Банкны салбарт 100 сая ам.долларын санхүүжилттэй хөтөлбөр хэрэгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Банкны зээлийн эргэн төлөлт доголдож, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэнээр зээлдэгчдийг санхүүжүүлсэн банкны төлбөрийн чадвар алдагдах, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаа доголдох бодит эрсдэл үүсдэг. Энэ бүхнээс үүдэн Засгийн газар  банкны салбарт бүтцийн шинэчлэл хийж, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нь.

Хөтөлбөрийн хүрээнд чанаргүй зээлийг шийдвэрлэх активын удирдлагын компани байгуулах, банкнуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоо нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, банкны хяналт шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг бодлогын 12 арга хэмжээ авах юм.

Банкны чанаргүй зээлийн үлдэгдэл өсч, 2016 оны байдлаар эргэн доголдолтой зээл нийт зээлийн 14.2 хувь буюу 1.7 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь өнгөрсөн оны эцэст өнгөрсөн зургаан жилийн хугацааны хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өөрчлөлт оруулахыг дэмжив

 Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо.

Нэг тэрбум ам.доллар хүртэл хэмжээний зээлийг БНХАУ олгох бөгөөд энэ зээлээр дэд бүтэц болон бусад салбарт төсөл хэрэгжүүлнэ. Зээлдэгч талын хүсэлт гаргаснаар зээлээр төслийн гэрээ тус бүрийн үнийн дүнгийн 95 хувийг санхүүжүүлэх зорилгоор ашиглана. Хэрэв төслийн гэрээнд төлөвлөх, худалдан авах ажиллагаа болон барилгын ажил тусгагдсан бол үүнийг зээлдүүлэгчийн санхүүжүүлэх хэмжээнд оруулж тооцно гэсэн утга бүхий нэмэлт өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байна.

БНХАУ-аас 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь долоон жил, зээлийн санхүүжилт 85 хувь, Засгийн газрын санхүүжилт 15 хувь байх зээл авах тухай ерөнхий хэлэлцээрийг талууд 2015 оны 11 дүгээр сард байгуулж, мөн сард УИХ соёрхон баталсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …