Эмчийн зөвлөгөө: Эмийн зохистой хэрэглээ

АУ-ны доктор, Клиникийн профессор,  Тэргүүлэх зэргийн эмч Л.Дашиймаа  Эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөөг манай сайтаар дамжуулан  иргэд олон нийтэд хүргэсэн юм.

Орчин үед эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй нэн чухал асуудлын нэг нь эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх асуудал юм.

Монгол улс 1990-ээд оноос Үндэсний эмийн бодлогоо боловсруулан хэрэгжүүлж байгаа ба энэхүү бодлогын гол агуулга нь эмийн зохистой хэрэглээг практикт хэвшүүлэхэд чиглэгдэж байна. Энэ үйл ажиллагаанд нэг талаас эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нөгөө талаас эм хэрэглэгч ард иргэд хамрагдана гэж үзэж болно.

Үндэсний эмийн бодлогын хүрээнд эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүд эмийн зохистой хэрэглээний орчин үеийн арга зүйд суралцаж зохих амжилтыг олж байгаа боловч эмийн зүй бус хэрэглээ ноёрхсоор байгаагийн нэгэн шалтгаан нь иргэдийн эм хэрэглэх гэсэн хүсэл сонирхол ихэссэн, эмнэлгийн мэргэжилтний зөвлөгөөгүйгээр өөрсдөө шийдэн гэрээр эм хэрэглэж байгаа явдал юм. Энэ нь эмийн гаж нөлөө, эмийн хордлого олонтаа  тохиолдох нэгэн шалтгаан болж байна.

  Судалгаанаас харахад Улаанбаатар хотын хэмжээнд жилд ойролцоогоор 400 гаруй хүн эмийн цочмог хордлогын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг байна. Үүнээс харахад эмийн эерэг болон сөрөг талыг ард иргэдэд ойлгуулах  замаар  шаардлагагүй үед эмчийн зөвлөмжгүйгээр өөрсдөө дур мэдэн эм хэрэглэх явдлыг цөөрүүлэн тэдний эрүүл мэндийг эмийн сөрөг нөлөөнөөс хамгаалах, зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Тиймээс өнөө үед иргэдийг эмийг зөв сонгон хэрэглэж чаддаг болгоход сургах замаар эмийн  зохистой хэрэглээг иргэдийн дунд төлөвшүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.

Эмийн зохистой хэрэглэхийн тулд:

  • Тухайн өвчинг тохирох эсэх
  • Хувь хүний биеийн онцлог
  • Эмийн тун хэмжээг зөв тооцох
  • Эм хэрэглэх аргыг мэддэг байх
  • Эмийн хэлбэрийг оновчтой зөв сонгох
  • Сонгож авсан эмээ зааврын дагуу зүй зохистой хэрэглэх
  • Хэрэглэж буй эмүүд өөр хоорондоо тохиромжтой эсэх
  • Хоол хүнс, дэглэмийг эм хэрэглээтэй хэрхэн уялдуулах
  • Хийж буй эмчилгээний үр дүнг зөв тооцох
  • Эмийг хууль эрхийн баталгаат үндэслэлээр хэрэглэх
  • Эмийг насны онцлог, жирэмсэн ба хөхүүл үе гэх мэт онцгой тохиолдолд зөвөөр хэрэглэх зэрэг олон асуудал дээр тулгуурлан хэрэглэнэ.

Иймээс ард иргэд энэ  бүхнийг оновчтой шийдэх бололцоо бага тул зайлшгүй эмчийн зөвлөгөө баримтлах нь зүйтэй юм.

Эмийн зохистой хэрэглээ яагаад шаардлагатай вэ гэвэл:

   Эм нь элдэв өвчнийг эдгээх, түүний хор нөлөөнөөс хамгаалах, өвчнөөс сэргийлэх, зовиур шаналгааг хөнгөвчлөх ач холбогдолтой хэдий ч буруу хэрэглэвэл эм бүхэн нэгээс хэд хэдэн сөрөг хортой нөлөө үзүүлж болно.

Энгийн жишээнээс дурьдахад стрептомицин хэмээх антибиотикийн тунг  хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн сонсголын мэдрэлийг эргэшгүйгээр гэмтээх ба одоо дэлхий даяар аль нэг эрхтэний төрөлхийн согогтой төрж буй хүүхдийн 5% орчим нь эмийн сөрөг нөлөөнөөс болжээ.

Сүүлийн жилүүдэд манай оронд эмийн хордлогоос болж  эрүүл мэндээ хохироох явдал өсч байгаа ба үүний шалтгааны дийлэнхийг ард иргэд эмийг гэр орондоо буруу хадгалах, өөрсдөө эмнэлгийн мэргэжилтний зөвлөгөөгүйгээр дур мэдэн эм хэрэглэх явдал эзэлж байна.

Манай орны ард иргэдийн эмийн хэрэглээг бусад оронтой харьцуулбал харьцангуй их хэрэглэдэгийн дээр (жишээ нь 1992 оны судалгаагаар тухайн онд манай оронд хэрэглэсэн витамин С-ийн хэмжээ тухайн онд Энэтхэг оронд хэрэглэсэн уг эмийн хэрэглээтэй тэнцүү байжээ. Энэтхэг улс манай улсаас 500 дахин олон хүнтэй гэж үзвэл бид тэднээс 500 дахин их эм хэрэглэж байгаа ажээ) өөрсдөө дур мэдэн хэрэглэх, (ялангуяа антибиотик, дуслын шингэнүүд, витаминууд болон олны дунд нэрд гарч байгаа эмүүд хэрэглэх сонирхол ихтэй байдаг) нь эмийн зохистой хэрэглээ амьдралд хэрэгжихэд бас сөргөөр нөлөөлж байгаа юм.

Өнөөдөр дэлхий дээр 30000  орчим эм хэрэглэгдэж байгаа бөгөөд нэг эм нэгээс хэд хэдэн сөрөг нөлөө үүсгэдэг болохоор эмийг буруу хэрэглэснээс болж үүсэх сөрөг нөлөө хичнээн их болох нь харагдаж байна.

Иймээс эмийн зохисгүй хэрэглээнээс эмийн гаж нөлөө, эмийн хордлого, өвчин үүсгэж буй бактер антибиотикт тэсвэржих /дасах/  зэрэг сөрөг нөлөөнүүд орчин үед ихсэж  дэлхийн нийтийн анхаарлыг татсан асуудлын нэг болж байгаа бөгөөд сүүлийн үед түүний тохиолдол ихэсч байна хэмээн судлаачид мэдээлж байна.

Бактер антибиотикт тэсвэржих ихэссэнтэй холбоотойгоор ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага)-с Антибиотикийг эмчилгээнд  зохистой хэрэглэхийг төлөвшүүлэх тал дээр ихээхэн анхааруулга гаргадаг төдийгүй 2016 онд ДЭМБ, ДХХ (Дэлхийн хэрэглэгчдийн холбоо)-оос иргэд Антибиотикийг хоол хүнсээр (мах түүний дотор түргэн хоолны газрын бэлэн хүнсний бүтээгдэхүүнүүд) дамжуулан хэрэглэснээс ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа учир антибиотикийг  хоол хүнсээр  хэрэглэхээс татгалзах талаар анхааруулга гаргасан нь антибиотикийн зохисгүй хэрэглээг багасгах төдийгүй иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чухал алхам болно.

Эмийн гаж нөлөө гэж юу вэ:

Эм  болгон нэгээс  олон тооны гаж нөлөөтэй байдаг ба гаж нөлөө нэг зэрэг олон эм хэрэглэх үед бүр ч ихэсдэг. Нэг эмийг хэрэглэж буй үед эм хэрэглэгчдийн 18-20%-д нь эмийн гаж нөлөө илэрдэг бол 2 эмийг хэрэглэх үед энэ тоо 40%-д , 3 эмийг хэрэглэх үед 68% хүртэл, 6-с олон эм хэрэглэж буй үед 100%-д хүрдэг байна.

Аливаа эмгэгийг эмчлэх зорилгоор эм хэрэглэхэд өвчтөнд ашиг тустай эмчилгээний үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ заримдаа сөрөг бүр хортой нөлөө үзүүлэх явдал ч  байдаг. Үүнийг эмийн гаж нөлөө гэж үзнэ.

Эмийн гаж нөлөө ихэсч байгаагийн шалтгаан нь:

  • Цэвэр нийлэг бодис агуулсан эмийн тоо олширох
  • Өвчтөн өөрийгөө эмчлэх буюу эмчийн зөвшөөрөлгүйгээр эм хэрэглэх нь ихсэх(Хүүхдэд эм хэрэглэж байгаа нийт тохиолдлын 36-40%, насанд хүрэгчдийн 70% орчим нь эмчийн жоргүй өөрсдийн дураар эм хэрэглэдэг байна).
  • Өвчтөн нэг удаа олон нэр төрлийн эмийг хэрэглэх  (нэг өвчтөнд 3-с илүү эм хэрэглэхгүй байх)
  • Ард иргэдийн эмийн гаж нөлөөний талаарх мэдлэг хангалттай бус байх (Өөрөөр хэлбэл эм бүхэн хортой гэдгийг тэр болгон мэдэхгүй байгаа учраас болгоомжлох хандлага төрөхгүй байх) зэрэг нөлөөлнө.

Мөн бактерийн эсрэг нөлөөт эмүүд ялангуяа антибиотикийг эмчийн заавараар бус иргэд дур мэдэн шаардлагагүй тохиолдолд хэрэглэх, буруу тунгаар, удаан хугацаагаар хэрэглэсний улмаас бие махбодийн ашигтай болон ашиггүй бактерийн  тэнцвэрт байдал алдагдах нөлөө илэрч болно.

Жишээ нь ямар нэг антибиотикийг зохисгүй хэрэглэснээс  өвчин үүсгэгч бактерийг устгахын зэрэгцээ хүний гэдэсний ашигтай бактерийг нэгэн адил устгаснаас шалтгаалан нөхцөлт эмгэг төрөгч мөөгөнцөрүүд өсч үржээд мөгөөнцөртөх буюу кандидомикоз үүсч болно.

Иймээс иргэд эмийн гаж нөлөөнөөс сэргийлэхийн тулд эм хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаарах нь зүйтэй.

  • Шаардлагагүй үед эм хэрэглэхгүй байх өөрөөр хэлбэл эм хэрэглэх тохиолдлыг аль болох багасгах
  • Нэг дор олон эм хэрэглэхээс зайлсхийх
  • Донтол үүсгэх нөлөөтэй эмийг дахин давтан эмчийн зөвлөгөөгүй хэрэглэхгүй байх
  • Эмийн үйлдлийн зэрэгцээ гаж нөлөөг мэддэг байх
  • Эмийг хэрэглэхдээ урьд нь ямар эм хэрэглэж байсан ямар нэг эмийн харшил илэрч байсан эсэхээ сайтар эргэн санаж, хэрэв тийм эм байгаа бол түүнийг давтан хэрэглэхээс болгоомжлох
  • Эмийг эмчийн жороор авах ба эмийн сангаас эм авахдаа тухайн эмийн гаж нөлөөний талаар асууж лавлаж зөвлөгөөг мөрдөж хэрэглэх
  • Чанарын баталгаатай эм хэрэглэхийн тулд улсын бүртгэлд орсон эмийг хэрэглэх, эмийн чанарын баталгааг илэрхийлэх зарим нэг үзүүлэлтийг мэддэг байх (Эмийн олон улсын нэр, худалдааны нэр химийн бүтэц, эмийн заавар аль болох олон хэл дээр бичигдсэн бол уг эм нилээд олон оронд хэрэглэгддэг болох зэрэг нь уг эмийн чанарын баталгааны үзүүлэлт)
  • Эмийн хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг гадна талын хаяг, хайрцаг дээрээс харах
  • Эмийн сангаар худалдагдаж байгаа аливаа эм нь Мэргэжлийн хяналтын лабораториор шалгагдсан байдаг ба түүний чанарыг шалгасан материалыг эмийн сангаас үзэж болох
  • Шинэ эм худалдааны зорилгоор сурталчилж байгаа, хүмүүсийн дунд мэргэжлийн бус хүнээр ам дамжин нэрд гарч байгаа болон өндөр үнэтэй эмийг сонирхон авч хэрэглэхгүй байх зэрэг юм.

Бактер антибиотикт тэсвэржих

   Сүүлийн жилүүдэд антибиотикт тэсвэртэй бактерууд өсөж байгаа нь өнөө үед антибиотикийг хэрэглэхдээ эмчид үзүүлэн эмчийн заавараар бактериологийн шинжилгээнд тулгуурлан хэрэглэснээр зөв оновчтой эмчилгээ болох төдийгүй  эдийн засгийн хэмнэлт гарах алхам болох юм.

Иймээс өвчин үүсгэгч бактер антибиотикт тэсвэржилт үүсгээд байгаа дараах зүйлсийг анхаарах нь зүйтэй. Үүнд:

  • Ердийн ханиад болон шаардлагагүй үед антибиотик хэрэглэхгүй байх
  • Антибиотик эмчилгээ эхэлсэн бол хэрэглэх хугацааг гүйцээж хэрэглэх
  • Антибиотикийг зөв сонгох
  • Иргэд өөрсдөө дур мэдэн антибиотикийг зохисгүй хэрэглэхгүй байх
  • Бактериологийн шинжилгээнд тулгуурлан антибиотик эмчилгээг хийх
  • Хүнсээр антибиотикийг хэрэглэхээс зайлсхийх  зэрэг болно.

Эмйин сангаас эм авахын ач холбогдол:

Эмийн сан түүний салбар худалдаа нь чанарын шинжилгээ хийгдсэн баталгаатай эмийг авч ард иргэдэд үйлчилдэг.

Эмээс шалтгаалсан  сөрөг нөлөө гарсан  тохиолдолд хэн буруутныг олж тогтоох, цаашдын сөрөг тохиолдолоос сэргийлэх бололцоотой. Иймд эмийн сангаас эмчийн жороор эм авч хэргэлэх

Эмийг хэзээ яаж хэрэглэх вэ?

Эмийг зайлшгүй эм хэрэглэх шаардлага гарсан тохиолдолд л хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл эмийн бус эмчилгээгээр бүрэн засах боломжгүй буюу яаралтай тусламж шаардлагатай болсон үед хэрэглэнэ гэсэн үг. Харин эмийг өдөрт хэдэн удаа, хэдийд, ямар тунгаар   хэрэглэхийг зөвхөн эмчээс л асууж заалгах нь зүйтэй.

Эмийг хоол ундтай хэрхэн зохицуулан хэрэглэх вэ ?

Ууж хэрэглэх эмийг хоол, ундтай зөв уялдуулан хэрэглэх шаардлагатай байдаг. Ууж хэрэглэх эмүүд түүний дотор шахмал, үрэл нунтаг, хатуу эмийн хэлбэрүүд нь дийлэнхдээ ходоодны хүчлийн нөлөөгөөр уусамхай байдалд шилжиж байж  гэдэсний ханаар шимэгдэн цусанд орох тул дийлэнх эмийг өлөн үедээ уух нь зүйтэй ба өлөн үед уух боломжгүй эмүүд бас бий. Иймээс  эмийг зөвхөн эмчийн зөвлөмжөөр хэрэглэх нь чухал.

Ямар эмийг гэрээр хэрэглэж болох вэ?

Эмийг хэрэглэх, олгох байдлаар нь жоргүй олгох эм, жороор олгох эм, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм гэж ялган үзэн боловч эмийн сангаас жоргүй олгож болох эмийг иргэд өөрсдөө  эмийн санчаас зөвлөгөө авч хэрэглэж болох ба жороор олгох эмийг эмчид үзүүлэн жор бичүүлж эмийн сангаас авна. Харин эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг зөвхөн эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эмчийн хяналтанд хэрэглэнэ.

Эмийг гэртээ хэрхэн зөв хадгалах вэ?

Эмийн чанар, үйлдэл ба хортой нөлөө нь эмийг зөв хадгалсан эсэхээс ихээхэн шалтгаалдаг учир иргэд дараах зөвлөмжийг анхаарах хэрэгтэй байдаг. Үүнд:

  • Аливаа эмийг хэрхэн хадгалах арга нь түүний савны гадна талд бичигдсэн байх тул түүнийг баримтлан хэрэглэнэ.
  • Ихэнх эмийг сэрүүн, нарны болон хурц гэрэл шууд тусахгүй харанхуй газар хадгална.
  • Эмийг хүүхэд авах боломжгүй газар хадгалах ба хэрэв хүүхэд хүрэх газар хадгалснаас хүүхэд сонирхон ууж хордох тохиолдол элбэг байдгийг ямагт санах
  • Эмийн санд найруулсан уусмал эмийг 4 хоногоос илүү хугацаагаар хадгалахгүй байх
  • Нэр тун хэмжээ хадгалах хугацаа нь тодорхойгүй ба хугацаа дууссан эмийг хадгалахгүй устгах
  • Эмийг гэртээ нөөцлөн хадгалах шаардлагагүй.

Эмийг хавсруулан хэрэглэж болох уу?

Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд цөөн тооны эмүүдийг эмчийн зөвлөмжөөр хавсруулан хэрэглэж болдог.

Хоёр болон түүнээс дээш эмийг хамт хэрэглэхэд тэдгээр нь бие биеийнхээ эмчилгээний нөлөөг дэмжих буюу бас саатуулж болно. Хэрэв бие биеийнхээ үйлдлийг дэмжиж байвал түүнийг дэмжих буюу адилцах(синергизм), саатуулж байвал сөргөлцөх үйлдэл/ (антагонизм) гэдэг. Эмчилгээний практикт эмийн бие биеэ дэмжих үйлдэл нь эмийн зохистой хэрэглээний талаасаа  ач холбогдолтой  байдаг.

Иймээс эмийг хослуулан хэрэглэхийг  та зөвхөн эмчийн заавараар хэрэглэнэ. Эм нь тохиромжтой тунгаар хэрэглэвэл эм болох бөгөөд тунг хэтрүүлэн буруу хэрэглэвэл хор болно зарчмыг ард иргэд та бүхэн ойлгон эрүүл мэндээ хамгаалах нь чухал юм.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …