Намуудад оффшорт данстай гишүүдийнхээ нэрийг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө зарлахыг шаарджээ

Зураг

“Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”, “Ард түмний онц түр зөвлөл” ТББ-аас санаачлан “Оффшороос төрөө цэвэрлэе” жагсаал зохион байгуулсан.

Дээрх хоёр ТББ нь өнгөрсөн сарын 31-нд жагсаал хийж, татварын нэн хөнгөлөлттэй буюу оффшор бүсэд их хэмжээний мөнгө нуусан төрийн албан хаагчдад хариуцлага тооцох, мөнгийг буцаан авч ирэх шаардлагыг Төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн. Гэвч шаардлагыг хариуг өгөөгүй тул  дахин жагссан юм.

Жагсаалд МАХН, “Гал үндэстэн холбоо”, “Монголын хараагүйчүүдын холбоо” зэрэг 50 гаруй ТББ нэгдсэн юм. Мөн жагсаалд УИХ-ын гишүүн С.Жавхлан оролцож үг хэлсэн. Тэрбээр УИХ-д суудал бүхий нам эвслүүд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрохоос өмнө оффшорт данстай гишүүдээ ил зарлахыг шаардсан юм.

Мөн “Сонгуулиас өмнө оффшорчдоо зарласан, хариуцлага тооцсон, мөнгийг нь эх орондоо авч ирсэн намд Монголын ард түмэн алга ташин баяр хүргэх болно. Тэрнээс өмнө татвараа төлөхгүй, сонгуульд оролцохгүй байхыг уриалж байна. Би өнөөдөр дөрвөн шаардлага тавьж байна.

Нэгдүгээрт, УИХ-д сууж байгаа хилийн чанадад данстай гишүүдийн нэрсийг намаас нь санаачлага гарган татуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүнээс гадна намын гишүүдийнхээ хилийн чанадад байгаа мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр тодрохоос өмнө гаргаж ирэх. Гуравдугаарт, эрх баригч нам татварын асуудлыг эргэн харж буруу шийдвэрийнхээ төлөө ард иргэдээс нэн даруй уучлалт гуй.

Дөрөвдүгээрт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын зүгээс гаргаж буй алдаатай бодлогод  хориг тавь. Ирэх долоо хоногт хориг тавихгүй бол таныг монгол төр түмний эсрэг алдаатай бодлогыг дэмжсэнд тооцох болно” хэмээсэн юм.

Түүнчлэн, “Монгол төр сэтгэл буруу хүмүүсийн гарт орж, хэсэг бүлэг хүмүүсийг хаацайлах боллоо. Төрийн сэнтийд сууж баялгийг цөлмөж, хүний сэтгэл гаргачихаад олсноо гадаадад нууж байгаа хэсэг луйварчид, тэднийг хамгаалж байгаа бүлэглэлтэй тэмцье, монголчууд аа” гэжээ.

“Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр, “Монгол Улсад болж буй алдаа, завхарлыг залруулах бүтэн эргэлт удахгүй болно. Үүний эхлэл нь өнөөдрийн жагсаал. Монгол Улсын тусгаар тогтнол,  бидний хувь тавилан хутганы ирэн дээр байна. Зарим асуудлыг засч сайжруулаад л бүх зүйл сайхан болно гэдэг худлаа. Тэгэхээр энэ улс оронд бүтэн өөрчлөлт үгүйлэгдэж байна” гэв.

УИХ-ын чуулганаар саяхан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулиар төрийн албан хаагч болон түүний ах дүү, хамаатан садан, хамаарал бүхий этгээд оффшор бүсэд данс эзэмшихийг хориглосон. Гэвч уг хуульд одоо оффшорт данстай байгаа хүмүүст хариуцлага тооцох заалт ороогүй хэмээн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар шүүмжлэв. Тэрбээр, “Хууль батлагдсан өдрөөс хойш оффшор бүсэд мөнгө нуусан хүмүүст хариуцлага тооцох заалт орсон байна. Тиймээс хууль батлагдахаас өмнө оффшор бүст мөнгө нуусан хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна” гэв.

Оффшорт мөнгө нуусан иргэдэд хариуцлага тооцох, мөнгийг эгүүлэн татахгүй бол НҮБ-д хандана гэдгээ “Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн” ТББ-ийн удирдлагууд онцлов. Монгол Улс Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцид нэгдсэн. Конвенциар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улс “хар жагсаалт”-д бичигдэж, гадны хөрөнгө оруулалт, тусламж бүрэн зогсч, дампуурахад хүрэх магадлалтай юм. Тиймээс НҮБ-д хандахаас өмнө оффшорын асуудлыг бүрэн шийдвэрлэх шаардлагатай хэмээн хөдөлгөөний тэргүүн Б.Батсайхан хэллээ.

Жагсаалд оролцогчид “Оффшороос төрөө цэвэрлэе”, “Оффшорын мөнгө бол хулгайлагдсан баялаг”, “Оффшорчдод төр төмөр нүүрээ харуул”, “Дэлхий даяар оффшорчдыг шийтгэж байхад Монголын төр тэднийг өөгшүүлж байна” зэрэг уриа, лоозон барьсан байв. Эрх баригчид оффшорын эсрэг дорвитой алхам хийхгүй бол өлсгөлөн зарлахад бэлэн байгаагаа жагсаалд оролцож буй иргэд илэрхийлж байлаа. Түүнчлэн УИХ-аас баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хориг тавьж, гадаадад байгаа мөнгийг татах заалт оруулахыг Ерөнхийлөгчөөс шаардлаа.

Эх сурвалж: montsame.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн …