байна.

Нэгдүгээрт, хуульд зааснаар батлан хамгаалах салбар бол ерөнхий командлагчаас шууд хамааралтай босоо удирдлагатай бүтэц. Ингэхдээ төрийн цэргийн байгууллын төрийн захиргааны удирдлагыг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Засгийн газар, батлан хамгаалах, хил хамгаалалтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцах заалт бол мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штаб хариуцах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, батлан хамгаалах салбарын сайд зөвхөн төрийн захиргааны удирдлагыг томилох чөлөөлөх үүрэгтэй гэсэн үг.

Харин цэргийн мэргэжлийн дээд удирдлага буюу Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, орлогч даргыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилох хуулийн заалт бий.

Хоёрдугаарт, салбарын сайдын томилгоо улс төрийнх байдаг бол Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагынх цэвэр мэргэжлийнх байдаг. Салбарын сайд бол мэдээж бодлого тодорхойлж, чиглэх өгөх үүрэг хүлээнэ.

Харин мэргэжлийн удирдлага Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд цэргийн нийтлэг дүрмийн хэрэгжилт болон зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага хоорондын нэгдсэн ажиллагааг төлөвлөх, бэлэн байдлыг хангах хамтарсан сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөлтийг батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, цэргийн байгууллагын зэвсэглэл, техникийн харилцан уялдааг хангах, холбоо мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн удирдлагын цогц үйл ажиллагааг зохицуулдаг.

Мөн Ерөнхийлөгч Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна гэсэн Үндсэн хуульдаа заасан учраас Батлан хамгаалахын яам иргэний хяналтын үүрэг л гүйцэтгэдэг.

Иргэний хяналт гэдэг нь тухайн салбарт ямар техник тоног төхөөрөмж шаардлагатай байна түүгээр нь хангах, төсөв санхүүжилт олгох, батлан хамгаалах, цэргийн бодлоготой холбогдох асуудлаар хууль тогтоомж, бусад удирдамж баримт бичгийг батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгтэй гэсэн үг. Харин салбарын сайдын хувьд энэ бүх бодлогыг тодорхойлох, УИХ-д оруулах үүрэг хүлээдэг. Гэтэл мэргэжлийн дээд удирдлагаас нь бүрэн хамаарах хээрийн сургуулилтын үеэр гарсан осолтой салбарын сайдыг нь хамааруулж, огцруулах хүртэл арга хэмжээ авахыг ярьж эхэлсний цаана хэний ашиг сонирхол нуугдаж байгаа нь хачирхалтай биш байна гэж үү.

Уг нь Батлан хамгаалах гэсэн салбарт нь ач холбогдол өгч, түүн дээр нь улс төр хийгээд байгаа болохоос УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сайд бол намын томилгоогоор очсон улс төрийн албан тушаалтан. Тэр Батлан хамгаалахын сайд хэдий ч мэргэжлийн дээд удирдлага буюу Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагын томилгоонд оролцох эрхгүй. Тийм эрх нь ч хуульд байхгүй. Зөвхөн зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэх, батлан хамгаалах үйл ажиллагааны төсвийн төслийг Засгийн газарт оруулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах эрх салбарын сайдад бий. Харин мэргэжлийн дээд удирдлага буюу Зэвсэгт хүчний Жанжин штабын хувьд бол өөр.

Тэд цэргийн албанд татахаас эхлээд хээрийн сургуулилт, тэнд хэрэглэж байгаа галт зэвсэгтэй яаж харьцах, хэрхэн аюулгүй байдлыг хангах зэрэг мэргэжлийн талаас нь бүх асуудалд ханддаг. Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагын ялгаа ердөө л энэ.

Тэгэхээр албан үүргээ гүйцэтгэж явсан хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан ослын хариуцлагыг эхлээд Жанжин штабын удирдлагаас нэхэх зүйн хэрэг болов уу. Зэвсэгт хүчний Жанжин штабаас баталсан төлөвлөгөөний дагуу Тавантолгойд явж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургууль, байлдааны галт хэрэгслэл, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулахад бүрэн хяналт тавих нь мэргэжлийн дээд байгууллагын удирдлагаас шууд хамааралтай учраас тэр.

 

С.Сүлд
Эх сурвалж: Үндэсний шуудан

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …