Банк хоорондын валют арилжааны цахим талбарын үйл ажиллагаа эхэллээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ авах”-аар заасны дагуу Монголбанк Блүүмберг компанитай хамтран банк хоорондын валют арилжааны цахим талбарыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрүүлж байна.(Албан ёсны нээлт 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр болно)

Тус цахим талбарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд оролцох бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллага харилцагч банкаараа дамжуулан тус талбарт саналаа оруулах боломжийг олгосон.

Цахим талбарыг нэвтрүүлснээр банк хоорондын валютын зах дахь төлбөр тооцоо, мэдээллийн эрсдэлийг бууруулах бөгөөд спот ханш бүрэлдэх, валютын захын хүртээмж, ил тод, нээлттэй байдал нэмэгдэх, мэдээллийг Монголбанк цаг алдалгүй түргэн шуурхай авч, шаардлагатай үед зах зээлд оролцох, валют арилжааны нэгдсэн талбар бий болгох үндэс суурийг тавих зэрэг ач холбогдолтой.

Цахим талбарыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А-110 дугаар тушаалаар “Банк хоорондын цахим талбарт валют арилжаа хийх ерөнхий гэрээ”-г баталж, банкуудтай 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр тус гэрээг байгуулаад байна.

Гэрээнд заасан нөхцөл, шаардлагуудыг хангасан учир Монголбанкнаас Худалдаа, хөгжлийн банк болон Хаан банкийг 2017 оны 2 дугаар улирлын үндсэн дилерээр томиллоо. Ингэснээр дээрх хоёр банк нь тус цахим талбарт валют арилжаа идэвхтэй явуулах үүрэг хүлээх бөгөөд үндсэн дилер нэрийг ашиглах, “Гадаад валютын дуудлага худалдаа”-нд илүү саналын эрхтэйгээр оролцох зэрэг гэрээнд заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Цахим талбарт хийгдсэн арилжааны талаарх мэдээлэл (арилжааны хэмжээ, сүүлийн арилжааны ханш г.м)-ийг Блүүмберг терминалын MGRR цонхноос үзнэ үү.

2017 оны 2-р улирлын ҮНДСЭН ДИЛЕРҮҮД:

       

Жич: Цахим талбарын үндсэн дилерийг гэрээнд заасан шалгуурын дагуу сонгож, Монголбанкны веб хуудсанд улирал бүрийн эхний сарын 7-ны өдөрт багтаан зарлана.

Банк хоорондын валют арилжааны цахим талбар (2017/04/10):

Монголбанк

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …