Өрхийн амьжиргааны түвшингийн судалгаагаар 501-дээш оноо авсан өрхийн хүүхдүүдэд хүүхэд мөнгийг олгоно

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан хэмээн онцолсон.

Сангийн сайд, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасныг танилцуулсан юм. /Сангийн сайдын хийсэн танилцуулгатай эндээс танилцана уу/

Сангийн сайдын хийсэн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, О.Баасанхүү, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, С.Чинзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд төсвийн зарлагыг бууруулах шаардлагыг ОУВС-аас тавьсан. Гэтэл салбарын сайдуудын урсгал зардал нэмэгдсэн талаар сүүлийн үед яригдаж байна. Үүнийг шалтгаан нь юу вэ хэмээн лавлаж байлаа. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн хэдэн хувьд олгох, хүнсний талоныг хэрхэн олгох талаар тодруулсан.

Сангийн сайд, бодит байдал дээр сайдын нарын урсгал зардлыг нийт 78 тэрбум төгрөгөөр бууруулж тусгасан гэдгийг дурдаад урсгал зардал өссөн мэт харагдаад буйн шалтгааныг тайлбарласан. Өмнөх онд хөрөнгө оруулалт хэд хэдэн эх үүсвэрээс санхүүждэг байсныг зогсоон Засгийн газар, Хөгжлийн банкны хоорондын өр авлага, тооцоог салгасан аж. Ингэснээр хөрөнгө оруулалт нэг эх үүсвэрээс буюу улсын төсвөөс санхүүждэг болж хуучин Хөгжлийн банкнаас санхүүжихээр тусгагдаад байсан зардлыг сайд нарын төсвийн багцад шингээн тусгасан нь зардал нэмэгдсэн мэтээр харагдуулаад байгаа гэлээ. Түүнчлэн Засгийн газар мах, сүүний аяныг эхлүүлэх болсонтой холбогдуулан үүнд шаардагдах урсгал зардал мөн салбарын сайдын төсөвт тавигдсан байна. Мөн ипотекийн зээлийн хүүгийн зардлыг төсөвт тусган оруулж ирсэн гэдгийг Сангийн сайд дурдсан.

Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, хамрагдах хүрээг аажмаар 40 хувьд хүргэн, Хүүхдийн мөнгөний хэмнэгдсэн хэсгийг хоолны талон олгох хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөсөн байна. Гэхдээ яг 40 хувьд гэж хэлэхэд хараахан эрт байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дуулгасан. Учир нь орон даяар явуулсан Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн  22.00 цагт дууссан байна. Энэ судалгааг нэгтгэж байгаа бөгөөд энэ судалгаагаар өрхийн мэдээллийн санг шинэчлэн, амьжиргааны түвшинг шинэчлэн тогтоох юм байна. Өрхийн амьжиргааг 0-1000 оноогоор дүгнэх бөгөөд 501-ээс доош оноо авсан өрхийн 0-18 насны хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгох аж. Судалгааны дүн гарсны дараа хэчнээн хүүхдэд хүүхдийн мөнгө, хүнсний талон олгох тоо тодорхой болно гэж тайлбарласан.

Мөн тэрбээр, нийгмийн салбарт зарцуулах хөрөнгийг зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөр хэрэгжих хугацаанд эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд эн тэргүүнд анхаарна гэдгийг дуулгасан.

Үүний дараа гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан Байнгын хорооны санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Мөн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Одоогоор нийт өрхийн 60 хувийг хамруулан олгож байгаа Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хамрах хүрээг дахин нарийвчилж зорилтот бүлэгт олгох, хамрагдаагүй үлдсэн хүүхдүүдэд 2019 оноос нөхөн олгох шийдвэрийг цуцлахаар тооцож “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах арга зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан аж.

Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголоор 2016 оны 7 дугаар сараас эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд буюу сард дунджаар 660 мянган хүүхдэд олгохоор төлөвлөсөн ба 2016 оны гүйцэтгэлээр сард дунджаар өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн хүүхдийн мөнгө авах 617 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг олгосон. Хүүхдийн мөнгөнд 2016 онд 223.2 тэрбум төгрөг батлагдаж 218.8 тэрбум төгрөгийнгүйцэтгэлтэй буюу 4.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 2018 онд нийт өрхийн 50 хувийг, 2019 оноос нийт өрхийн 40 хувийг тус тус хамруулахаар тооцсон ба 2018-2020 онуудад 28.8-187.2 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоо гараад байгаа бөгөөд Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хэмнэгдэххөрөнгийг одоогоор харьцангуй хязгаарлагдмал хүрээнд буюу 27 мянган өрхийн 150 мянга орчим хүнд хүргэдэг “Хүнсний талон”  хөтөлбөрийн хамрах хүрээ, багцын нэр төрлийг өргөжүүлж эмзэг бүлгийн орлого багатай өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглүүлнэ гэж тооцжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Я.Санжмятав, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж хариулт авсан. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааны дүн гарсны дараа дээрх тоо өөрчлөгдөнө хэмээн хэлж байлаа. Дараа нь тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны  санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …